sonin.mn
Гацууртын ордыг ашиглахыг, мөн “Урт” нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулсныг эсэргүүцэн өлсгөлөн зарлаж байсан “Босоо хөх монгол” бүлгэм, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний төлөөллийнхөн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
Өлсгөлөн зарласан иргэд  “Хоёрдугаар сарын 24-нд 24.00 цаг өнгөрч байхад цагдаа нар хүрч ирж, биднийг албадан эмнэлэгт хүргэсэн. Тийм байтал цагдаагийн газраас сайн дураараа өлсгөлөнгөө зогсоосон гэж мэдээлж байгаа нь ташаа.
 
Бидний бие сайн байгаа. Цагдаагийнхан дээрх ажиллагааг зохион байгуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн тул түүндээ хариуцлага хүлээх ёстой” гэв. Тэд мөн “Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга н.Батбаатарыг Авлигатай тэмцэх газарт шалгуулна” гэж хэвлэлийн хурлын үеэр хэллээ.
 
“Босоо хөх монгол” бүлгэм, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн одоо өлсгөлөнгөө албан ёсоор зогсоогоод байгаа гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ тэд тэмцлээ зогсоохгүй гэдгээ онцлоод, ирэх гуравдугаар сарын 1-нд Чингисийн талбайд олон нийтийг хамарсан тайван жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн гэв.
 
Хөдөлгөөний тэмцэгчдийн нэг болох Н.Цэрэннадмид “УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг биднийг 500 мянган төгрөгөөр өлсөж байгаа гэж ярьсан нь гүтгэлэг. Тиймээс 500 мянган төгрөгөөр өлсөж байгаа гэдгийг нотолж чадахгүй тохиолдолд ингэж хэлсэн гишүүн хариуцлагаа хүлээх ёстой” гэдгийг онцлов.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг