sonin.mn
“Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр стратегийн ордод төр хувь эзэмших, эсвэл түүнтэй дүйцэх хэмжээний төлбөрийг жил бүр авч байх сонголттой болсныг Уул уурхайн сайд  Р.Жигжид онцлов.
 
Тодруулбал Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ордод төр эзэмшсэн хэмжээндээ хүртэх ногдол ашигт дүйцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тусгай нөөц ашигласны төлбөрөөр авах сонголтыг нэмж оруулсан. Энэ нь ашигт малтмалын нөөц ашигласны буюу роялти дээр нэмж авах төлбөр юм.
 
Дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар тухайн төслийн үйл ажиллагаа сунжрах, зардал, хөрөнгө оруулалт ашигт малтмалын үнийн уналтаас  шалтгаалан алдагдал хүлээх зэрэг эрсдэлд төр өртөхгүй ногдол ашгаа урьдчилан авах боломж бүрджээ.
 
Түүнчлэн салбарын сайд Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталснаар усны сан бүхий газрыг 200 метрээр тооцож тусгай зөвшөөрөл эзэмшиж буй газруудаар нөхөн сэргээлт нөхөж хийлгэхээр болсныг тодотголоо.
 
Тухайлбал гол мөрний урсац бүрэлдэх эхэд хайгуул ашиглалтын аль алиныг бүрмөсөн хориглосон бол ойн сан бүхий газарт ашиглалт явуулбал нэг мод огтолж 10-аас доошгүй мод тарьж нөхөн сэргээхээр зохицуулсан байна. Нөхөн сэргээлтэд зарцуулах зардлыг тухайн аж ахуйн нэгж 100 хувь урьдчилан байршуулж, хэрэгжилтэд нь төр хяналт тавих аж. 
 
Уул уурхайн сайд Р.Жигжид ярихдаа, “Урт нэртэй хууль”-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль хэрэгжсэнээр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэж, цаашид дээрхи хуулиар хориглосон бүсэд тусгай зөвшөөрөл олгохгүй бөгөөд геологи уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхгүй болох юм.
 
“Урт нэртэй хууль”-ийг огтхон ч хөндөөгүй, харин ч уг хуулийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл заалт өөрчлөгдсөн гэдгийг дахин онцлон тэмдэглэе” гэлээ.
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг