sonin.mn
   Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “ITB Berlin-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн талаар өнөөдөр /2015.02.25/ мэдээлэл хийлээ.
 
 
Тэрээр, жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус үзэсгэлэн 3 дугаар сарын 3-8-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдах бөгөөд энэ жил Монгол Улс тус үзэсгэлэнгийн Түнш орны онцгой эрхтэйгээр оролцох гэж буйг онцлов.
 
Энэ удаагийн үзэсгэлэнд 190 орны 10000 гаруй байгууллгын 170 гаруй мянган хүн оролцох статистик мэдээлэл гарсан бол Монгол Улсаас 16 тур оператор, 50 гаруй аялал жуулчлалын байгууллагын 300 гаруй төлөөлөл оролцохын зэрэгцээ соёл, урлагийнхан оролцоно.
 
Үзэсгэлэнгийн үеэр аялал жуулчлалын хөгжлийн талаар семинар, хэвлэлийн бага хурал зэрэг олон арга хэмжээг Монгол Улс зохион байгуулна хэмээн УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол онцлон тэмдэглэв.
 
Өнөөдөр зөвхөн байгалийн баялгаас шалтгаалж буй эдийн засгаа "солонгоруулахад" аялал жуулчлалыг хөгжүүлж, Монголыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх нь чухал юм. “ITB Berlin” олон улсын үзэсгэлэнд Түнш орноор оролцсоноор тухайн орныг зорих  жуулчдын урсгал 15-30 хувь нэмэгддэг гэсэн судалгаа байдаг.
 
 
Монгол Улсын Засгийн газар 2016 онд Монголд ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт тавьжээ. Сүүлийн жилүүдийн тоо баримтаас харвал 2013 онд 417 мянга, 2014 онд 392 мянган жуулчин Монголд ирсэн байна.
 
Хэвлэлийн хуралд БОНХАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргад, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Х.Мандахцэцэг, БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.