sonin.mn
УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.02.25/ Японы Эдийн засгийн байгууллагуудын Холбоо /КЭЙДАНРЕН/-ны Ази, Номхон далайн хорооны дарга Т.Эгашира бараалхав.
 
Ноён Т.Эгашира энэ үеэр хэлэхдээ "Эрхэмсэг ноён З.Энхболд Таны цаг зав гарган уулзаж буйд талархаж байна. Японы эдийн засгийн байгууллагуудын холбоо хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, танай улстай хамтран ажиллах хүсэлтэй байна. Сүүлийн үед хоёр орны харилцаа улам эрчимтэй хөгжиж буй нь харилцааны суурь үндсийг батлуулж байгаа билээ. Хоёр орны Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт Япон болон Монголын тал гарын үсэг зурсан.
 
Танай улсын хувьд анхны Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Япон Улстай байгуулсанд ноён З.Энхболд Таны болон танай парламентын гишүүдийн хувь нэмэр их билээ. Хэлэлцээрийг байгуулснаар цаашид эдийн засгийн харилцаа улам хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
 
Монгол Улсын экспортын 80 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн салбарт Японы компаниуд хамтран ажиллах хүсэлтэй байгааг танд уламжилья. Японы хувийн хэвшлийн хувьд Монголд зөвхөн бизнесийн түншлэлийг тогтоохоос гадна мөн удирдлагын болон менежментийн, “Ноу-Хау” нэвтрүүлэх талаар хамтран ажиллах хүсэлтэй байна.
 
Мөн Улаанбаатар хотноо “Жайка”-ийн төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа явуулдагаас гадна Япон, Монголын төвөөр дамжуулан иргэдэд менежментийн болон удирдлагын сургалт явуулж байна. Энэхүү сургалтад одоогийн байдлаар давхардсан тоогоор 11000 мянган хүн хамрагдсан" гэдгийг УИХ-ын даргад танилцууллаа.
 
УИХ-ын дарга Японы Эдийн засгийн байгууллагуудын Холбоо /Кейданрен/-ны Ази, Номхон далайн хорооны дарга Т.Эгаширад хандан, нэр хүнд бүхий Японы КЭЙДАНРЕН байгууллагын удирдлагатай уулзаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлээд, Япон Улстай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг, Монгол Улс хоёр талын харилцаанд улс төрийн өндөр ач холбогдол өгдөгийг онцлов.
 
 
Хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн зарчмаар өргөжин хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа  дурдаад цаашид хувийн хэвшлийн харилцаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар хоёр орны эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах эрмэлзэлтэй байна.
 
Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) нэн чухал ач холбогдолтой болохыг харгалзан  хэлэлцээрт Ерөнхий сайдын айлчлалын үеэр гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Их Хурал соёрхон баталлаа. Япон Улсын парламент соёрхон батална гэдэгт итгэлтэй байна.  
 
Цаашдаа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр ашгийг хүртэх хүмүүс болох Япон, Монголын хувийн хэвшлийнхний үйл ажиллагаа идэвхжинэ гэдэгт итгэл найдвар тавьж байна. Хамгийн нөлөө бүхий компани, салбарын холбоод гишүүнээр элссэн байгууллага болох Кэйданрэн энэ талаар тодорхой ажил зохион байгуулахыг хүслээ.
 
Монгол, Япон улсууд ардчилал, зах зээлийн нийгмийн тогтолцоотой учир хувийн хэвшлийг дэмжих нь чухал гэж үздэг. Хоёр орны хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал юм.
 
Монгол Улсын ирээдүйн хөгжилд аж үйлдвэржилт асар чухал. Монгол Улсын үндэсний хөгжлийн үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлэхэд аж үйлдвэржилт түүний дотор 1-д, техник, технологи, 2-т, боловсон хүчний сургалт, 3-т, хөрөнгө оруулалт гэсэн хөгжлийн хүчин зүйлсийн хөгжил нэн чухал байна.
 
КЭЙДАНРЕН байгууллага Монгол Улсын аж үйлдвэрлэлийн салбарын хөгжилд ямар хувь нэмэр үзүүлж болох талаар судалгааны хэсэг илгээж, Японы дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаад зах зээлд гаргах, маркетингийн  дэмжлэг үзүүлэхэд  чиглэсэн харилцан ашигтай хамтын ажиллагааны мега төсөл хэрэгжүүлэх зэрэг бодит санал санаачилга гарган ажиллахыг та бүхнээс хүсье.
 
Монгол Улс эрдэс баялгийн их нөөцтэй, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртгийг нь сайжруулах нь өнөөгийн хөгжлийн чухал түлхэц юм.  Японы Засгийн газрын  дэвшүүлсэн японы шилдэг техник, технологийг гадаадад экспортлох тухай “Күүл Жапан” бодлого, мөн хүлэмжийн хийг бууруулах тухай “Хөгжлийн цэвэр механизм” санаачилгын хүрээнд байгаль орчны нөхөн сэргээлт, цэвэр технологи нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах болон бусад олон чиглэлээр нягт хамтран ажиллах хүсэлтэй байна.
 
Хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, экспортын чиг баримжаатай болон импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, ажлын байр бий болгох зэрэг зорилтын хүрээнд хөрөнгө оруулалтыг татах, боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулахад японы техник технологи, ноу-хау, бизнесийн туршлага, менежментийг судалж ашиглах чиглэлээр КЕЙДАНРЕН болон түүний гишүүн компаниудтай цаашид ч нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд онцлон тэмдэглэв.
 
Япон Улсын компаниудтай зүүн чиглэлийн төмөр зам барих чиглэлээр хамтран ажиллах, мөн түүхий ноолуурыг боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Японы өндөр технологийг нэвтрүүлэх сонирхолтой байгааг танилцуулав.
 
Монгол Улс нь дэлхийн түүхий ноолуурын 40 хувийг зах зээлд нийлүүлж буй хэдий ч зөвхөн 10 хувийг нь дотооддоо боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Иймээс цаашид энэхүү 40 хувийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоход Японы технологи чухал болохыг хэллээ.
 
Бараалхалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.