sonin.mn
“Хаана яваа бол доо тэр минь” гэхээр хайрын дуу дуулаад унах нь гэж битгий эндvvрээрэй, эрхэм уншигч минь. Өнөөдөртөө Монголын улстөр дугхийж, эрхэм төрийн тvшээд тал бvр тийш таран одож, таахалзтал жаргалаа эдэлцгээж яваа.
 
Эрчvvд нь өдийд хөдөөгийн уул талаар хууль сурталчлах, иргэд сонгигчидтойгоо уулзах нэрээр Увс, Ховд,Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Төв, Хэнтий, Сvхбаатар, Дорноговь гээд өргөн уудам Монгол нутгийнхаа ар, өвөр, хормой бэлээр нь цас манаруулж, салхи исгэрvvлсэн шиг хээрийн боохой, дэрсний гахай, талын зээр, гөрөөс хөөцөлдөн давхиж, нvд нь гялалзаж, цөс нь буцлаад эр хvний жаргалыг эдэлж яваагаас зайлахгvй.
 
Зарим нэг нас залуу, цус шингэн эрхмvvд нь хөвч тайгын эзэн, майга бор унагачихаад дуран хараатай бууныхаа улайсч халсан гол төмрийг долоочих нь холгvй хөхиvн баяртай зогсож байж ч мэдэх л юм.
 
Улаанбаатарын өвлийн нvvгэлтсэн саарал утаанд харшилтай бусад нь Номхон далайн шорвог усанд чөргөр хөлөө дvрж, цvдгэр гэдсээ алгадсан шиг, малилзтал инээгээд зогсож байгаа гэдэгтэй мөрийцчихөд хол зөрөхгvй. Яагаад гэвэл хэдхэн жилийн өмнөхөн яг ийм нэг өвлийнхөө амралтаар зантайтал сайхан зураг хөргөө татуулсан нь цахим ертөнцөөр нэг тарж, буух эзэнтэй, буцах хаягтайгаа ил болсон удаатай. 
 
Харин давхар дээлтэй С.Баярцогт, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, С.Эрдэнэ зэрэг сайдууд хаврын урь орсон энэ өдрvvдэд “Дан дээлтэй байх минь ч яалаа” хэмээн духандаа бурзайсан хөлсөө шударчихаад Засгийн газрын хуралдаан орохоор цvнхээ сугавчлан яаруухан гvйж яваа нь хааяа нэг харагдаад байгаа.
 
Ангийнхан нь шавайгаа ханатал амарч, зугаалж, алжаал ядралаа тайлж байгаа энэ цаг vед давхар дээлтэй сайдууд муу хөлсөө дуслуулан өглөө хар vvрээр гэрээсээ гарч, vдшийн бvрийгээр гэрийн бараа харж байгаа нь нэг талаар он удаан жил олбог суудалд шигдэж, оёг хуучтай болсон биеийг нь илааршуулах нэг төрлийн анагаагч эм болж байгаад талархвал зохилтой. 
 
Гэтэл УИХ-д шигдсэн болгон сонгуулийн тойргоос тvмэн олныхоо хvндлэл хайр, захиа даалгаврыг тэвхийтэл нь өргөн босоод ирэх санал хураалтаас шалгаран гарч ирэлгvй, намын буян, даргын хаялгаар сvнгэнэтэл давхиад ороод ирсэн шидтэй болохоор өвөл, зуны амралтаар очоод золгох, тэврvvлээд vнсvvлэх, зарим vед хоёр чихээ улайтал зэмлvvлэх сонгогчидгvй ичмээр дамшигууд хэд бий.
 
Тэдний зарим нь насных нь амьдралыг нар шиг гийгvvлсэн энхрий хайрт даргаа зугаацуулсан шиг бөхийн өргөөний хойморт заларч суусан бол арай ахимаг хэсэг нь нам, намынхаа найр наадмын голд заларч, баруун солгойгvй золголт хийцгээж харагдсан. Ганц нэг нь хэнз, нялх эхнэр хvvхдээсээ алхам ч холдохыг хvсэхгvй, Нял богд шиг гэрийнхээ хоймортоо ханхайж суугаа нь тодорхой. 
 
Харин УИХ-ын хуралдааны танхимыг шингэн дуу, налирхай аалиараа зөөллөж суудаг 11 бvсгvй төрөлтөн чухамдаа арван хэдэн өнгө будагтай зам мөр дуурайлган аялж, зугаалж, арчиж зvлгэж яваа.
 
Арчиж зvлгэхээс аль болох зугатах учиртай өвлийн амралтын энэ хэдэн хоногт Д.Арвин хатан удахгvй vvдээ нээх Баянзvрхийн төрөх эмнэлгийн хана, туургыг арчиж зvлгэж, угааж мушгиад жигтэйхэн завгvй харайлгаж яваа нь харагдаад өнгөрсөн.
 
Д.Арвин гишvvний хувьд өөртэй нь байнга нэр нь холбогдож, идсэн ууснаар нь нэр төрийг нь сэвтvvлээд байдаг Баянзvрх дvvргийн төрөх эмнэлгийн шинэ барилгын хана, туургыг арчиж зvлгэхгvй бол амьтан хар нvгэл болно. Тийм ч учраас толгойдоо алчуур зангидаж аваад, хамаг чадлаа гарган хар тэнхээгээрээ арчсан, зvлгэсэн. 
 
Л.Эрдэнэчимэг гишvvн Цагаан сараар баахан биелэн бvжиглэж, уян наалинхай аашаараа бага шиг сурталчилгаа хийгээдэх гэсэн биш цахим ертөнцөөр хэсэгхэн гөвшvvлээд авсан. Удалгvй хайрт нөхрийг нь “Төсвийн мөнгөнөөс хумсалсан, хуруу гараа дvрсэн” гээд жаал тоншчихно лээ.
 
Бодвол өдийд гомдсон сэтгэлээ тайтгаруулж яваагаас зайлахгvй. За тэгээд хvvхнvvд л болсон хойно хэн нь авхаалжтай, жаатай сэргэлэн гэдгээрээ өрсөлдөж З.Баянсэлэнгэ, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа гээд хайрт нөхрvvдээ сугадаж аваад Гонконг, Сингапур, Тайланд, Тайвань, Хайнань гээд халуун, дулаан газарт хэсэгхэн жаргалыг эдлэсэн шиг л яваа болов уу.
 
Харин эрхэм гишvvн Г.Уянгын хувьд “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргvvн О.Цэрэннадмидтай өлсгөлөнгийн захиалагч нь хэн байсан талаар цахим ертөнцөөр шуугиулсан шиг амралтынхаа алтан хормыг өнгөрvvлж сууна. Товчхондоо “Хаана яваа бол доо тэд маань” гэсэн зугаатай асуултынхаа хариуг өөр зуураа өртөөчлvvлэн бодож, өргөн олонтойгоо хуваалцаж байгаа минь ийм л учиртай бөлгөө. 
 
 
Эх сурвалж: