sonin.mn
Засгийн газар өчигдөр буюу энэ сарын 25-нд ээлжит хуралдаанаа хийж, Хөрөнгө оруулалтын газарт Концессын гэрээ байгуулах эрх олгох талаар хэлэлцжээ.
Энэ талаар өнөөдөр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.
 
Засгийн газар 21 аймгийг Улаанбаатар хоттой холбох зорилт тавин ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд аймгуудыг нийслэлтэй холбох автозамын хөрөнгө оруулалтыг Чингис бонд болон төсвийн хөрөнгөөр шийдвэрлэж байсан. Харин энэ жилээс тухайн автозамын барилгын ажлыг гүйцэтгэж буй компани өөрийн хөрөнгөөр автозам барихаар боллоо.
 
Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдтэй концессын гэрээ байгуулж, автозам барихад зарцуулсан хөрөнгийг нь дөрвөн жилийн дотор улсын төсвөөс эгүүлэн төлөх юм. Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар аж ахуйн нэгжүүдтэй концессын гэрээ хийх эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгосон хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр хэллээ.
 
Тэрбээр, энэ онд дөрвөн томоохон автозам барина. Баруун тэнхэлэгт Ховд, Баян-Өлгий аймгийг нийслэлтэй холбоход томоохон үүрэг гүйцэтгэх Алтай-Дарви чиглэлийн 165 зм автозам тавина. Мөн Дашинчилэн-Мөрөн, Орхон-Тариалангийн чиглэлд нийт 232.7 км автозам, Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас хүртэл 135.5 км автозам барина.
 
Дээрх автозамуудын барилын ажлыг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөж байгаа. Дээрх замуудын төсөлд зарцуулах хөрөнгө оруулалтын эргэн төлөх хуваарийн жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт даалгалаа” гэв.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг