sonin.mn

НҮБ./ITAR-TASS/. Йемений Ерөнхий сайд Халид Махфуз Бахахыг урьдчилсан болзолгүйгээр гэрийн хорионоос нэн даруй суллаж, дотоод дахь улс төрийн хурц хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлцээ хийж эхлэхийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ тус улсын засгийн эрхийг булаан авсан шиитүүдээс шаарджээ.

Шиитүүд тус улсын нийслэл Сана хот дахь төрийн тэргүүний өргөө болон засгийн газрын хэд хэдэн байрыг эзлэн авснаас хойш буюу нэгдүгээр сараас хойш гэрийн хорионд байсан Йемений Ерөнхийлөгч Абд Раббу Мансура Хадиг сулласныг АЗ лхагва гарагт гаргасан мэдэгдэлдээ сайшаасан байна. “Йемений Ерөнхий сайд Бахах, сайд нарын танхимын гишүүд болон гэрийн хорионд байгаа хүмүүсийг бүгдийг нь элдэв болзолгүйгээр нэн даруй суллахыг АЗ-ийн гишүүд шаардсан” гэж баримт бичигт дурдсан байна.

Яриа хэлцээ хийх замаар санал зөрөлдөөнөө зохицуулж, улс төрийн зорилгоор хүч хэрэглэхээс татгалзаж, өдөөн хатгалга болон улс төрийн шилжилтийн үйл явцыг тасалдуулах зорилготой үйл ажиллагаанаас татгалзахыг АЗ Йемений сөргөлдөгч бүх талуудад хандан уриалжээ.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг