sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ерөнхийлөгчийн Иргэний танхимаас зохион байгуулсан Ноён уулын асуудлаар талуудын байр суурийг сонсох нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлэгт холбогдох яамд, иргэний нийгмийн төлөөлөл, ШУА, Татварын ерөнхий газрын мэргэжилтнүүд, "Сентерра гоулд Монголиа" ХХК-ийн удирдлагууд  оролцсон юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ дээрх таван төлөөлөл уг хэлэлцүүлэгт оролцож байгааг мэдэгдээд Ноён уулын асуудлаар Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газарт 10-аад захидал, мэдэгдэл ирсэн гэдгийг хэллээ. Энэ үеэр УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж товч танилцуулга хийсэн юм. Гацууртын орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог. 1991 онд алтны шороон ордыг илрүүлсэн бол 1998 онд "Каскадиа майнинг" компани алтны үндсэн ордыг илрүүлсэн аж. Гацууртын орд 76 тонн алтны нөөцтэй, татвараар дамжуулан 659 тэрбум төгрөг улсад төлөх урьдчилсан тооцоо гарсан. “Сентерра гоулд Монголиа” компани Гацууртын үндсэн ордоос хүдэр олборлож, Бороогийн алт боловсруулах үйлдвэрт боловсруулалт явуулна. Нийт 303 га талбай олборлолтод өртөнө гэж үзэж байгаагаас 146 га нь өмнөх олборлолтын нөхөн сэргээх талбайд тооцогдож байна гэж Б.Батхүү дарга танилцуулсан юм.

“Бороо Гоулд” ХХК-ийн Боловсруулах үйлдвэрлэл эрхэлсэн захирал Т.Оргодол мөн Гацууртын ордын талаар танилцуулга хийлээ. Тэрбээр хэлэхдээ уг төслийг хэрэгжүүлэхэд 535 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Төсөл хэрэгжих 10 жилийн хугацаанд 42 тонн алт, 3.7 тонн мөнгө олборлоно. Хэрэв тус ордыг эргэлтэд оруулбал нийт 1000 орчим хүнийг ажлын байраар хангах бололцоотой. Ордод боловсруулалт хийхгүй тул химийн хог хаягдал байгальд хаягдахгүй. ШУА-ын Түүх Археологийн хүрээлэнгийн ажилтан, доктор Н.Эрдэнэ-Очир судалгааны сүүлийн үеийн дүн мэдээгээр товч танилцуулга хийсэн. Тэрбээр Ноён уулын бүс нутагт нийт хүрэл зэвсгийн үе, Хүннү, дундад зууны үед холбогдох 374 дурсгал одоогоор бүртгэгдээд байгаа ч Гацууртын ордын ашиглалтын лицензтэй талбайд 1999, 2000, 2005 онд хийсэн хайгуул судалгааны явцад булш, дурсгал илрээгүй. Харин лицензийн талбайд хамгийн ойрдоо 200 метрээс 5 км-ын зайд булш хиргисүүр байгааг тогтоосон гэлээ.

Энэ үеэр оролцогчид уг ордыг стратегийн ордод хамаатуулах болсон шалтгаан юу байсан, газар доорх цэвдгийн судалгаа хийсэн эсэх, олборлолтыг явуулахдаа тэсэлгээ хийх эсэх, хийвэл ямар хэмжээний тэсэлгээ хийх гэх зэрэг асуудлыг тодруулж байв. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, "Иргэдийн Алъяанс" төвийн захирал Ж.Занаа нар энэ талын хуулийн зохицуулалт манай улсад дутмаг байгааг шүүмжлээд, даруй хуульчлах асуудлыг хөндөх шаардлагатай гэж үзэж байгаагаа хэллээ. Харин Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн С.Дамдинсүрэн Ерөнхийлөгч хориг тавих нь зүйтэй гэсэн бол “Босоо хөх Монгол” ТББ-ыг төлөөлж П. Шинжээравдан  хэлсэн үгэндээ Ноён уулын асуудлаар бүх нийтийн дунд санал асуулга явуулах нь хэрэгтэй гэх зэргээр тус тусын саналаа дэвшүүлэв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэлцүүлгийг хааж хэлэхдээ талуудыг оролцуулсан үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо хэмээн онцоллоо.

Б.Туул


Эх сурвалж : "Монцамэ" агентлаг