sonin.mn

Сvvлийн хоёр жилд БХЯ-нд өндөр албан тушаал хашиж байсан эрхмvvд байнга л хэл аманд орооцолдож хуулийн байгууллагад ээлж дараалан шалгагдах болсон. Тухайлбал өнгөрсөн онд ЗХШЖ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан бригадын генерал Т.Дашдэлэгийг бусадтай бvлэглэн албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшиж vрэгдvvлсэн хэрэгт буруутай болохыг тогтоож Эрvvгийн хуулийн 264.2 буюу бусдын эд хөрөнгийг завшиж vрэгдvvлсэн, 150.3 буюу албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн анхан шатны шvvхээс тvvнд 3.5 жилийн хорих ялыг ногдуулсан. Гэтэл сар шинийн баярын өмнөхөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тvvнд өршөөл vзvvлж ялаас мулталсан билээ.

М.Жаргал генералын хоёр хэргийг нэгтгэн шалгахаар болсон

Тvvний араас дахин нэг генерал хэрэгт холбогдож нар, нарс хорын алинд байх вэ гэдэг хvндхэн асуудалд орооцолджээ. Хошууч генерал М.Жаргал БХЯ-ны харьяа “Монгол цэрэг-жуулчин” ТӨVГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд АТГ-аас тvvнийг хоёр ч хэрэгт холбогдуулан эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж аж.

Өөрөөр хэлбэл, тvvнийг бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн хэмээн Баянзvрх дvvргийн Цагдаагийн нэгдvгээр хэлтэст шалгаж, Дvvргийн нэгдvгээр прокурорын газрын хяналтын прокурор Л.Соёмбо хэргийг хянаж яллах дvгнэлт vйлдэн эрvvгийн хэргийн анхан шатны нэгдvгээр шvvхэд шилжvvлсэн тухай эх сурвалж мэдээллэсэн юм. Уг нь энэхvv хэргийг шvvх сар шинийн өмнө хэд, хэдэн удаа хэлэлцэхээр тов гаргаад байсан ч шvvгдэгчийн өмгөөлөгчөөс болж тодорхойгvй шалтгааны улмаас болон 3-4 удаа хойшилжээ.

Харин сvvлд зарласан шvvх хурал дээр шvvгдэгч М.Жаргал согтуу ирж тvvнд таслан сэргийлэх арга хэмжээ авч Цагдан хорих 461 дvгээр ангид саатуулжээ. Мөн тvvнд холбогдох нэг хэрэг нь албан тушаалаа урвуулан ашиглаж төрийн өмчийг vр ашиггvй зарцуулсан хэмээн сэжиглэж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс яллах дvгнэлт vйлдэн Дvvргийн хоёрдугаар прокурорт шилжvvлсэн байна. Бидэнд олдсон мэдээллээр тvvнд холбогдох хэргvvдийг хоёр тусад нь шалгаж байгаад уржигдраас эхлэн нэгтгэн шалгахаар болсон гэнэ.

Уг нь тvvнд холбогдох эхний шvvх хурал өчигдөр болохоор товлогдоод байсан ч хэргийг нэгтгэн шалгахаар болсон учраас шvvхээс прокурор руу буцааж дахин мөрдөн байцаалтад шилжvvлэхээр болсон байна. М.Жаргал генералын холбогдсон хэргийн талаар тодруулахад эх сурвалж “Тvvнд холбогдох хэргийг өнгөрсөн оны дөрөвдvгээр сараас эхэлж цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн гэсэн. Хамгийн гол нь аливаа нэгэн албан тушаалтны гэмт хэрэг мань мэтийн хvмvvст тэр бvр мэдэгдээд байдаг зvйл биш шvv дээ. Бид дотор нь ажиллаж байгаагийн хувьд болж бvтэхгvй зvйлийг нэр, усаа нууцлаад ч болов олонд ил болгохыг зорьдог.
Гэсэн ч хэн, хаана ямар мэдээлэл өгснийг дарга нар дор нь олоод мэдчихдэг учраас мэдээлэл өгч чадахгvйд хvрдэг. Харин хошууч генералтай холбоотой хэргийг манай ажилчид ихэнх нь мэддэг учраас өөрийн мэдэх зvйлээ л товчхон яръя” гэсэн юм.

Мах нийлvvлэх компанитай гэрээ хийж бусдыг 190 сая төгрөгөөр хохироов

“М.Жаргал генерал 2013 оны долоодугаар сард нэгэн хувийн компанитай мах нийлvvлэх гэрээ хийхдээ долоо хоногийн дотор мөнгөө шилжvvлнэ гэсэн юм билээ. Уг нь дээрх компанид гэрээ ёсоор 190 сая төгрөгийг шилжvvлэх ёстой байсан. Гэрээнд заасан хугацаа нэлээд сунжирсан учраас тэд Баянзvрх дvvргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж генералыг шалгуулахаар болсон.

Ингээд тvvнд Эрvvгийн хуулийн 148 дугаар зvйлийн дөрөв дэх хэсэгт заасан бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн vндэслэлээр шалгаж байгаад хэргийг тvдгэлзvvлж байсан гэсэн. Энэ хэрэг л явсаар байгаад өнөөдөр АТГ-т харьяаллын дагуу гээд шалгах болсон байх. Хамгийн гол нь М.Жаргал дарга дээрх 190 сая төгрөгийг ажилчдынхаа цалинд өгсөн гэж мэдvvлсэн гэсэн.
Энэ мэт албан тушаалын хэрэг манай яаманд их бий ” гэв. Ямартай ч эх сурвалж энэ талаар ярихдаа ихэд болгоомжлон “та нар мэдээллийн эх сурвалжаа нууцлана биз дээ” хэмээж байсан юм.

2013 онд М.Жаргал даргын удирдаж байсан ТӨVГ-т БХЯ-аас аудитын шалгалт хийж байжээ

М.Жаргал генералыг өөд нь татаж “Монгол цэрэг-жуулчин” төрийн өмчит vйлдвэрийн газрын захирлаар томилсон хvн нь тухайн vеийн БХ-ын сайд асан Лу.Болд аж. Тvvний бас нэг шалгагдаж байгаа хэрэг нь албан тушаалаа урвуулан ашиглаж төрийн өмчийг vр ашиггvй зарцуулсан гэх хэрэг байгаа. Тэгвэл “Монгол цэрэг-жуулчин” төрийн өмчит vйлдвэрийн газрын харьяанд байсан “Виктория” зочид буудал, “Найман шарга” сувилал, “Аварга тосон” рашаан сувилал, “Хаан тайж” жуулчны бааз, “Шонхор” хvvхдийн зуслан гэх зэрэг төрийн өмчит газрууд байдаг байжээ.

Дээрх газруудыг ямар ч ашиггvй ажилласан гэх тайлан тооцоог дээрх vйлдвэрийн удирдлагууд гаргаж байжээ. Ингээд “БХЯ-ны Хяналт шинжилгээ, vнэлгээний газраас аудитын шалгалт хийж дараах дvгнэлтийг гаргаж байсан байна. Тодруулбал, “2013 оны III улирлын санхvvгийн тайлангаар “Монгол цэрэг-жуулчин” төрийн өмчит vйлдвэрийн газар нь 337.9 сая төгрөгийн алдагдалтай, 713.3 сая төгрөгийн өр төлбөртэй, цаашид олох орлого нь тодорхойгvй байна.

Өмнө нь хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал арилаагvй, vр дvн гарсангvй. 2013 оны зургаадугаар сард хийсэн шалгалтаас хойших гурван сарын хугацаанд цалин, нийгмийн даатгал, хvн амын орлогын албан татварын өр төлбөр 89.7 сая, нийт өр 61.1 сая төгрөгөөр өсчээ. Тус vйлдвэрийн газрынхан байгууллага, хувь хvмvvсээс бэлэн мөнгө, бараа материал зээлээр авч, уг эх vvсвэрээр байгууллагын урсгал зардал, ажилчдын цалинг тавьж олгосон” гэх дvгнэлт гаргаж байсан байна. Мөн тооцоо судалгаагvй, эргэн төлөх эх vvсвэргvй зээл, бараа материал татан төвлөрvvлж, өр төлбөрийг их хэмжээгээр vvсгэсэнтэй холбоотойгоор “Монгол цэрэг констракшн” ТӨVГ-ын захирал, хошууч генерал М.Жаргалыг санхvvгийн төлбөр тооцоонд гарын vсэг зурах эрхийг нь тvдгэлзvvлж байжээ.
Энэ vйл явдал М.Жаргал даргын албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэг аж. Нэлээд нэр хvндтэй нэг хуульч “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт зөөлөн хандах шалтгаан байхгvй. Хэрвээ энэ төрлийн гэмт хэргийг шvvхийнхэн хаацайлж халхлаад ялыг хөнгөрvvлээд байвал албан тушаалын гэмт хэрэг хэзээ ч буурна гэж байхгvй. Өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хvнийг өршөөвөл тэр чиглэлд явж байгаа vйл ажиллагаанд том цохилт болно” хэмээж байсан.

Гэтэл сvvлийн vед төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмvvд улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн шvvхээс ял зэм сонссон мөртлөө өршөөлийн хуульд хамрагдаж олноороо суллагддан гарч ирэх болсон. Тэгэхээр энэ мэт vйлдvvд өндөр албан тушаал хашиж буй эрхмvvдэд маш том боломж олгож байна гэдгийг хуулийнхан хvртэл өөрсдөө халаглан ярьцгааж байна. Угтаа бол АТГ, цагдаа, прокурор, шvvхийнхний хийсэн олон сар жилийн хөдөлмөрийг нь ганцхан зvйл заалтаар салхинд хийсгэж байгаа нь харамсалтай. Тиймээс энэ удаа М.Жаргал генералын хэрэг ч мөн адил ийм замаар орохыг vгvйсгэхгvй.

Эх сурвалж: