sonin.mn
Нийслэлийн Засаг дарга “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” А/151 дүгээр захирамж гаргалаа.
 
Захирамжаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5, 6, 7, 8, 16, 21, 22, 24, 27 дугаар байр, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 5, 8, 9 дугаар орон сууцны барилгуудыг дахин төлөвлөж, барилгажуулахаар боллоо. Орон сууцны барилгуудад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглож, холбогдох тусгай зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлэх юм.
 
Эдгээр байршилд барилгажилтын төсөл боловсруулахад шаардагдах 62 сая 91 мянган төгрөгийг шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсвийн зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, барилгажилтын төсөл боловсруулах ажлыг зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.