Ноён уулаа аврахаар хүмүүс өлсгөлөн зарласан ч цагдаагийн хүчээр албадан буулгаад байгаа. Тэгвэл энэ асуудалд Сэлэнгэ нутгийн унаган иргэд ямар байр суурьтай байгааг сонирхсон юм. Ингээд “Монел тех” ХХК-ийн захирал,  ШУ-ны гавьяат зүтгэлтэн Ш.Ялалттай ярилцсанаа хүргэе. Тэрээр Сэлэнгэ нутгаас төрсөн шинжлэх ухааны анхны гавьяат билээ.
 
-Та бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын унаган хүүхэд. Тийм ч учраас Гацууртын ордыг ашиглах болсон талаар тэр дундаа Ноён уулыг тойрсон асуудлаар байр суурийг тань асуухаар зорьсон нь энэ. Олны анхааралд байгаа энэ асуудлыг хэрхэн дүгнэж байна?
 
-Би бол Ноён уулын хормойд өсч өндийсөн хүн. Өөрөөр хэлбэл, Зүүнхараа Мандал суманд нэгдүгээр ангид орж суралцаад аравдугаар ангиа төгссөн энэ нутгийн унаган хүүхэд нь. Түүнээс гадна Мандал сумын хүндэт иргэн, Сэлэнгэ аймгаас төрсөн Шинжлэх ухааны ганцхан гавьяат нь би юм. 
 
Ер нь бид нар одоо энэ болоод байгаа асуудлыг хүнээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Бидний хажууд байгаа Бороогийн алтыг Сентерра гоулд компани 10 жилийн дотор ухаж олборлоно гэж тохиролцоод тавхан жилийн дотор 40 тонн алтыг нь аваад явчихсан. Эндээс Монгол Улсад хийгээд ард түмэнд тэр дундаа Зүүнхараагийн Мандал сумын иргэдэд ямар ч ашиг ноогдоогүй.
 
Хэрвээ жил болгон дуслын чинээ өгдөг 1 -2 мянган ам.долларыг эс тооцох юм бол. Эндээс ганцхан Сү.Батболд гэж хүн баяжсан. Өнөөдөр Лондонгийн төвд том хаус бүхий ордон худалдаж авчихаад байж байна. Хэрвээ Бороо гоулдын жишгээр Сентерра гоулдод Г ацууртын ордыг ашиглуулах юм бол өнөөдөр тэдний хэлж байгаагаар 300-хан сая ам.долларын ашиг гарна гэж байгаа. Хэрвээ тийм юм бол Монголын алтны компаниудад өгчих хэрэгтэй шүү дээ. Үнэхээр тийм ашиггүй юм бол тэр 300 сая ам доллараар нь Монголын алтны компаниуд худалдаад авчихъя л даа. 
 
40 тонн алтыг ухаж авчихаад 300-хан сая ам.долларын ашиг олдог тийм орд юм бол хүний нохой идэхээр бид өөрсдөө идсэн нь дээр. Энэ бол ерөөсөө л долоон тонн алтны үнэ. 40 тонн алтыг нь авчихаад долоон тонн алтны ашигтай ажиллана, тэгээд болоогүй Монголын төрд 20 хувийг өгнө гэж байгаа бол тэд ёстой хуцваа. 
 
Тэр Монголын төрийн хувь 2-3 тонн алтны л үнэ байх. Ингэж цөлмүүлж, улаан цайм дээрэмдүүлж байдаг Монгол Улс, төр гэж байх уу. 1910-1912 оны үед “Монголиор" гэдэг олон улс дамнасан алтны компани Манж, Хаант Орос хамтран Богд хаант Засгийн гаэартай гэрээ байгуулаад Ноён ууланд 15 тонн алт ухсан байдаг юм.
 
Тэндээс харин Монголын Засгийн газар одоо яриад байгаагаас илүү ашигтай ажилласан. Тэглээ ч гэсэн Монголын эх оронч сэтгэлтэй хүмүүс Ноён уулыг сэглүүлээгүй. Ер нь яагаад заавал “Ноён уул” нэртэй байгаа нь ч учиртай. Энэ бол бидний ихэсийг тавьсан ариун, дагшин газар. Хэзээ ч улс өөрийн эзэмшилд байгаа баялгийг, ямар ч тэнэг хүн 20 хувийг нь би авъя, чи 80-ийг нь ав гэдэггүй л байхгүй юу.
 
-Энэ асуудлыг шийдүүлэхээр хуулийн төсөл барьж орж ирээд танилцуулсан тэр Баярцогт чинь танай нутгийн хүн биз дээ. Хорин хэдтэй залуу байхаасаа л энэ төрд зүтгэлээ гэдэг. Яагаад эх орноо, ядаж төрж өссөн нутгаа гэх сэтгэлгүй байгаа юм бэ?
 
-Өнөөдөр эд нарт эх орноо гэсэн сэтгэл үнэхээр алга. Хэлэх үг олдохгүй байна. Ялангуяа манай Сэлэнгэ нутгаас УИХ, төрд ажиллаж байгаа энэ залууст ядаж төрсөн нутгаа гэх юу ч үлдээгүй байгаа харамсалтай. Ямар сайндаа л Баярцогт хоёр миллиард ам.доллараа гадаадын дансанд мартчихсан байхав дээ. Хаана хийснээ мэдэхгүй ийм болтлоо баяжжээ. Би бол 20 төгрөгөө хаана хийснээ санадаг. Тэгэхээр хоёр тэрбум төгрөгөө хаанаа хийснээ мэддэггүй юм чинь энэ хүний сэтгэл санаа харийнх байх нь тодорхой.
 
Эд нар бол улсаа, баялагаа хэдэн доллараар зарах тухай бодож өөрсдөө хулгайгаар улам баяжих санаатай гэж би ойлгож байна. Түүнээс эх орноо, ядахдаа Сэлэнгэ мөрнөө цаашлаад байгалиа гэсэн сэтгэл байсан бол Ноён уулаа ухаалах ийм тэнэг гэрээ хэзээ ч хийхгүй.
 
-Энэ бас эдийн засгаа босгох гэсэн санаа юм биш үү. Гацууртын ордыг ашигласнаар элгээрээ байгаа эдийн засаг сэргэнэ гээд ийм гэрээ хийж байгаа байх. Тэр Баярцогт чинь мундаг “тооны хүн” биз дээ?
 
-Хол хэвтэнэ. Эдийн засгийн хувьд ямар ашиг байх юм бэ. Та нар бодоод үз л дээ, Бороо гоулд ямар ашигтай ажилласан. Тавхан жилийн дотор ямар ч татваргүйгээр бүх юмыг нь ухаад аваад явчихсан. Тэгээд Монгол Улсаас ухсан 40 тонн алтаасаа хэдхэн төгрөгийн ашиг олсон гэдэг. Мэдэхгүй түүгээр нь нусны алчуур авч хүрэх юм уу, үгүй юү. 
 
Одоо Оюутойлгойг хар. Мөн л тэнэг юм болсон. Энэ гэрээгээ тэнэг юм болсон гэдгээ өөрсдөө зөвшөөрөөд Ерөнхийлөгчөөсөө эхлээд толгой сэгсрээд одоо таг гацаанд л байна шүү дээ. Одоо дараагийн тэнэг гэрээгээ хийх гээд сууж байна. Гэхдээ бүр төрийнхөө хувийг 20, тэр хувийг эзэмших мөнгөө зээлж авъя гээд. За бод. 40 тонн алт гэдэг бол хамгийн наад захын жишээгээр 1,6 тэрбум доллар. 
 
Ийм үнэтэй ордоо өгчихөөд тэрний оронд хэдхэн доллар авна гэдэг гэрээ хийгээд сууж байгаа нөхдүүд үнэхээр энэ улсыг дампууруулж гүйцлээ. Сүүлийн 20 жилийн дотор засаг төр барьсан энэ улсууд Монголыг 20-иод тэрбум долларын өрөнд оруулаад байж байгаа. Хатуухан хэлэхэд гадаадын хэвлэлд бичсэнээр Монгол Улсыг 2017 онд дампуурлаа зарлана гэсэн нь энэ янзаараа бол тийм ч худлаа үг биш. 
 
Яагаад гэвэл манай эдийн засгийн хэмжээ 10 хүрэхгүй тэрбум доллар байхад өр нь 20 тэрбум доллар болчихоод байна. Өөрөөр хэлбэл, манай улстөлбөрийн чадваргүй болчихоод байна гэсэн үг. Ийм увайгүй, улсаа улам өрөнд оруулдаг С.Баярцогт, Сү.Батболд мэтийн ийм хүмүүсийг эх орноосоо урвагчид гэхээс өөр хэн гэх юм бэ.
 
-Сентерра гоулд компани чинь хариуцлагатай уул уур-хай эрхэлдэг гээд байдаг. Мандал суманд зөндөө л бүтээн байгуулалт хийсэн биз дээ. Та яагаад үүнийг нь авч хэлэлцэхгүй байгаа юм бэ?
 
-Өмнөх 40 тонн алтыг аваад явахдаа Бороо гоулд Монгол Улсад ямар ч татвар төлөөгүй. Учир нь тэр үеийн тоггвортой байдлыг гэрээ гэгчээр ийм юм болсон. Мэдээж газрыг нь ухаж байгаа юм чинь нүд хуурах төдийхнөөр 100-200 мянган доллар өгдөг. Энэ бол тэдний олсон 1,4 миллиард доллараас өчүүхэн нь. Нэг сургууль, цэцэрлэг засах юу ч биш. 
 
Тийм сүрхий юм бол Мандал сум хүртэл ч юм уу эсвэл Гацуурт хүртэл засмал зам тавьчихгүй яасан юм бэ гэж асуумаар байна. Одоо тэгээд тэр алтыг зөөхөд асар их шороо бужигнана. Ноён уул гэдэг бол Монгол Улсад байдаг ганцхан зэрлэг үзэм ургадаг газар. Энэ мэтчилэн тэнд маш үнэтэй ургамал, амьтан, гол горхи гээд Гацууртын ордоор ч үнэлж баршгүй байгаль байна. Ядаж ашигтай наймаа хийх хэрэгтэй шүү дээ.
 
-Гацууртын ордыг ашиглах гэж байгаа энэ компани Киргизэд Кумторын ордыг ашигладаг. Энэ талаар та хэр мэдэх вэ?
 
-Тийм. Сентерра гоулд компани Киргизийн 700 тоннын нөөцтэй Кумторын ордыг мөн л одоо хийх гэж байгаа дээрмийн аргаараа авч ашигласан байдаг. Яаж луйврын аргаа ашигласан гэхээр 1992-2002 он хүртэл Киргизийн Засгийн газрын хувь нь 66, Сентерра гоулдынх 33 хувь байсан. Тэгээд Киргизийн Засгийн газар 2002 оны үед байраа солиод Сентеррад 33 хувиа худалдчихсан. 
 
Үүнийг өгөхдөө Монголын Бороо, Гацуурт хоёр ордыг завсарт нь авсан байдаг. Өөрөөр хэлбэл, мөнгөний хариулт ч гэдэг юмуу ийм байдлаар авсан юм билээ. Рен гэдэг нууц нэрийн дор. Тэгээд киргизүүд Монголд ирж үзсэн юм билээ. Тэд ирэхдээ бид Бороо гоулд болон Гацууртын ордоос хичнээн хувийг авах ёстой юм бэ гэж. Ингэж үзэхдээ Бороо гоулд нь ажиллаж байгаа юм байна харин Гацуурт нь ажиллаагүй юм байна гээд буцаад явсан. 
 
Тэгэхээр энэ хоёр ордыг Сентерра гоулд аль хэдэн жилийн өмнө Киргизэд наймаалчихсан гэсэн үг. Одоо Киргиз биднээс хувиа авъя гээд нэхэх бүрэн боломжтой болоод байна. Ийм л үндэстэн дамнасан луйврын юм энд явж байна. Энэ мэдээлэл одоо албан ёсны хэвлэл дээр байгаа.
 
-Яагаад ийм ноцтой мэдээллийг ил гаргахгүй байна аа. Тэгэхээр та Киргизэд Кумторын ордыг авсан шигээ луйврын аргаар Гацууртын ордыг авлаа гэж хэлэх гээд байна уу?
 
-Тийм шүү дээ. Ерөөсөө л Сентерра гоулд гэдэг бол Киргиз, Монголд ч биш Чили, Латин Америкт луйвар хийдэг ийм л олон улс дамнасан луйварчин компани. Хэрэв 40 тонн алт байна гэж байгаа юм бол манай Засгийн газар олон улсын нээлттэй тендер зарлах хэрэгтэй. Тэгээд нөгөө яриад байгаа шилэн данс шигээ шударга, ил тод байдлаар Монголд ашигтай ажиллах улсуудад нь өгөөд ухуул л даа.
 
Тийм л ухуулах дон нь хөдлөөд байгаа юм бол уул, усаа хөндөхгүйгээр Монголд өөрөөр амьдрах арга зөндөө байна. Юун Оюутолгой, Тавантолгой Монгол Улсын гурван сая хүн дотор чинь бас нэг хэдэн миллиард доллар хийчихээр боловсролтой, өндөр технологи эзэмшсэн залуус зөндөө бий. Ийм хүмүүсийг тарааж хөөгөөд Шинжлэх ухааны академийг устгах гэж байна. Энэ бол цаанаасаа Монголын оюуны потенциалийг бодлогоор устгах гээд явж байгаа арга. 
 
Үүний үндсэн дээр эх орны баялгийг цөлмөхөд чөлөөтэй болдог юм. Өөрөөр хэлбэл, эрдэмтэн судлаач гэсэн арай дөнгүүр толгойтой нэгнийг нь байхгүй болгоод мэдээлэл муутай ард иргэд нь будилж суух хооронд газрын баялгийг нь ухаад явах гэсэн санаа. Одоо Африк, Азийн зарим буурай хөгжилтэй орнуудыг ингэж л дээрэмдэж байна.
 
-Академи гэснээс сая нэг сонин дээр ШУА-ийн Археологийн хүрээлэн Ноён уултай холбоотой асуудлаар мэдэгдэл гаргасан байна лээ. Тэнд хэлснээр бол  булш, бунхан чинь Гацууртын ордоос хол юм биш үү. Би буруу ойлгов уу?
 
-Манай зарим эрдэмтдийн дотор хуурамч баг өмссөн, хэн хэдэн төгрөг өгнө түүний талд дуугардаг нөхдүүд байдаг юм. Нэг үгээр бол, хуурамч эрдэмтэд гэсэн үг. Хатуухан хэлэх юм бол тэд цол хэргэмээ хүртэл худалдаад авчихсан ийм нөхдүүд. Ийм хүмүүс бол Ноён уулын хаана юу байгааг огт мэдэхгүй, очиж бараа сүрийг нь ч хараагүй. Үнэхээр Ноён уулыг тойрсон Хүннүгийн үеийн олон зуун булш, бунхан, эртний нэн ховор олдворууд бий. 
 
Байгаль нь хүртэл ариун, дагшин ийм л газар. Бид үүнийгээ хөндүүлж ухуулснаас өөр аргаар мөнгө олох хэрэгтэй. Монгол Улс үнэхээр 20 тэрбум долларын өрөнд уначихлаа бүгдээрээ ажиллаж хөдөлмөрлөе, ийм шинэ технологи байна нэвтрүүлье гэх юм бол таван жилийн дотор өрөө дараад цаана нь нэмэхтэй гарах бололцоо бидэнд байгаа.
 
Өнөөдөр заавал ямар ч ашиггүйгээр 40 тонн алтыг гадны нэг луйварчин компанид өгөх дон шүглээд хэн хэдэн төгрөг авчихаад ийм тэнэг юм яриад байгаа юм бэ. Хамгийн гол нь Сентерра өмнө нь Бороогоос 40 тонн алтыг авахдаа Монголд юу ч өгөөгүй гэдгийг сана. Дараа нь байгальд ямар хор хохирол учруулсан түүнийхээ тооцоог дуусга гэж хэлмээр байна. Ингэхдээ бүр байгаль орчноо олон улсын хөндлөнгийн экспертүүдийг авчраад үнэлгээ хийлгэх хэрэгтэй.
 
Манай Баярцогт чинь гаднаас их зөвлөгөө авах дуртай хүн биз дээ. Түүний дараа ажлыг нь хийлгэнэ үү гэхээс бид үр хүүхэддээ ийм тэнэг түүх бичиж үлдээхээр сууж байх юм уу, үгүй. Ер нь ийм утгагүй гэрээ хийгээд сууж байдаг энэ Засгийн газар, УИХ тарах хэрэгтэй.
 
-Та ингэхэд энэ УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд их л шүүмжлэлтэй хандаад байна уу даа?
 
-Тэгнэ шүү дээ. Саяхан манай Ерөнхийлөгч телевизээр ярьж байна лээ. Сүүлийн арав гаруй жил УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн ярьсан олон амлалтын нэг нь ч бүтсэнгүй гээд. Нөгөө Тавантолгой, Оюутолгой, Төмөр зам, V цахилгаан станц гээд бүгд худлаа байна. Оюутолгой л гэхэд хилийн цаана баяжмалаа нуучихаж байна шүү дээ. Энэ бол нээрээ үнэхээр арай хэтэрлээ. Монгол Улсын 2200 жилийн түүхэн дэх дээд зэргийн гамшиг.
 
-Тэгэхээр манай энэ төр засаг үнэхээр гадны компанийн халаасанд орчихсан хэрэг үү. Одоо тэгээд яах ёстой юм бэ?
 
-Ерөөсөө Монгол Улсыг удирдаж байгаа нам дамжсан хэдхэн нөхдийн л хийж байгаа ажил. Бүр гадны бодлогоор биднийг хоёр талцуулж байгаад л эдийн засгийн хямрал руу түлхээд дотроос нь хэн ч биш улсуудын нэрээр энэ баялгийг чинь дээрэмдэх гэсэн л санаа. Энэ бол олон улсад тогтчихсон сценари гэж юм л даа. Яаж, хөгжил буурай орнуудын баялгийг дээрэмдэх тухай.
 
Ер нь ядуу буурай улс гэж хаана ч байдаггүй. Ганцхан арчаагүй удирдагч л гэж бий. Одоо Ерөнхийлөгч энэ асуудалд хориг тавихгүй бол ард түмэн босно. Яахаараа бид нарыг 20 тэрбумын өрөнд унагаад байдаг юм бэ. Та нар үнэхээр төр засгийг удирдаж чадахгүй байна, боль л гэдэг асуудлыг ярих хэрэгтэй. Үүнийг ард түмний санал асуулгаар юм уу, өөр ямар хэлбэрээр байдлыг шийдэх хэрэгтэй. 
 
Ард түмний баялгийг дээрэмдээд байгаа учраас Сентерратай холбоотой асуудлаар Киргизэд бол зэвсэгт мөргөлдөөн гарсан. Бид нар олон жил номхон хүлцэнгүй байлаа. Одоо болсон. Цаана чинь эх орноо гэсэн сэтгэлтэй арай нэг сийрэг толгойтой хэсэг байгаа биз дээ. Тэмцэх л хэрэгтэй.
 
-Бид нэг хэсэг хүмүүсийг гадны гар хөл болдог гэдгийг мэддэг ч дахин дахин л УИХ-д гаргаад байна шүү дээ...
 
-Ерөөсөө буурай хөгжилтэй ард түмний саналыг ходоодоор нь худалдаад авчихдаг. Манай энэ зарим улсууд Америк зэрэг улсад очиж Харвард төгслөө гэдэг. Тэнд бол “девирсант” гэдэг юмыг бэлтгэдэг газар. Тэр нь сонгуулийг яаж будилаантуулах, ард түмнийг нь яаж хуурах, баялгийг нь гадаадынхантай нийлж цөлмөх тухай л заадаг. 
 
Энэ нөхдүүд ийм л юм сурч ирээд түүнийгээ хэрэгжүүлэхээр зүтгээд байгаа юм. Өнөөдөр тэр нь 20 жилийн дотор батлагдлаа. Тэд Монгол Улсыг хөгжүүлэх талаар юу хийв, нэг үйлдвэр барив уу, үгүй. Харин байсан үйлдвэрүүдийг нураагаад бүгдийг нь метал лоом болгоод Хятад руу зарсан. Ийм л ажил хийсэн.
 
 
О.Ууганжаргал
 
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин