sonin.mn
“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс намрын чуулганы үр дүнгийн талаар тодрууллаа.
 
-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн даргын хувьд намрын чуулганы үр дүнгийн талаар ямар бодолтой байна вэ? 
 
-Өнгөрсөн намрын чуулганаар Засгийн газар солигдсон учраас улс төрийн хувьд нэлээд донсолгоотой байлаа. Парламентад суудалтай улс төрийн намууд засагт хамтарч бүтэц, бүрэлдэхүүнээ хоорондоо харилцан ойлголцож, хамтран ажиллаж байна. Гол зорилго нь эдийн засагт үүссэн хямралыг даван туулах юм. 
 
УИХ-ын чуулганаар энэ оны төсөв, дараа нь төсвийн тодотголыг намрын чуулганы хугацаанд баталлаа. Олон жил хөөстэй, хийдэлтэй байсан төсвийг хөрсөн дээр нь буулгасан. Орлогынхоо хэмжээнд зарлагаа төлөвлөдөг жишигт орсон нь өнгөрсөн чуулганы хуралдааны үр дүн шүү дээ. Гэхдээ өрийн удирдлага, тааз болон эдийн засгийн зарим асуудалд санал зөрөлдөж байгаа явдал бий. 
 
Хаана ч гэсэн парламентын амьдралын араншин тийм байдаг юм. Үүнийг содон гойд үзэгдэл гэж тайлбарлах шаардлагагүй. Мэдээж, УИХ-ын хавар, намрын чуулган тодорхой хэмжээний хийсэн ажилтай байдаг. Нөгөө талдаа хэлэлцэж амжаагүй хуулийн төсөл ч олон бий. Уламжлалт жишгийн дагуу энэ удаагийн чуулган өндөрлөж байна.
 
-Өнгөрсөн чуулганы хугацаанд "Шударга ёс” эвслийн бүлгээс уул уурхайтай холбоотой олон хууль, тогтоолын төслөөр завсарлага авч байсан. Энэ нь эргээд УИХ-ын ажлыг уях шалтаг боллоо гэж шүүмжлэх хүн ч байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
 
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах, Гацууртын ордыг стратегийн орд болгох тогтоолын төсөл, Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үеэр эвслийн бүлгээс завсарлага авч байсан. Учир нь, Цагаан сар, шинэ жил, наадмын үеэр уул уурхай, орон нутгийн иргэдийн аж амьдралтай холбоотой чухал асуудал оруулж ирэх нь хардлага дагуулдаг. 
 
Үүнийгээ заавал үндэсний уламжлалт баяр ёслолтой давхцуулахгүйгээр оруулж ирэх боломж байгаагүй юм уу гэдэг шүүмжлэлийг манай гишүүд хэлж байсан. Гацууртын ордын тухайд Ноён уулын бэлд түүхийн үнэ цэнэтэй олдвор байгаа. Үүнийг хадгалах, хамгаалах, аюулгүй байдлыгнь хангах талд хэр зэрэг анхаарал хандуулж байгааг гишүүд судлах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан ч тогтоолын төслийг нэгэнт баталчихлаа. 
 
Төв Азийн цээжин дэх Монгол Улс бүхэлдээ маш олон хуудастай түүхийн ном шүү дээ. Гэхдээ түүхийн ховор олдвороо хамгаалж байгаа нь энэ гээд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж, нэгийг нөгөөтэй нь мөргөлдүүлж болохгүй. Би хувьдаа гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд ирж, бизнесийн үйл ажиллагаа явуулахыг дэмжиж байна.
 
Ц.Анир
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин