sonin.mn
ЖАКАРТА. /AP/. Индонезийн лалын шашинтай 500 гаруй иргэн террорист “Лалын улс” бүлэглэлд нэгдсэн тухай “Jakarta Post” сонинд мэдээлж байна.
 
Тус улсын лалын шашинтнуудын томоохон байгууллага болох «Нахдатул Улама»-гийн тэргүүн Саид Акил Сиражийн хэлснээр, сүүлийн үед наад зах нь 514 хүн “Лалын улс”-д нэгджээ. Энэ хүмүүс бүгд босогчдын хяналтад байгаа Сири, Иракийн нутаг дэвсгэрийг зорьсон байна.
 
Террорист бүлэглэлийн босогчид хүмүүсийг эгнээндээ элсүүлэх ажлаа Индонезод идэвхжүүлж байна гэж Сираж мэдэгджээ. “Лалын улс”-д нэгдсэн бүх иргэнээ эргүүлэн татах төлөвлөгөөтэй байгаагаа Индонезийн Засгийн газар мэдэгдсэн байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг