sonin.mn

«Тендерчин» Хүрэлбаатар. Уул нэр нь Ч.Хүрэлбаатар боловч улстөр, бизнесийнхний дунд «тен­дерчин» хэмээн алдаршсан нэгэн. Уг мэргэжил нь эдийн засгийн багш. Гэсэн ч Н.Энхбаярын засгийн үед Увсынхны лоббигоор Ерөнхий сайдын зөвлөх болтлоо суга татагдаж, улмаар улстөрийнх нь карьер зогсолтгүй өсчээ. Сангийн дэд сайд, Түлш, эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн болж, "Сү.Батболдын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болтлоо дэвшсэн энэ залуугийн улстөрийн карьерынх нь амжилтын түүх товчхондоо энэ.

Тэрбээр Түлш, эрчим хүчний сайд байхдаа эрчим хүчний салбарт зарлагдсан ихэнх тендерийг өөрийн намын болон өөрийн нутгийн хүмүүстээ давуу эрхээр өгч, тэндээс хувь хүртэн төрөөс төрсөн тэрбумтан болтлоо хөрөнгөжжээ.

Татвар төлөгчдийн мөнгөнөөс дээрх маягаар завшаад зогсохгүй өнөөх тендерүүдийн зарим нь өнөөг хүртэл хэрэгжээгүй байсаар л байна. Тендерээс хүртсэн мөнгөндөө түшиглэн 2008 онд Увс аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогджээ.

Одоо Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Засгийн газрын гишүүн болж, Монголын эдийн засгийн бодлогыг «тодорхойлолцох» энэ залуу cурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг шиг том том төслүүдийг ч эрх мэдлээ ашиглан өөрт ашигтайгаар шийдүүлж байна.

Уул нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бол Ерөнхий сайдын удирдлагад Засгийн газрын өдөр тутмын ажлыг зохицуулж, яамдын үйл ажиллагааг Ерөнхий сайдтай уялдуулах үүрэгтэй байдаг бол энэ эрхэм сүүлийн үед салбарын яамдын бодлого руу хэт оролцож, салбарын бодлогыг алдагдуулж, эрх мэдлээ хэтрүүлж байна. Салбарын яамдаас оруулсан бодлогын шинжтэй асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаасаа илүү өөрийн үзэмжээр шийдэж «тендердэх» болжээ.

Түүгээр ч зогсохгүй салбарын яамдаас Засгийн газарт оруулсан асуудлуудыг 2012 оны УИХ-ын сонгуулиар барьцаалан улстөр болно гэсэн нэрийн дор Засгийн газрын хуралдаанд оруулахгүйгээр хойш нь тавьж, улс орны эдийн засгийн гол гол бодлогуудыг зогсоодог нэгэн болж хувирсан байна. Мөн энэ эрхэм Хэрэг эрхлэх газрын даргын албан өрөөг нутгийн зөвлөлийн ажлын өрөө болгож дөнгөжээ. Засгийн газартай холбогдсон аливаа асуудлаар Ч.Хүрэлбаатартай уулзахаар очсон. хүнийг хүнд суртал гарган хүлээж авдаггүй мөртлөө нутгийнхаа хүмүүст хөнгөн шуурхай үйлчлэн хүлээж авдаг аж.

Энэ байдлыг нь ордныхон болон салбарын яамдынхан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын өрөө бол Увс аймгийн нутгийн зөвлөлийн өрөө гэж өөр хоорондоо хошигнох болжээ. 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр түүнийг дуудахад өөдөөс нь, «Би нутгийн зөвлөлийн залуучуудын дунд сагсны тэмцээн явуулж байна» хэмээн томроход нь Ерөнхийлөгч, «Чи арай хэтэрч байна шүү!» гэж анхааруулсан байдаг. Салбарын яамдын сайд дарга нар уул нь УИХ-ын өмнө хариуцлага хүлээх ёстой байтал Ч.Хүрэлбаатарын өмнө хариуцлага хүлээх болж доошоо орж, жижгэрчээ.

Увс аймгийн Улаангом суманд Ю.Цэдэнбалын хөшөөний нээлтийн ажиллагаанд оролцохдоо урд хойноо цагдаагаар хамгаалуулж, сүр барааг үзүүлэн төрийн өндөрлөгүүд яваа мэт аашилж өөрийгөө Увс нутгаас Ю.Цэдэнбалын дараа төрсөн хамгийн том хүн мэтээр авирлаж байжээ.

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө магтуулан дуулуулах, өөрийн төлөөний хүмүүсээ байрлуулж, өөртэйгөө холбогдсон мэдээллийг хаалгаж, өрөөл бусдыг бичүүлэхээ ч бас мартаагүй ажээ. Хэрэг эрхлэх газрын албан тушаалаа ашиглан төрийн өмчийн хороо болон салбарын яамд, агентлагуудад улстөржсөн баахан залуучуудыг нутаг гэдэг нэрийн дор байршуулан, өөрийн тойрон хүрээллийн сүлжээг бий болгож байгаа ийм нэг хүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж, Засгийн газрын нэр хүндийг ард түмний дунд унагааж байна.

Үргэлжлэл бий...


Эх сурвалж: "Өглөөний сонин"