sonin.mn

ДАМАСК. /ВВС/. Сирийн зүүн хойд нутагт “Лалын улс” бүлэглэлд хулгайлагдсан христийн шашинт үндэстний цөөнх болох 220 орчим ассири иргэдийн 19 нь суллагдсан гэж идэвхтнүүд хэллээ. 19 хүн суллагдсан тухай ассиричүүдийн удирдагч “The Syrian Observatory for Human Rights” ажиглагчдын бүлэгт мэдэгджээ. Тэднийг их хэмжээний мөнгөөр төлсний дараа сулласан гэж зарим эх сурвалж мэдээлж байна. Энэ сарын 23-нд үүр цайхын өмнөхөн “Лалын улс”-ынхан 12 тосгон руу халдан хүмүүсийг хулгайлсан юм. Суллагдсан хүмүүс бүгд 50 буюу түүнээс дээш настай гэж зарим эх сурвалж мэдээлэн, нас сүүдэр нь тэднийг суллах нэг шалтгаан болсон байж магадгүй аж. Хүмүүсийг хулгайлж байгаагаас айж мэгдсэн 1 000 орчим ассири хүн орон гэрээсээ дүрвэжээ.

 

Г.Доржханд
Эх сурвалж: