Монгол Улс хүнсний хэрэгцээндээ энэ жил нийт 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх ёстой аж. Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэхээр зургаан компани тендерт шалгаран, нэрс нь тодорсон байна. Тухайлбал, Дархан-Уул аймагт "Дархан мийт”, Орхон аймагт “Эрдмийт” компани шалгарч тус бүр 1000 тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлсэн бол Улаанбаатар хотод нийт 12 мянган тонн мах нийлүүлэх компаниудын сонгон шалгаруулалтыг зарласнаар “Баатрууд тэнгэр”, “Махимпекс”, “Ай энд Ди Эм”, “Мах маркет” зэрэг компани шалгарсан байна.
 
Эдгээр компани тус бүр 3000 мянган тонн мах багцлан бэлтгэх гэрээ байгуулж, гэрээ ёсоор махаа бэлтгэн улсад хүлээлгэн өгчээ. Гэвч төрөөс олгох ёстой урамшууллын мөнгөө авч чадаагүй байгаа аж. Эдгээр компаниуд урамшууллын мөнгөнд 14 тэрбум төгрөг төрөөс авах ёстой ч төсөвт суугаагүй гэсэн нэрийн дор мөнгийг нь өгөхгүй байгаа гэнэ. 
 
Мах бэлтгэн нийлүүлсэн компаниуд болон Махны холбоо зэрэг байгууллагууд Хүнс хөдөө аж ахуйн яаман дээр ирж яамны Төрийн нарийн бичгийн даргатай уулзжээ. Төрийн нарийн бичгийн дарга нь төсвөөс өөр эх үүсвэрээр урамшууллыг санхүүжүүлэх тал дээр Сангийн яамныхантай ярилцаж, шийдвэрлэх арга замуудыг хайж яваа сурагтай. 
 
Төр компаниудтай гэрээ хийдэг. Сүүлд нь гэрээний үүргээ хойрго биелүүлдэг, бүр биелүүлдэггүй явдал сүүлийн үед газар авах шинжтэй. Энэ байдалд дүгнэлт хийх цаг ч болсон. Төрийн дарамт.хууль дүрмийн элдэв шахалтаас гадна, иргэд аж ахуйн нэгжээ ийнхүү төр өөрөө хууран мэхлээд байвал цаашид бизнес, хөрөнгө оруулалт, компанийн засаглалын талаар ярих ч хэрэггүй болжээ гэж ойлгоход болно. Бид энэ асуудлаар зарим холбогдох хүмүүсээс тодруулсан юм.
 
Энэ жилийн байтугай өнгөрсөн жилийн өр төлбөрийг барагдуулаагүй байна
 
Махны холбооны тэргүүн н. Жадамбаагаас энэ талаар тодрууллаа.
 
-Өнөгөрсөн жилийн намар энэ жилийн нөөцийн мах бэлтгэхээр хөдөө орон нутагт хоёр компани, нийслэлд дөрвөн компани тендерт шалгарсан. Шалгарсан компаниуд үүргийнхээ дагуу 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэн зооринд хийчихсэн байгаа. 14 мянган тонн маханд кг тутамд 1000 төгрөгөөр бодон төрөөс урамшуулал олгох ёстой. 
 
Гэрээндээч ингээд заачихсан байгаа. Урд жилүүдийн жишиг ч ийм байсан. Гэтэл энэ жилийн төсөвт нөөцийн мах бэлтгэх үйл ажиллгааны зардал, урамшуулалд төрөөс татаас болгож олгох ёстой 14 тэрбум төгрөгийг суулгаагүй байна. Тендерт шалгарч нөөцийн мах бэлтгэсэн компаниуд махаа бэлтгээд, хүлээлгээд өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан үүргээ биелүүлчихсэн. 
 
Одоо гэрээнд заасан эрхээ эдэлж урамшууллын мөнгөө авах л үлдээд байна. Гэтэл энэ жилийн байтугай өнгөрсөн жилийн өр төлбөрийг ч төрөөс бүрэн барагдуулаагүй байгаа. Энэ жилийн тендерт шалгарсан компаниудаас “Баатрууд тэнгэр”, “Ай энд Ди Эм” компаниуд өнгөрсөн жил мөн нөөцийн мах бэлтгэсэн. Энэ хоёр компани болон туслан гүйцэтгэт компаниуд төрөөс авах өр төлбөрөө бүрэн гүйцэт барагдуулж аваагүй байгаа.
 
Банкнаас өр төлбөр нэхэгдээд хэцуү байгаа
 
“Баатрууд тэнгэр”'компанийн ерөнхий менежер н.Ононтой холбогдож энэ талаар тодруулахад:
 
-Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас татаасыг өгөхгүй бол мах бэлтгэдэг компаниуд дампуурахад хүрээд байна. Мах бэлтгэлийн компаниуд зардлын 40 хувийг өөрсдөө 60 хувийг Монголбанкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр бэлтгэсэн. Одоо банкнаас зээлийн хүү, эргэн төлөлт гээд асуудал үүсч байгаа. Урамшууллын мөнгө Сангийн яамнаас гарч, ХХАЯ-аар дамжин бидэнд ирэх ёстой. Одоо болтол алга л байна. 
 
Нөөцийн мах бол инфляцийг барих, зорилтот бүлэгт чиглэх хамгийн том арга хэмжээ байсан
 
 “Мах импекс" компанийн гүйцэтгэх захирал н.Бүдрагчаа ийн ярилаа
 
-Энэ мөнгө бол махыг бодит үнээр зарах үйл ажиллгааны зардал юм л даа. Өөрөөр хэлбэл, жишиг үнэ тогтоосон, илүү нэмүү өртөг шингээгээгүй, бодит үнээр мах зарсны төлөөх урамшуулал гэсэн үг. Гэтэл Засгийн Газар энэ жилийн байтугай өнгөрсөн жилийн урамшууллаа өгөхгүй байна. Өнгөрсөн жилийн 4,5 тэрбумыг үлдэгдэл байгаа. Сангийн яамнаас виксел гэгч зүйлээр санхүүжүүлнэ гэсэн боловч үндсэн хөрөнгөд викселийг олгоно, урсгал зардалд олгохгүй гэсэн. 
 
Ингээд хэрхэх нь тодорхойгүй байгаа. Нөөцийн мах гэдэг бол дээдсүүдэд биш зорилтот бүлэгт чиглэсэн хамгийн том арга хэмжээ байсан. Гэтэл одоо энэ байхгүй болох нь. Нөөцийн мах гарч ирснээр ченжүүдийн гараар дамжиж үнэ нь тэнгэрт хаддаг байсан махны үнэ харьцангуй буурч, тогтворжих хандлагатай болж ирсэн. Анхнаасаа махны үнэ өссөнөөс инфляци өсч байна гээд л ийм арга хэмжээ авч эхэлсэн. 
 
Гэтэл эхлээд гэрээ ёсоор өгч байснаа сүүлдээ алдаг оног болж, одоо бүр үгүй боллоо. Нөөцийн мах бэлтгэхэд олон гэрээг олон байгууллагатай хийдэг. Төрийн байгууллагууд гэрээгээ зөрчих, хэлсэндээ хүрэхгүй байх нь энгийн үзэгдэл болж байна. Сангийн яам гэдэг эгэл ардын амьдралыг хайхрахаа больчихсон байгууллага болж хувираад байна. Тэр махны үнэ чинь бидэнд ямар хамаатай юм бэ гэсэн байдлаар хандаж байна. 
 
“Ай эндДи Эм”,компанийн гүйцэтгэх захирал Ш.Ганбаатар:
 
-Манай компани өнгөрсөн жилийнхээ урамшууллыг ч авч чадаагүй байгаа. Дутуу үлдэгдэлтэй. Энэ жилийнх сох байхгүй байна. Махаа бэлтгээд хүлээлгээд өгчихсөн. Улсын комисс хүлээгээд авчихсан. Гэрээнд заасан үүргээ бүгдийг биелүүлчихсэн. Одоо урамшууллаа авах гэтэл хүлээгдээд байх юм. Эрхбиш төр юм байна даа. Өгөх байх гээд л найдаад хүлээгээд байна. Хамгийн гол нь гэрээнд заасан хугацаандаа өгөхгүй болохоор төлөвлөсөн хамаг ажил нурж байна.
 
Бид Сангийн яамаар ороход энэ асуудлаар хариу өгөх албан тушаалтан олдсонгүй. Зарим нь ч бүр хэтэрхий жижиг асуудал тул энэ талаар ярих нь илүүц хэмээн ярвайж суух. Тэгвэл энэ бол махны үнийг хөөрөгдөх бусармаг үйдлийг хязгаарлах, орлого багатай иргэдээ хямд, чанартай махаар хангах хамгийн зөв зүйтэй арга хэмжээ байсныг хэлэх нь зүйтэй. ХХААЯ-ныхан мах бэлтгэн нийлүүлэгчдэд урамшууллын мөнгийг нь олоод өгчих санаа хичнээн байвч нэгэнт төсөвт суугаагүй, санхүүжүүлэх өөр эх үүсвэр олдохгүй байгаа болохоор яах ч арга олдохгүй байгаа бололтой. Гэхдээ төр гэдэгядарсан миний цоорхой халаас биш. Нэгэнт худалдаад авчихсан зүйлийнхээ мөнгийг төлөх байлгүй дээ.
 
Ц.Мөнх
Эх сурвалж: "Нийслэл таймс"