sonin.mn
НҮБ. /RIA Novosti/. Украины зүүн нутагт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх НҮБ-ын хөтөлбөрт хандив болгон Европын Холбоо /ЕХ/, Дани болон Их Британи улс 40 гаруй сая доллар гаргахаар болсон тухай тус байгууллагын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын /ХАЗГ/ даваа гарагт нийтлэгдсэн тайлан мэдээнд дурджээ. 2015 онд Украинд тусламж үзүүлэх шинэчилсэн хөтөлбөрөө НҮБ хоёрдугаар сарын 24-нд танилцуулсан юм. Уг хөтөлбөрт 3.2 сая хүнд 316 сая долларын тусламж үзүүлэхээр тусгажээ.
 
ХАЗГ-ын тайланд мэдээнд дурдсанаар, Их Британи улс 15 сая фунт стерлинг буюу 25 сая орчим доллар, ЕХ 15 сая евро буюу 16.5 сая орчим доллар, Дани улс 1.3 сая евро буюу 1.4 сая орчим доллар хандивлана гэдгээ мэдэгдсэн байна. Уг тайлан мэдээнд энэ хоёрдугаар сарын 21-27-ны өдөр хүртэлх хугацааг хамруулсан бөгөөд Донецкт хүмүүнлэгийн нөхцөл байдал хүнд байгааг тэмдэглэсэн байна.
 
Түүнчлэн гал зогсоох дэглэм тогтоосны дараа энгийн иргэд Дебальцево хотод эргэн ирж байгаа болохыг тайлан мэдээнд дурджээ.  “2000 орчим хүн Дебальцавод эргэн ирсний дийлэнх нь шархдаж гэмтсэн хүмүүс байна. НҮБ болон тус байгууллагын хүмүүнлэгийн ажиллагааны түншүүд тэдэнд хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлсээр байна” гэж тайлан мэдээнд дурджээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: