sonin.mn
Монгол Улс, БНХАУ хооронд хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн анхдугаар хурал өчигдөр Аж үйлдвэрийн яаманд боллоо.
 
Монгол Улсад БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны наймдугаар сард хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улсын ЭЗХЯ, БНХАУ-ын Худалдааны яам хооронд “Монгол Улс, БНХАУ хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах” тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан билээ. Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Монголын талаас Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделханаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, анхдугаар хуралдааныг зохион байгууллаа.
 
Тус ажлын хэсэг нь Эрээн-Замын-Үүдийн боомтыг түшиглэн чөлөөт бүсийн газар зүйн байршлыг тогтоох, дэд бүтэц, тээвэр ложистикийн асуудлыг судлах, БНХАУ-ын ажлын хэсэгтэй хамтарсан уулзалт зохион байгуулж, хил дамнасан чөлөөт бүсийн асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх зорилготой. УИХ-ын намрын чуулганаар баталсан Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь Монгол Улсад чөлөөт бүс байгуулах, улмаар хил залгаа орнуудтай хил дамнасан чөлөөт бүс байгуулах эрх зүйн  орчныг бүрдүүлжээ.
 
Далайд гарцгүй орны хувьд Монгол Улс хөрш орнуудтай хилийн боомтыг өргөжүүлэн хөгжүүлэх, хилийн боомтын бүсэд чөлөөт бүсийг байгуулах нь хил орчмын худалд эдийн засгийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм. 
 
Эх сурвалж: