sonin.mn
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан ажлаа авсан даруйдаа МАН-аас урваж, АН-д элссэн УИХ-ын гишүүн Д.Арвин руу нэлээд хүчтэй цохилт хийх болсон. Учир нь өнгөрсөн хугацаанд нэлээдгүй хэл ам тарьж байсан эрхэм гишүүний удирддаг “Сууц өмчлөлийн холбооны Дээд зөвлөл” гэх ТББ-ыг албадан татан буулгах тухай албан бичгийг Т.Аюурсайхан өнгөрсөн сарын 18-ны өдөр буюу битүүний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд өгч, эд хөрөнгийг нь битүүмжлэн, бусдад учруулсан гэх 568.5 сая төгрөгийг гаргуулахаар тус газарт хандсан билээ.
 
Уг нь энэхүү асуудлыг хуучин дарга асан О.Магнай нэлээд хүчтэй тэмцэж Чингэлтэй дүүргийн шүүхэд гомдол гаргаж эвлэрлийн гэрээ байгуулан, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан юм. Гэтэл Д.Арвин хатагтай хийсэн эвлэрлийн гэрээгээ зөрчин СӨХ-дуудаас дахин татвар авсан нь илчлэгдсэн учраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр тус дээд зөвлөлийг татан буулгах асуудал дахин яригдаж эхэлсэн юм. 
 
Тодруулбал, тус эвлэрлийн гэрээнд зааснаар "Монголын сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөл" ТББ нь хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр СӨХ-дын үйл ажиллагаанд хяналт тавихгүй байх, торгууль ногдуулахгүй, хураамж төлбөр авахгүй байх үүрэг хүлээсэн аж. Гэтэл тэд өрх тус бүрээс сард 50 мянган төгрөг, жилд 600 мянган төгрөг гишүүнчлэлийн татвараас авч, эвлэрлийн гэрээг зөрчсөн болохыг нь тогтоожээ. Тиймээс шинэхэн дарга Т.Аюурсайхан дээрх газрыг татан буулгаад зогсохгүй бусдад учруулсан гэм хорын хохирол болох 568.5 сая төгрөгийг иргэдэд буцаан олгуулах шийдвэр гаргахаар болсон нь энэ аж. 
 
Яг үнэндээ бол СӨХ бол иргэдэд хамгийн ойр байдаг байгууллага төдийгүй чамлахааргүй их хэмжээний мөнгө эргэлддэг газар гэдгийг хүн бүхэн мэднэ. Тийм ч учраас хатагтай Д.Арвинг тус газрыг толгойлж ирэх оны сонгуульд ялалт байгуулахаар бэлдэж байна гэж хардаж байсан хүн олон бий. Гэтэл начир дээрээ УИХ-ын гишүүн Д.Арвин удирдах зөвлөлийн толгой дээр нь сууж оршин суугчдыг шулж байгаа талаарх мэдээлэл ШӨХТГ-т ирсэн байна. Энэ талаар ч иргэд өөрсдийн цахим хуудас “Твиттер”, “Фэйсбүүк”-ээр хүчтэйхэн шүүмжлэл өрнүүлж байсан юм. Тодруулбал, хамгийн энгийн жишээ гэхэд Зайсанд баригдсан тансаг зэрэглэлийн орон сууцнууд сардаа л СӨХ-д 300-550 ам.доллар төлдөг. 
 
Түүнчлэн шинэ орон сууц ашиглалтад орох бүрт тус газрын даргаар дээд зөвлөлийнхний ах дүү амраг сонгогдож байх жишээтэй. Тэгэхээр үүнээс анхаарал татсан нэг зүйл нь гэвэл СӨХ сар бүр төвлөрүүлсэн орлого бүрийнхээ хоёр хувийг дээд байгууллагадаа өгдөг байна. Энэ их хэмжээний хоёр хувь болох мөнгийг дарга нар юунд зарцуулснаа тайлагнах болохоос биш оршин суугчид тайлагнана гэж лав байхгүй нь ойлгомжтой. Яг үнэндээ СӨХ-ны дээд зөвлөл ийм ажил хийжээ гэж нэг ч бодитой зүйл гарч байгаагүй учраас шуудхан иймэрхүү байдлаар дүгнэж болно. 
 
Өөрөөр хэлбэл, нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг 430 гаруй СӨХ Д.Арвинд өглөг маягаар өгч байсан гэсэн үг. Тиймээс л өнөөдөр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарч оршин суугчдаас хууль бусаар авсан гэх 568.5 сая төгрөгийг иргэдэд буцаан олгуулахаар болоод байна. Хэдийгээр шүүх уг шийдвэрийг гаргасан ч гэлээ өнөөг хүртэл хөрөнгө битүүмжлэх ажил ямар шатандаа явж буй нь нууцлагдмал.  Уг аль хэзээний хоёр ч шатны шийдвэр гарчихаад байхад дээрх мөнгө одоог хүртэл яагаад оршин суугчдын гар дээр очихгүй байна вэ гэдэг нь анхаарал татах асуудлын нэг юм. 
 
Ямартай ч 12 жил иргэдийг шулж байсан уг байгууллагын данс тооцоог ил болгохын тулд холбогдох хууль хяналтын байгууллага удирдлагуудад нь гүйцэтгэх ажиллагаа явуулж болох хуулийн заалт нь ч бий. Өөрөөр хэлбэл, хэн нь ч мэдэгдэхгүй нөхөд хүссэн үедээ дуртай тоогоо хэлж, иргэдээс мөнгө нэхэж, түүнийгээ юунд зарцуулснаа тайлагнадаггүй, шударга бус учраас дээрх нэр бүхий хүмүүсийг шалгаад үзвэл нэлээн их тоотой мөнгөний асуудал ч үүсч мэдэхээр байгаа юм. 
 
Эх сурвалж: