sonin.mn
Сонгуулийн ерөнхий хорооны  дарга, нарийн бичгийн дарга, гишүүн гишүүний тангараг өргөх ёслол өнөөдөр 12 цагт Төрийн ордны 9 хөлт цагаан тугний дэргэдэх Хүндэтгэлийн танхимд болно.
 
УИХ намрын отгон чуулганаар Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Чойнзонгийн Содномцэрэнг, тус хорооны нарийн бичгийн даргаар Цэдэн-Ишийн Болдсайханг, гишүүнээр Рэнцэнгийн Содхүү нарыг тус тус томилсон. ШУА-ийн гишүүн, академич, доктор, профессор Ч.Содномцэрэн нь Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар хөдөлмөрийнхөө гарааг эхэлж дараа нь ХААИС-д багш, тэнхмийн эрхлэгч, декан, ректораар ажиллаж байжээ. Тэрээр 1999 оноос хойш Засгийн газрын гишүүн, ХААҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга, Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж байгаад 2009 оноос СЕХ-ны нарийн бичгийн дарга, даргаар тус тус ажиллаж байна.
 
Тус хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон Ц.Болдсайхан нь хуучин ЗХУ-ын Эрхүү хотын  Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргэж улмаар Хэнтий аймаг, Улаанбаатар хотын Найрамдлын район, Улаанбаатар хотын АДХГЗ-нд, мөн нийслэлийн ЗДТГ-ын дарга зэрэг алба хашиж байсан. Р.Содхүү нь 1996-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, дараа нь Хөрөнгийн биржийн захирал, МХЕГ-ын дарга, Улсын статистикийн хорооны дэд дарга зэрэг алба хашиж байгаад СЕХ-ны гишүүнээр ийнхүү томилогдсон юм.
 
Б.Туул
Эх сурвалж: