sonin.mn
Түүнийг нас барсан гэдэг боловч сүүлийн үед учир битүүлгээр алагдсан гэж зарим нэг эх сурвалжууд мэдээлж байгаа ч бүх асуудал нууц хэвээр байна. Учир нь түүний үхэл 1945 оны ялалт дэлхийг хуваах их гүрнүүдийн үйл ажиллагаа, дэлхийг дарангуйлан захирах монопол капиталистуудийн далд бодлоготой холбоотой юм. Яалт хотноо Сталин, Рузвелт, Черчель гурвын хөшөөг босгох үеэр Крымийн татарууд Сталины хөшөөг босгохоос татгалзсан. 
 
Тэгвэл түрэмгий үйл ажиллагаа явуулж байсан бусад нөхдийн хөшөө ч бас сонирхол татаж байгаа юм. Франклин Рузвельт гэнэт нас барсан гэдгийг Оросын зарим эх сурвалжууд ярьж байгаа юм. Тухайлбал Зөвлөлтийн улс төрийн нэрт тоймч Валентин Зорин 2005 онд хэвлүүлсэн “Нэхэн дурсахуй” улс төрийн туурьдаа дараах зүйлийг бичсэн юм.
 
“...Энд жаахан ухралт хийж, эрт болсон нэгэн явдлын тухай эс өгүүлбэл хойтох өгүүлэл ойлгомжгүй болно. Олон улсын харилцааны дээд сургуулийн оюутан үеэс Лев Николаевич Иванов гэдэг нэрд гарсан, одоо зүй бусаар мартагдсан академич хичээл заадаг байлаа. Сүрлэг том биетэй, сэтгэл булаасан дүр төрхтэй, асар их юм мэддэг Лев Николаевич оюутнуудын дотно хүний нэг байв. Би нэг удаа хонгилд түүнийг гүйцэж очоод нэг юм асуух санаатай тэр үеийн заншил ёсоор “Нөхөр Иванов” гэж хандлаа. Лев Николаевич миний толгойн дээрээс ихэмсгээр хялайн хараад ууртайгаар “Иванов гэвэл агтчин болно, би чинь Ива нов юм шүү” гэж билээ.
 
1945 оны дөрөвдүгээр сард Лев Николаевич нэгэн сонин лекц уншсан нь одоо ч миний санаанд тодхон байдаг. Тэр лекцээрээ саяхан нас барсан АНУ-ын ерөнхийлөгч алдарт Франклин Рузвельтийн амийг хорлосон гэдэг дүгнэлт хийгээд, амеркийн ч, манай ч судлаачид олон дахин үгүйсгэсэн бас зөвтгөсөн нь мэдээж билээ. Гэвч тэгэхэд Лев Николаевичийн хийсэн баталгаа нотолгоо бидэнд хөдөлбөргүй үнэн мэт санагдаж байлаа.
 
Юуны өмнө ерөнхийлөгч гэнэт нас барсан нь сэжигтэй байгаа юм. Рузвельт өөд болсон Черчилль, Рузвельт гурав хэлэлцэж байснаас хойш хоёрхон сар өнгөрөөд байлаа. Рузвельт гадаад далай дээгүүр очиж ирэх хоёр талын амаргүй холын нислэгт ч ажраагүй. Яалтад байхдаа ч ямар нэгэн өөрчлөлт гарсан нь мэдэгдээгүй. Тиймээс түүний гэнэтийн үхэл дэлхий дахинд цэлмэг тэнгэрээс буусан аянга мэт санагдсан. Л .Н.Ивановт сэжиг төрүүлсэн өөр нэг баримт бол Рузвельтийн цогцсонд эмнэлгийн задлан шинжилгээ хийлгүй яаран сандран газарт булсан явдал юм. Задлан шинжилгээ хийдэг ёстой байсан шүү дээ.
 
Онцгой сэжигтэй гэж академичийн үзсэн бас нэг учир шалтгаан бол Америкийн улс төрийн нэг хүчирхэг хүчнүүдэд Рузвельтийн баримталж байсан ЗСБНХУ-тай холбоотон болж хамтран ажиллах шаардлага үгүй болсон, бас Невада муж улс дахь атомын туршилтын талбайд атомын бөмбөг турших бэлтгэл ажил шувтарсан яг тэр үед ерөнхийлөгч өөд болсон явдал юм.
 
Зөвлөлтийг идэвхтэй эсэргүүцэгч, Рузвельттай нэгэн санаатай улс төрч байсан гэж яавч хэлэгдэхгүй Гарри Трумэн түүнийг залгамжиллаа. Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Трумэний гарч ирсэн түүх ч бас манай акадичийн анхаарлын гадна үлдээгүй. Дайны жилүүдэд Рузвельттэй нэг санаатай, хамтран зүтгэгч, дотно нөхөр Генри Уоллес дэд ерөнхийлөгч байлаа. 
 
АНУ-ын Үндсэн хуульд зааснаар бол ерөнхийлөгч, нас барсан, эсвэл ажлын чадваргүй болсон тохиолдолд  орлодог дэд ерөнхийлөгчийн сонгуулийн явцад санамсаргүй нэгэн явдал болов. Үүнд Генри Уоллес надтай нэгэн зэрэг нэрээ дэвшүүлэн дахин сонгогдох ёстой гэж хүчирхэг ерөнхийлөгч шаардаж байв. Генри Уоллес ч ардчилсан намын дээдсүүдийн дэмжлэгтэйгээр түвэггүй ялах боломжтой байлаа. 
 
Гэтэл Рузвельтэд хүчтэй шахалт үзүүлэн Уоллесыг өмнөдийн Миссисипи муж улсаас сонгогдсон сенатын гишүүн танигдаагүй Гарри Трумэнээр сольсон байдаг. Энэ бол нэн харгис үзэлтэй, ерөнхийлөгчийн баримталдаг улс төрийн бодлогод дайсагнан ханддагаа бараг нуудаггүй хүн байлаа. Улс төрийн энэ азгүй явдлаас болж, Рузвельт хүнд байдалд орж байсан нь баримтаас тодорхой харагддаг.
 
-Дэлхийн цар хэмжээний зүтгэлтэн, ялалт байгуулсан Гитлерийн эсрэг холбооны тэргүүний явуулж буй бодлого тодорхой нэгэн хүчний санаанд нийцэхээ болиход түүнийг улс төрийн тавцнаас заилуулаад оронд нь өөрийн хүнийг тавьсан нь тохиодлын хэрэг бус. Рузвельтийн бодлогыг эргүүлэх боломжгүй байсан тул түүнийг өөрийг нь үгүй хийхээс өөр арга байсангүй. Тэгээд л үгүй хийсэн хэрэг гэж Л.Н.Иванов батлан хэлсэнсэн.
 
Түүний энэ баталгаа нотолгоог та нар өөрсдөө эрэгцүүлэн бодоод үзэгтүн. Надад бол үнэмшилтэй санагдсан, одоо хагас зуун жилийн дараа ч тэгж санагдсан хэвээрээ байна. Энэ бүхний дээр бас нэгэн тодорхой үйл явдлын тухай нэмж хэлэх хэрэгтэй байна. Ерөнхийлөгчийн шарилыг яаран сандран оршуулах болсонд ихэд цочирдон гайхсан гэр бүлийнхэн нь - Франкпин Рузвельтийн эхнэр хүүхдүүд ерөнхийлөгчийн цогцсонд задлан шинжилгээ хийхийг шаардсан байдаг. 
 
Гэтэл ар гэрийнхний нь зүй ёсны шаардлагыг Гарри Трумэн, түүний дараагийн ерөнхийлөгч Бүгд найрамдах намын гишүүн Эйзанхауэр хоёрын аль аль нь хүлээж аваагүй байдаг. Энэ нь ч бас ойлгомжтой. Рузвельт түүнтэй өрсөлдөгч Ардчилсан намынх байсан. Гэтэл Ардчилсан намаас гарч ирсэн АНУ-ын шинэ ерөнхийлөгч, хүчирхэг Рузвельтийг хүндлэн дээдэлдэг, түүний үлэр жишээгээр явдаг Жон Кеннеди  яахлаараа Рузвельтийн гэр бүлийнхний хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан нь тэр үед олон хүнд ойлгомжгүй байлаа.
 
Гэнэт америкийн ерөнхийлөгчтэй санамсаргүй уулзаад чухамхүү тэр тухай асуучихсан юмдаг. Академич Л.Н.Ивановын хэлсэн үг санаанд минь тодхон байснаас болсон хэрэг байх л даа. Кеннеди ийм болчимгүй асуулт тавьсанд тун дургүйцсэн бололтой “Болж буй үйл явдалтай огт холбоогүй дэвэн дэлхийн юм асууж, шуугиан дэгдээх гэдэг энэ сэтгүүлчдийг яая даа байз" гэсэн аястай хатуухан үг хэллээ.
 
Ийм хатуухан няцаалт сонссон би балмагдан, тун хөөрхийлөлтэй амьтан харагдсан байлгүй. Кеннеди ч энэ муу нусгай сурвалжлагчийг арай “дэндүүлчихэв үү” гэсэн аятай тайвшран зөөлрөөд:
 
-За яахав, нэгэнт асуулт асуусан болохоор хариулах л хэрэгтэй юм даа. Рузвельтийн цогцост задлан шинжилгээ хийлгэх эрхийг би олголоо гэж бодъё. Тэгснээрээ бид АНУ-ын хүчирхэг ерөнхийлөгчийг босгож ирэхгүй. Харин харханд хор хаяж байгаа юм шиг ерөнхийлөгчөө хордуулан цааш харуулдаг гүрний тухай дэлхий дахин юу бодох болж байна? гээд Кеннеди хэсэг зуур дуугүй байсан байна. 
 
2015 оны “Хөх толбо’ сонины №4-тдоктор П.Нэргүй Их Монгол улсын асуудалтай холбогдуулан Франклин Рузвельтийн тухай бичихдээ:
 
“...Монгол улсыг Их Монгол улсын хэмжээнд төвхнүүлж бие даасан том улс болгох чиглэлийг дэвшүүлж байсан тохиолдол байдгийг бид “Хөх Толбо” сониноор хоёр гурван удаа толилуулсан. Их Монгол улсыг сэргээж бие даан хөгжүүлэх хувилбарыг дэвшүүлсэн том улс төрийг бид хүндэлж явдаг. Энэ бол Октябьрийн их социалист хувьсгалын идэвхтэй удирдагчдын нэг, жинхэнэ коммунист-большевик, марксизм-ленинизмийн том онолч Н.И.Бухарин юм. 
 
Түүний хэлсэн гол томьёоллыг сануулвал: “Монголыг хагаралдуулах бодлогоос татгалз. Харин Монголыг эвлэрүүлж олон овог аймаг, улсыг нь нэгтгэж, нэгдсэн Их Монгол улсыг нь байгуул. Ингэх нь бидний ирээдүйн зорилго болон ирээдүйн аз жаргалант гэрэл гэгээтэй баяр баясгалант Орос орны хувьд нэн ашигтай. Монголыг дарж, дарамталж хохироох биш, Монголыг дэмжиж хөгжүүлж, харилцан хамтран ажиллах нь чухал” гэжээ. 
 
Хэрэв Н.И.Бухарин нь И.В.Сталин шиг их Оросын шовнист үзэлтэн байсан бол хэзээ ч Их Монгол улсыг сүндэрлүүлэх асуудлыг тавихгүй байсан. Н.И.Бухарин марксизм-ленинизмийн нууцыг олж мэдсэн учраас  тэрбээр жинхэнэ коммунист-большевик болж чадсаныхаа ачаар Их Монгол улсыг байгуулах нь ЗХУ-д нэн ашигтай байх болно хэмээн хэлжээ.
 
Бид Монгол улсын талаар Н.И.Бухарины баримталдаг улс төрийн бодлогын чухал чиг шугамыг ийнхүү дахин толилуулахдаа коммунист биш мөртлөө нэгдсэн Монгол улсыг байгуулахын чухлыг ойлгосон дэлхийн том улстөрчийн нэг болох Ф.Рузвельтийг онцолж дурьдах хэрэгтэй. “Одоо цаг” сонины 2015 оны 2-р дугаарт “Крымийн уулзалтаар АНУ, Англи, Зөвлөлт нь БНМАУ-ыг хэрхэх хүлээн зөвшөөрсөн тухай Оросын томоохон сайт дэлгэв” гэсэн өгүүллийг Г.Ванжин орчуулж тавив. 
 
Дээрх өгүүллээс нэгэн ишлэлийг дуулгавал: “Өнгөн дээрээ БНМАУ гэж 1945 оноос хойш тусгаар тогтносон улс гэж байсан ч нарийн хэрэг дээрээ 1989 он хүртэл Монгол нь ЗХУ-ын хараанд байсан юм. Вашингтон яагаад Монголыг тусгаар болохыг эхэндээ хүлээн зөвшөөрөөгүй вэ. Ф.Рузвельт эхнээсээ Өвөрмонгол, Ар Монголыг нэгтэж Чингисийн үеийн “Нармай Монгол улс” байгуулж, дараа нь Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Сингапурын загвараар өндөр хөгжүүлээд Зөвлөлтийн Дорнод хилийг шахах бодлого явуулах гэж байсныг И.Сталин сүрхий ажигласан бол Мао, Чан Кайши хоёр мэдээгүй юм” гэлээ. 
 
АНУ Ерөнхийлөгч Ф.Рузвельт нь Монгол улсын улс төрийн статусыг нэгдсэн улсын шалгуураар дүгнэж явсныг бид “Одоо цаг” сониноос 2015 оны 2 дахь дугаараас л мэдэж байна. Ф.Рузвельт нь 1944 онд Монгол улсад өөрийнхөө дэд ерөнхийлөгчийг ирүүлсний нэгэн нууц ийнхүү Монголчууд бидэнд тодорч байгааг хэлэх хэрэгтэй. 
АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт бүр анхнаасаа л Өвөрмонгол, Армонгол хоёрыг нэгтгэж нэгдсэн Монгол улсыг байгуулах улс төрийн чухал чиг шугамыг баримтлахдаа бас АНУ-ын ирээдүйн геополитикийн том асуудлыг давхар хөнджээ. Нэгдсэн Монгол улсыг өндөр хөгжилтэй улс болгож, улмаар Зөвлөлт гүрний Дорнод хэсэгт том нөлөө үзүүлдэг чиглэлтэй улс болгохыг зорилоо. 
 
Энэ бол улс төрийн даацтай бодлого гэж бид үзэх ёстой. Монгол улсыг чухамдаа нэгдсэн Монгол улс болгож хувиргах явцад, өндөр хөгжилтэй орон болгох үйлсэд АНУ ямар ч л байсан Монголын олон лийдрүүдийг улс төрийн хэлмэгдэлтэнд өртүүлэх тийм бурангүй үзлийг Ф.Рузвельт баримтлахгүй л болов уу. Тэрбээр АНУ-ыг том колончлогч гүрэн, Нэгдсэн Монгол улсыг колончлуулагч улс гэсэн жаягаар хоёр улсын харилцаанд хандахгүй л болов уу. 
 
Хэрэв Ф.Рузвельтийн ийм улс төрийн чиг шугам Монгол улсад хэрэгжсэн бол манай улс нэгдсэн Монгол улсын төвшинд хүрч, ямарч л байсан улс төр эдийн засгийн бие даасан байдлыг олж Өмнөд Солонгос шиг, Сингапур шиг өндөр хөгжилтэй улс болж хувирах байсан” гэжээ. 
 
Украйнд дайн дэгдэж Крымий хойгийг Орост нэгтгэх болсонтой холбогдуулан дэлхий дахинд дахин олон янзын асуудлууд гарч ирж байна. 2015 оны 5-р сарын 9-нд ОХУ ялалтын яруу алдарт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ ойд АНУ-ын ерөнхийлөгч Обама оролцохоос татгалзсанаас гадна тэд 5-р сарын 8-нд өөрсдийнхөө ялалтын баярыг тэмдэглэхээр болов. 
 
Ямар ч болсон энэ онд Рузвельтийн талаархи яриа хөөрөө үргэлжилнэ. Сүүлийн үед АНУ-ын ерөнхийлөгч бол бие даасан хүчин биш том олигархиудын гар хөл бодлогыг нь хэрэгжүүлэгч захиалагийн хүн гэж бичих боллоо.
 
Тэр тусмаа 30-р зэрэглэлтэй массоны нууц байгуулагийн төлөөлөгч хэмээн тодорхойлох болов. Тэгвэл массончууд 1901 онд Ази номхон далайд Монголиян хэмээх Америкийн цэргийг хөлөг онгоцон дээр бодлогоо явуулж байсан билээ. Чин нэртэй Чайяна улс нь АНУ-ын эрх ашиг. Иймд Манжийн гүрний газар нутаг, засаг төрийн тогтолцоог өөрчлөхийг АНУ дэмжихгүй гэдгийг 1898 онд дэлхийн бүх улс гүрэнд бичгээр тунхагласан байдаг. 
 
Тэгэхээр Рузвельт массоны бодлогоос ангид Өвөр Монгол, Ар Монголыг нэгтгэсэн улс байхыг хүссэн ч байж болох юм. Чанкай шигийн ажиллагаа нь АНУ-ын түүхэнд тэмдэглэгдсэнээр АНУ-ын түүхэн дахь биелж амжаагүй төслийн нэг 7,6 тэрбум доллар зарсан гэж тэмдэглэжээ. Иймд дээрх асуудлыг судлах нь чухал юм. 
 
Эх сурвалж: "Хөх толбо"