sonin.mn

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн дагуу Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байгаа Авто худалдааны цогцолбор байгуулахаар болж, барилгын ажлыг эхлүүлсэн билээ. Үүний дагуу нийслэлд автомашин, автомашины сэлбэг хэрэгслийн худалдаа эрхлэгчид тус газарт үйл ажиллагаа явуулах юм. Тэгвэл өнөөдөр “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ Хас банктай хамтран ажиллахаар болж, гарын үсэг зурлаа. Ингэснээр авто худалдааны цогцолборт үйл ажиллагаа явуулах иргэд, аж ахуйн нэгжүүдэд Хас банк барьцаа хөрөнгөгүй, лизингийн зээлээр зогсоол худалдан авах боломжтой болж байна. Хас банкны төв байранд болсон гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын дарга Д.Байдраг, Хас банкны Иргэдийн банкны газрын захирал С.Мөнхболд нар оролцож, гэрээнд гарын үсэг зурсан юм.

 

 

Д.Байдраг: Иргэд 5000 зогсоолыг таатай нөхцлөөр худалдан авах боломжтой


 

 

Энэ үеэр “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын дарга Д.Байдрагтай ярилцлаа.

 

-Хас банктай хийж буй гэрээ бизнес эрхлэгч болон иргэдэд ямар боломжийг бий болгох вэ?

 

-Авто худалдааны цогцолборт баригдаж байгаа Өмчлөх эрхийн гэрчилгээтэй худалдаалагдах зогсоолыг автомашины бизнес эрхлэгчид бусад иргэд хулалдан авахад Хас банк төлбөрийн таатай нөхцлийг бүрдүүлж өгч байгаа. Хамтран ажиллах гэрээний хамгийн гол заалт бол одоо баригдаж байгаа ажлын гүйцэтгэл 70-80 хувьтай яваа автомашины зогсоолыг өөрийг нь барьцаалж тухайн иргэнд барьцаа хөрөнгө нэмж, шаардахгүйгээр авах боломжийг Хас  банк олгож байгаа юм.

 

-Нийт хэчнээн автомашины зогсоол байгаа вэ. Үүнээс хэдийг нь иргэд Хас банктай гэрээ хийн худалдан авах боломж бүрдэж байгаа вэ?


 

-Нийт 20.4 га газарт 6375 ширхэг орц, гарц нь нээлттэй автомашины худалдаа эрхлэх зогсоол бий. Үүнээс өнөөдөр 5000 зогсоол буюу 20 тэрбум төгрөгийн зогсоолыг иргэд Хас банкны таатай нөхцлөөр худалдан авах боломж нээгдэж байна. Ихэнх худалдаа эрхлэгчид маань жижиг дунд бизнес эрхлэгчид байдаг бөгөөд тэр бизнесийн болон эргэлтийн хөрөнгийн зээлтэй байдаг. Тэд түүндээ барьцаа хөрөнгөө байршуулсан байдаг юм. Тиймээс Хас  банкныхан тэдгээр бизнес эрхлэгчдэд энэ хүндрэлийг давж гарах, ажлын байраа бэлдэх, бизнесээ өргөжүүлэх, 20 жил албан бус явж ирсэн энэхүү бизнесийг албан болгоход маш их дэмжлэг үзүүлж байгаа. Мөн Улаанбаатар хотын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд Хас банкныхан энэхүү гэрээг байгуулсанаар томоохон үүрэг гүйцэтгэж байна.

 

-Зургаадугаар сарын 1-нд энэхүү төвийг ашиглалтад оруулна гэсэн. Тэгэхээр зургаадугаар сарын 1-нээс хот  дотор авто захуудыг нүүлгэх үү?

 

-Улаанбаатар хотод ил задгай автомашин худалдаалахыг өнгөрсөн 2014 оны аравдугаар сарын 1-нээс хориглосон. Хэрэгжиж эхлэх хугацаа нь НИТХ-ын тогтоолоор гарсан. Энэ нь хүчин төгөлдөр байгаа. Гагцхүү нийслэлийн бүтээн байгуулалт улирлын болон янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалан хойшилсонтой холбогдуулан энэхүү тогтоолыг хэрэгжилтийг хэсэг хугацаанд азнаад байгаа. Энэ чиглэлээр НЗД-ын Зам тээвэр, дэд бүтцийн орлогч даргаар ахлуулсан “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг бууруулах ажлын хэсэг” гарч ажиллаж байна.  

 

-Цогцолборт иргэд ямар үйлчилгээнүүдийг нэг дор авах боломжтой вэ?

 

-Авто худалдааны цогцолборт бид ажлын байрыг бэлдэж байгаа. Хөдөлмөрлөх орчныг нь хангасан гэдэг МХЕГ-ын байцаагч нарын дүгнэлт гаргаад журмынх нь дагуу нээлтээ хийнэ. Энэхүү цогцолбор нь хяналтын камер, хаягжилт, тэмдэг, тэмдэглэгээтэй, зарлан мэдээлэх үзель, утасгүй интернэттэй, хамгаалалтын хашаа, харуул, нэгдсэн хамгаалалттай орчин үеийн ил зогсоол юм. Тухайн цогцолборт банк санхүүгийн үйлчилгээ болон бүртгэл, шилжилт хөдөлгөөн, улсын дугаар, оношлогоо, даатгал, татвар, нотариат, хоолны газар, нийтийн бие засах газрыг бүгдийг нь эхний байдлаар шийдэн эхний ээлжээ ирэх зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

 

-Зээлээр авах зогсоолын үнэ хэд вэ?

 

-Эхний ээлжинд дандаа 4 сая төгрөгийн 3х6 хэмжээтэй жижиг зогсоолууд байгаа. Энэ нь суудлын автомашин, микроавтобус, зургаан метрээс утргүй дунд оврын ачааны автомашин зогсоно.

-Таван жилийн хугацаатай зээл олгоно-

 

Хас банкны Цайз салбарын захирал Д.Мухамедкалигаас уг зээлийн талаар  тодрууллаа.

 


-Энэхүү зээлийг иргэдэд ямар хугацаатай өгөх вэ?

 

-Авто худалдааны цогцолборын зогсоолд зориулан олгож байгаа зээл нь бусад зээлээс ялгаатай нь таван жилийн хугацаатайгаар буюу авч байгаа зогсоол нь өөрөө үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах хүртэл хугацаанд өөрийг нь барьцаалан нэмэлт үл хөдлөх хөрөнгө шаардахгүй олгохоороо онцлог байгаа.

 

-Хуучин автомашин худалдаж авах иргэдэд зээл олгож байгаа гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?

 

-Монгол Улсад гаалийн бүртгэлтэй автомашиныг шинэ гэж ойлгоод байгаа. Монголд орж ирсэн өөр оронд явж байсан автомашиныг бид санхүүгийн түрээсийн үйлчилгээгээр олгож байгаа бол бас Монгол Улсын нутаг дэвсгэрт  улсын дугаараа авсан автомашинд зээл олгож эхэлсэн. Энэ нь монголд орж ирээд 2 жил дотроо явж байгаа автомашинуудад 2-3 жилийн хугацаатайгаар зээл олгож байна.

 

-Энэ тохиолдолд зээлийн урьдчилгаа хэдэн хувийг төлж байгаа вэ?

 

-Бусад лизингтэйгээ адилхан 25-30 хуийн урьдчилгаа төлнө.  Хүүний хувьд зөрүүгүйгээр барьцаа нь авч байгаа автомашин байна. Мөн бизнесээс нь хамааруулан үл хөдлөх хөрөнгө шаардаж байгаа.

 

Сонирхуулахад "Авто худалдааны цогцолбор"-ын “Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаа” маргааш 10:00 цагт Хангарьд ордны 14-н давхарт болох юм байна.

Г.Даша