sonin.mn
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн "Өвсний Үндэс" хөтөлбөрөөс нийт 159 сая 554.853 төгрөгийн санхүүжилтээр Хан-Уул дүүргийн 71 дүгээр цэцэрлэгийн их засварын ажлыг хийхээр боллоо.
Тус цэцэрлэгийн их засварын төсөл болон Японы төрийн бус байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургуулийн тогтолцоог бэхжүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Японы ЭСЯ-нд болов.
 
Төслийн гурван талт гэрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн захирал Тоёода Мицүаки нар гарын үсэг зурав.
 
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү хэлэхдээ, “Япон улсын Засгийн газраас “Өвсний үндэс”, “Төрийн бус байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлдэг буцалтгүй тусламжийн хамтын ажиллагаа”, “Соёлын өвсний үндэс” гэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Өнөөдөр хоёр төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү төслүүд хэрэгжсэнээр хүүхэд багачууд тохилог сайхан орчинд хүмүүжнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
 
 
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг ярихдаа, “Өвсний үндэс” хөтөлбөр Монголд хэрэгжиж эхэлснээс хойш олон хүүхдүүдийн сурч хөгжих, боловсрох орчныг сайжруулах чиглэлээр маш их ажил хийсэн. Манай дүүрэг өмнө нь 550 гаруй сая төгрөгийн тусламж авч байсан. Өнөөдөр 71 дүгээр цэцэрлэг нь 159 сая төгрөгийн тусламж авснаар нийт 715 сая төгрөгийн дэмжлэг авч байгаа юм. Тус цэцэрлэг нь 1979 онд байгуулагдсан. Нийт 290 хүүхэд хүмүүждэг. Дээвэр, цонх, хана нь нэлээд муудсан. Энэ төсөл хэрэгжсэнээр бидний ирээдүй болсон хүүхдүүдийн сурч хөгжих орчин нөхцөл сайжирч, ирээдүйд зөв хүн болж төлөвших, сайн хүн болох үйлсэд хувь нэмрээ оруулж байна. Их засварын ажлаа хугацаанд нь чанартай, үр дүнтэй хийх болно гэв.
 
“Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 71 дүгээр цэцэрлэгийн их засварын төсөл”-ийн тусламжийн хэмжээ нь 87.218 ам.доллар бөгөөд хуучирч муудсан цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдүүдэд зориулж эрүүл, тав тухтай, стандарт хангасан цэцэрлэг болгон засварлахыг зорьж байгаа аж.   Энэхүү төсөл нь Монгол Улсад хэрэгжүүлж буй 20 дахь төсөл болж байгаа бөгөөд нийт 1 сая 799 мянга гаруй ам.доллар буюу ойролцоогоор 3 тэрбум 375 сая 942 мянга гаруй төгрөг болох юм.
 
Японы ТББ-уудтай хамтарч хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургуулийн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн тусламжийн хэмжээ нь 378,529 ам.доллар байх аж. Энэхүү төслийг Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын Төрийн бус байгууллага болох Японы Хүүхдийг Ивээх Сан хэрэгжүүлнэ. Уг төсөл нь бага боловсролын сургуульд суралцдаг бага насны хүүхдүүд бие даан суралцах чадвар эзэмшихийн тулд шаардлагатай боловсролын орчинг бүрдүүлэхийг зорилго болгосон төсөл бөгөөд энэ сараас Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн 24 бага сургуульд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: