sonin.mn
Эдүгээ бараг бүх хүний анхаарал Гачуурт, Ноён уул, Оюу Толгой, Таван Толгойд чиглэж байна. Энэ асуудлаар монголчууд толгой дараалан “профессорын зиндаанд” байгаа учраас энэ удаа ярих нь илүүц хэрэг гэж үзэв. Харин эдгээр асуудлуудаас болоод анхаарлын гадна үлдсэн асуудлууд, нэн ялангуяа улс төрийн асуудлуудыг ярих нь арай дээр байх. “Улс төр бол эдийн засгийн бодлогын төвлөрсөн илэрхийлэл” гэсэн үндэслэлийг одоо болтол хэн ч няцаагаагүй болохоор “төвлөрсөн илэрхийллийг” нь шинжлэвэл сая системийн анализ болно. Энэ тухай өгүүлсү… 
 
Төр задрахад дээрэмчид завшдаг
Дашрамд дурдахад сүүлийн үед над руу системийн анализ хийх шиг амархан зүйл үгүй гэж дайрагсад тун их олширч байна. Над руу дайрч болох ч өөрсдөө юу ч хийхгүй болохоор хол явахгүй л дээ. Зөвхөн амаараа ажил хийдэг тэдгээр монгол сэхээтний анализ хийхийг хүлээвэл хэний ч нас хүрэхгүй биз… Монголын улс төрд сүүлчийн задрал явагдаж байна. Бүр тодруулж хэлбэл улс төрийн эрх баригч хүчний задрал явагдаж байна. Энэ балай юмаа “хүчний дахин хуваарилалт” гэж тэд тайлбарлаж байна. Ямар балдуушных нь хүчний дахин хуваарилалт байдгийм…
 
АН бүрэн утгаараа задарч байна. Саяхан явуулсан хоёр ч судалгаагаар АН-ын рейтинг 16 хувь болтлоо навс унажээ. Анх удаагаа намын болон миний явуулсан судалгаа давхцав. Ямар ч гэсэн намын “судлаачид” үнэнд гүйцэгдэж судалгааны үр дүнг “бодитой” гаргадаг болсон байна.
 
АН угаасаа олон фракцтай. АН-ын амжилт фракцуудын нэгдэл, гадаад дэмжлэг, МАН-тай тогтоосон холбоо гэсэн гурван хүчин зүйлээр тодорхойлогддог. Одоо бол Засгийн Газар явцгүй, ирээдүйгүй, улмаар АН 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдах нь бараг тодорхой болов. Энэхүү илт тодорхой нөхцөл байдлыг АН-ын бараг бүх хүн мэдэрч байна. Энэ талаар “юу ч мэдэхгүй” Монос Эрдэнэчимэг хүртэл ил тод ярих болов. Ингэхлээрээ л болохоо байчихаж байгаа юм…
 
Яасан гэхээр Засгийн Газар солигдмогц дунд болон анхан шатанд буй Н.Алтанхуягийн хүмүүсийг шахан зайлуулах гэсэн оролдлого намын дотор дайн дэгдээжээ. Уг нь заль, маневр сайтай Н.Алтанхуяг яаж ийгээд аргалаад тогтоогоод байсан бололтой. Ингээд сонгуульд бараг бэлэн болоод буй намын системээ эвдээд эхлэв. Н.Алтанхуягийн бий болгосон зүйлийг систем гэж нэрлэж болохгүй ч системтэй төстэй зүйл бий болоод байсан юм. Шинэ эрх баригчдын сонгуулийн өмнө нам дотроо “ашигтай байрлал” эзлэх гэсэн энэхүү тэнэг өрсөлдөөн нам доторхи дайн болон хувирав. 
 
Дунд болон анхан шатанд өрнөсөн энэ дайн дээшээ шатлан өргөжиж, угаасаа ихээхэн зөрчилтэй байсан элит хэсгийг антагонист зөрчилд оруулав. Ийнхүү АН-ын гүн гүнзгий зөрчил антагонист зөрчил болон хувирч бүрэн утгаар дайны байдалд оров. Ингээд сонгуулийн суудлын төлөө амь хайргүй өрсөлдөөн эхэлж байна. 
АН-д хамгийн чухал зүйл нь фракц байдаг. Хүчтэй фракц түшсэн хүн “төв намд” шахалт үзүүлж, нэр дэвших эрх олох болно. Иймээс “уламжлал ёсоор” АН-д фракцийн хөдөлгөөн өрнөж байна. Эдгээр нь дээрэмчдийн бүлгээс онцын ялгаагүй юм. Хаалга үүд эвдэх энэ тэр бол хүүхдийн тоглоом бөгөөд зөвхөн эхлэл юм. Уламжлалт зарим фракц “нэр хүндээ барсан”, “хүч чадлаа шавхсан” учраас шинэ фракцуудад хүчээ бүлэглэх нь мэдээж хэрэг. Юуны өмнө хамгийн хүчирхэг “Алтангадас”, “МоАХ”-оос задрал эхэлж олон бүлгүүдэд шилжиж байна. Энд их сонин зүй тогтол ажиглагдаж байна.
 
Хуучин бол нэг бүлгээс нөгөө бүлэг рүү шилжилт явагддаг байсан бол одоо шинэ бүлэг бий болгох оролдлого шинээр бий болов. Энэ шилжилтийн өнгөц үзэгдлийг зарим сэтгүүлчид дурдсан боловч цаад шалтгаан хийгээд механизмыг тэд огт мэдэхгүй байна.
 
АН дахь Н.Алтанхуягийн хүч олон хүний санаж байгаагаас асар их юм. Үүнийг дээд хүрээлэлд маш сайн мэдэж байгаа. Иймээс маш яаралтай “Алтангадас”-ыг задлах шаардлага үүсэв. Үүний тулд тэд МоАН (Монголын Ардчилсан Нам) гэдэг шинэ фракц байгуулав. Энэ фракцид нэгдсэн УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Батхүү, Ц.Оюунгэрэл, А.Бакей, Ш.Түвдэндорж нар үүнийгээ “санаачлага” гэж нэрлэж байгаа ч үнэн хэрэг дээрээ Засгийн Газрыг түшсэн шинэ фракц юм.
 
Тэд шинэ фракциа “баруун солгойгүй” тендер амлаж байгуулсан гэж үзэх бүрэн үндэс бий. Энэ бол “хуучны шалгарсан арга” боловч одоо бол тийм ч найдвартай биш юм. Учир нь энэ бол Засгийн Газрыг тогтоон барих ганц зорилготой, мөн Н.Алтанхуягийн эсрэг фракци юм. Эндээс харахад эрх баригчид Н.Алтанхуягаас маш их айж байгаа нь илт байна.
 
Ямар сайндаа түүнийг АТГ дуудаж байхав. Энэ ч тийм ч их шалгарсан арга биш юм. Хэрэв Н.Алтанхуяг “бүр том олон” баримт гаргавал АТГ ажлаа яаж хийж, “холбогдож болзошгүй” томчууд хаашаа харж “үхэх юм” болж байна ?!  АН-ын удаах том фракци МоАХ задарч эхлэв. Шинэ эрх баригчид байнгын сөрөг хүчин МоАН-г устгахын тулд Х.Баттулгын бондын мөнгө авсан баримтыг сөхөн гаргаж ирэв. Бондын мөнгөөр “баригдсан” түүнээс өр хүн АН-д байхгүй юм. Ингээд Х.Баттулгыг “жагсаалаас” бараг гаргаж байна. УИХ-д 9 хүнтэй байсан энэ фракцийг таслан хуваав.
 
Олон хүн МоАХ-г устгасан гэж бодож байгаа. Гэвч энэ бол тун их эндүүрэл юм. МоАХ бол өөрөө АН-ын бренд, нэр төр байдаг юм. Энэ фракцид ганц хүн үлдсэн ч сонгуулийн үеэр ардчиллыг бид байгуулсан, одоо МоАХ-гоо сэргээнэ гэхэд түүнийг дагах хүмүүс гараад л ирэх юм. Энэ хүчийг олон хүн “мартсан” байна. Түүнээс гадна Х.Баттулга “гуравдахь хүчнийг” дэмжиж эхлэв.
 
АН дахь эхний хоёр том фракци ингэж задарч байхад гуравдахь “Шонхор” фракци хүчтэй болох ёстой мэт санагдана. Гэтэл ийм зүйл болохгүй байгаа нь судалгаанаас илт харагдаж байна. Мөн Ерөнхий сайдын “шинэ” фракци ч явах шинж алга. АН-ын рейтинг навс унаад байгаагийн цаад механизм нь энэ юм.
АН-д “уламжлал ёсоор” олон фракци байдаг хэдий ч одоо бол намын даргын болон Ерөнхий сайдын гэсэн үндсэн хоёр фракцийн хооронд “хуваагдан жагсах” нь тодорхой юм. Хуваагдан жагсахаасаа өмнө намын лидерээ тодорхойлох ёстой учраас нэлээн хатуу дайтаж таарна… 
Энийг бол төсөөлж болох ч нийтэд хэлэх юм биш…
 
АН дахь задралын аюулыг мэдэрсэн фракци бүлгүүд сөнөж байгаа усан онгоцны дэргэд өөр өөрийн завийг барьж эхлэв. “Завь” гэдэг нь 2016 онд “юмыг яаж мэдэхэв” гэж байгуулж буй фракц болон фракцитай төстэй “юмнууд” болно. АН-ын тугийг олон тасдаж нэг нэг дошин дээр гарч “намайг тойроод ирцгээ” гэж орилох болов. Үүнийхээ хажуугаар төр хэмээх усан онгоцноос аль болох их зүйл хулгайлж дош руугаа чирэх болов. Дош руугаа ч гэж дээ, гэр гэр рүүгээ зөөж байна. Ичиж айхаа ч болив. Бүр гэгээн цагаан өдөр хулгай хийдэг болов. Төр задрахад дээрэмчид завшдаг гэж юутай үнэн…
 
Энэ бол АН 2016 онд гарцаагүй сөнөхийн дохио мөн. Мөн АН гарцгүй болсны тод нотолгоо юм. Тэдний энэ үйлдлийг хамгийн “тэнэг үйлдэл” гэж ойлгож болох ч өнөөгийн нөхцөлд хамгийн “зөв” үйлдэл юм. Удахгүй болох АН-ын хуралд “төв намдаа” фракц болон фракцитай төстэй “юмны” тусламжтайгаар шахалт үзүүлж аль болох зонхилох байр суурь эзлэх нь тэдэнд хамгийн чухал юм. Энэ нь АН-аас УИХ-ын хамгийн олон суудал олж авах гол нөхцөл болно гэж тэд тооцоолж байна. Гэхдээ энэ нь нийт намаа сулруулж үхлийн аюулд хүргэж байгааг хэн ч тоохгүй байна. 
 
Н.Алтанхуяг Засгийн Газрыг “занаж” байна. Энэ ч мэдээж хэрэг юм. Сайн ч бай, муу ч бай, бэлтгэсэн намын системийг нь эвдэж хаяад, нам дотор антагонист дайн дэгдээгээд хаяхаар чинь аргагүй шүү дээ. Түүнийг олон хүн орь ганцаараа Жамуха шиг үлдсэн гэж бодож байгаа боловч огтхон ч тийм биш. АН дахь хаосаас болоод Н.Алтанхуягийг санагалзах үзэл маш хурдан сэргэж байна. Энэ бол “аймшигт хүч” бөгөөд АН “тэнэгтэх” хийгээд цаг хугацаа өнгөрөх тутам улам хүчтэй болох нь гарцаагүй. Түүнээс гадна Засгийн Газрыг унагах хангалттай “нууц хүч” УИХ дахь АН-ын бүлэгт байгаа…
 
МАН баярлах эртдэнэ
Одоо огцрох асуудалд тулгараад буй С.Баярцогтод хоёр зам бий. Нэгдэх нь өөрөө огцрох. Удаах нь тушаал өгсөн хүнийг барьж өгөх. Энэ нь Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж, С.Баяр гурав юм. Аль ч хувилбараар түүний улс төрийн каръер дуусна. Мөн аль ч хувилбараар төр нурна… Ч.Сайханбилэг, С.Баярцогт гэсэн хослолд С.Баярцогт нь илүү “ажилсаг”, бүх төрлийн гэрээ хэлэлцээр хийдэг, ихээхэн туршлагатай. С.Баярцогтгүй бол энэ Засгийн Газар амьгүй гэсэн үг. Тэгэхлээр С.Баярцогтоор оролдох нь Засгийн Газрын эсрэг хамгийн үр дүнтэй хэрэгсэл юм. Энэ асуудал цааш шатлан өргөжиж Засгийн Газрын амь насанд хүрэх нь бараг гарцаагүй.
 
Үнэндээ бол Засгийн Газар МАН-тай тогтоосон холбоо, Ц.Элбэгдоржийн дэмжлэг дээр тогтож байгаа юм. Хэрэв асуудал цааш задарвал төрийн тогтвортой байдлын асуудал бүхэлдээ хөндөгдөх нь гарцаагүй. Эдүгээ яг энэ асуудлыг улс төрийн бүх хүчин, бүх улс төрчид бодож эрэгцүүлж байна.
 
Олон хүн С.Баярцогтын асуудлыг АН-тай холбон үзэж байгаа нь буруу ойлголт юм. Уг нь бол С.Баярцогт Засгийн Газартай, улмаар Засгийн Газар нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой, мөн МАН-ын “удирдан чиглүүлэгч” С.Баяртай олон сэжмээр шууд холбоотой. Ингэхлээр энэ асуудалд МАН маш их холбоотой юм. Гэтэл МАН чив чимээгүй байна. Хэрэв МАН чимээгүй байвал заавал нэг том гэм хийсэн байдаг нь зүй тогтол юм.  Анхнаасаа Засгийн Газар байгуулахад МАН ихээхэн зөрчилтэй байсан. Орно, орохгүй гэж их маргасан. Гэвч хэн нэгний тушаалаар, мөн хэн нэгний зөвшилцөөнөөр орно гэсэн шийдвэр гаргасан. Тэр хүмүүсийг Та бүхэн таамаглаж байгаа гэж найдаж байна.
 
Гэтэл АН-ын эвгүй задрал МАН-д халдварлав. Засгийн Газарт “орно, орохгүй” гэсэн асуудал эхлээд “гарна, гарахгүй” гэсэн асуудал болон хувирав. Сүүлдээ үүнийгээ ямар нэг байдлаар хэвлэлд ил хэлдэг болсон юм. Хэдхэн хоногийн дараа эл асуудал “хэзээ гарах вэ” болон хувирч “одоо гарах”, “жаахан хүлээе” гэсэн хөгийн хувилбарт ороод байна. Үүнийгээ олон нийтэд юу гэж хэлэхэв.
 
МАН “одоо гарсан” ч, “жаахан хүлээсэн” ч ял зэмээс мултарч чадахгүй гэж би бодож байна. Учир нь МАН-ын рейтинг бас л 17 хувь болон навс унажээ. АН-ын рейтинг унахаар МАН-ын рейтинг өсдөг зүй тогтол түүх болон үлджээ. Монголын ард түмэн энэ хоёр намыг үзэн ядаж байна.  МАН болохоор АН-ын “гудамжны нөхдүүд” орж ирээд төр үймүүллээ гэж сурталдаж байгаа боловч яг судлаад үзэхээр АН-ынхан ах намынхаа аргыг “хэт түгээмэл” хэрэглэсэн алдаа л гаргасан юм. “Ах нь сургаж, дүү нь сурдаг” гэсэн үг бий л дээ. Тэгээд ч түрийвч нэгтэй ахан дүүс л дээ… Одоо бол МАН-ын зарим нөхдүүд АН-ын дампууралд баярлаж байгаа нь дэндүү их эндүүрэл. Тэгж ярих юм бол хамгийн их аюул МАН-д бий.
 
1. МАН-д АН-аас олон нийтэд танигдсан залуучууд бий.
 
2. МАН-ын удирдах бүрэлдэхүүн бүхэлдээ хөгширсөн бөгөөд хоцрогдсон.
 
3. МАН-д лидерийн асуудал бүрхэг байхад АН-д тов тодорхой хэдэн хүн (?!) байна. Тэдний ялсан нь намаа жолоодно. Харин МАН ?!
 
4. ….(Энэхүү системийн шинжилгээг нийтэд хэлэх боломжгүй.)
 
Саяхан МАН С.Баярцогтыг цээжээрээ хамгаалав. Одоо Засгийн Газрыг цээжээрээ хамгаалах уу ? Коммунист ёсоор Александр Матрасов болж пулёметны амыг цээжээрээ хаах гэж байгаа бол хамаа алга. Александр Матрасовт бол итгэл үнэмшил байсан, харин МАН-д бол мөнгөний л эрх ашиг байгаа…Ахиад хэлье, хамгийн их аюул МАН-д байгаа. Харж л байгаарай…
 
“Орно орно”гэж орилчихоод одоо “гарна гарна” гарна гэж чарлах хаанахын ёс юм ?! Хүүхдийн цэцэрлэг юм уу ?! Эхлээд “орно орохгүй” гэж будилж байгаад орохоор болсон. Дараа нь “гарна гарахгүй” гэж бантан хутгаж байна. Цаанаа болохоор “одоо гарах”, “жаахан байзнах”-ын аль нь “ашигтай”-н талаар тооцоо бодож байгаа нь МАН үнэн болохоо байсны баттай шинж юм. Ердөө л гурван сарын дотор ингэж будилна гэдэг бол МАН-д ямар ч бодлого байхгүйн баттай шинж юм. 
 
“Шинэчлэлийн Хорооны” шидэт хувирал
МАН-д ямар үйл явц болж байгааг дам болон бусад шинж тэмдгээр хялбархан дүгнэж болно л доо. Ухаандаа МАН-ын “Шинэчлэлийн Хороо”-ны жишээн дээрээс МАН-ыг тольдон харж болно. Үүнийг системийн анализад “аналоги дедуктив зарчим” гэдэг. МАН-ын “Шинэчлэлийн Түр Хороо” гэдэг сүртэй байгууллагыг бүгдээрээ санаж байгаа. Ингээд үйл явдлыг хронологийн дэс дараагаар аваад үзье:
 
2013.03.05. МАН-ын Шинэчлэлийн хороо “Нэгдсэн Монгол” гэх намын жигүүр байгуулах санаачлага гаргаж, гарын үсэг цуглуулж эхлэв. Т.Аюурсайхан “намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, олон ургалч үзэл бодлыг дэмжих, хүчтэй нам болохын төлөө жигүүр байгуулах санаачлагыг шинэчлэлийн хорооноос гаргасан” хэмээв. МАН-ын Бага Хурлын 10 гаруй хүн гарын үсгээ зурав.
Тайлбар: Үүнийг сайнаар яривал “намаа шинэчлэх”, муугаар яривал “намдаа шахалт үзүүлэх” гэж нэрлэж болох ч тэр үед дүгнэлт өгөх бололцоогүй байсан юм.
 
2014.07.07. Шинэчлэлийн Хороо “Монгол Ардын Намын бодлого, шинэчлэлийн хөтөлбөр”-өө МАН-ын XXYII Их Хурлаар хэлэлцүүлэв. Шинэчлэлийн хорооныхон 2013 оны 7-р сараас 10 дугаар сарын хооронд 21 аймаг, 75 сумын иргэдтэй уулзжээ.
Тайлбар: Амлаад байсан жигүүрээ байгуулсангүй.
 
2014.04.14. Шинэчлэлийн Хороо хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлж, төрийн бус байгууллагын статустайгаар ажиллаж эхлэв. Мөн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн МАН-ын Шинэчлэлийн хороодыг албан ёсоор байгуулж, гэрчилгээ, тамга тэмдгийг нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулжээ.
Тайлбар: МАН-ын шинэчлэл МАН-ын дотоод асуудал биш, нийт нийгмийн асуудал болон хувирч байна. Мөн МАН зэрэгцээ, давхар бүтэцтэй болсон нь тодорхой байна.
 
2014.04.14. МАН-ын Шинэчлэлийн Анхдугаар Их хурлыг хуралдуулна гэдгээ албан ёсоор зарлав. 
Тайлбар: Намаас зарлаагүй байхад Шинэчлэлийн Хурал зарласан нь МАН-ын дотоод тэмцэл ихэд хурцадсаныг харуулж байна.
 
2014.10.03. Шинэчлэлийн Хороо “Хүсэл зорилгоо нэгтгэе” гэж Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд гэр барьж улс төрийн тэмцэл өрнүүлэв. Тэд Ерөнхий сайд Н.Алтанхуягт хариуцлага тооцох тэмцэлд үзэл санаа, үйл хэргээ нэгтгэн хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг хийж түүнийг 12 зүйлээр буруутгав.
Тайлбар: Үүнийг улс төрийн үүднээс буруутгах аргагүй ч МАН-ын шинэчлэл, Засгийн Газрын эсрэг тэмцэл хоёр үнэндээ ямар ч холбоогүй юм. МАН-ын залуус “намаа шинэчлэх” зорилгоосоо хаа хамаагүй халин гарч байна.
 
2015.01.07. МАН-ын Шинэчлэлийн Хорооны дарга Т.Аюурсайхан ШӨХТГ-ын даргаар томилогдов. 
Тайлбар: Энэ бас л байж болох явдал ч улс төрийн үүднээс дэндүү харалган, хэт аминч үйлдэл юм.
 
2015.01.27. МАН-ын Шинэчлэлийн хороо ХБХ зарлан Монголын “Эдийн засгийн алуурчдыг” зарлав. Тэр нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Сангийн сайд асан Ч.Улаан, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал дөрөв аж.
 
Тайлбар: Яг эндээс МАН-ын залуучууд ямар увайгүй, утгагүй эвдэрсэн болох нь илт харагддаг юм. Тэд АН “дүүрэн алуурчинтай”, МАН ганц ч “алуурчин байхгүй” гэсэн хачин тэнэг үндэслэл гаргаж байна. Гэхдээ МАН-ын залуучууд бүгдээрээ ийм балай тэнэг байдаг гэж би ойлгохгүй байна. 
Эндээс дараах дүгнэлтийг хялбархан хийж болно:
 
1. МАН залуучуудаа ялгаварлан үзэж, зөвхөн сонгон авсан хэдхэн тэнэг залуусыг “удирдан” жолооддог. Тэд нь хөгшин төгцгүүдийн залуу багтай “бууны нохой” болон хувирч удалгүй замаа алддаг.
2. МАН-д ч гэсэн эдийн засгийн алуурчид хангалттай олон буй. Нэг алуурчны өвөр дээрээс нөгөө алуурчдыг довтолдог тэнэг үйлдэл байж болохгүй.
3. Эдийн засгийн алуурчин Ц. Баярцогтыг (Ч.Сайханбилэгийг) цээжээрээ хамгаалчихаад бусад руу нь дайран довтолдог ялгаатай ёс суртахуун гэж байх ёсгүй.
4. МАН-ын залуучуудыг дарга нарын ивээлд байдаг цөөн тооны дарга болох хэнээтнүүдээс ялган үзэх бодит шаардлага бий болж байна.
5. Хэрэв Шинэчлэлийн Хороо МАН-ын байгууллага юм бол намынхаа ажлыг хийх ёстой. Нам төрийн ажлаа зааглаж мэдэхгүй бол улс төрөөр оролдох хэрэггүй.
Ингээд манай уншигчид Шинэчлэлийн Хорооны залуучуудын жишээн дээр МАН-ын дотоод зөрчлийн асуудлыг бага ч болов ойлгосон гэж би бодож байна. Харин эдгээрийг хэн хэн удирддаг, хэн хэн баадууддаг асуудал бол жич анализын сэдэв юм. Харин энэ бол ихээхэн сонирхолтой. Намайг энэ талаар бичих хооронд Та ч гэсэн бодоод үзэхгүй юу даа….
 
Мөнхийн рашааны эрэлд
Ц.Элбэгдорж гэж улс төрийн мөнхийн рашаан хайсан нэг нөхөр байх. Тэр нь мэдээж олдохгүй. Тэгээд тэр “мөнх” байж болзошгүй бүх хүнийг “алахаар” шийдсэн бололтой.  Тэр хамгийн эхлээд Монголын хамгийн ирээдүйтэй, хамгийн өндөр мэдлэгтэй, шилдэг сэхээтэн Иргэний Хөдөлгөөний Д.Энхбатыг бүх хуулийг уландаа гишгэн байж улс төрөөс зайлуулсан юм. Түүнийг золтой л шоронд хийчихээгүй. Үүнийг олон хүн анзаараагүй. Дараа нь МАН-ын дарга С.Баяртай нийлэн гол өрсөлдөгч Н.Энхбаярыг зайлуулав. Энэ талаар олон хүн бичсэн болохоор нэмж хэлэх зүйл үгүй.
 
Түүний энэ үйлдэл Монголын улс төрөөс энхбаяризмыг цэвэрлэх биш, харин түүний оронд “хоёрдугаар Энхбаяр” болж, өөрийн гэсэн “дарангуй шинэ дэглэм” тогтоосонд оршино. Ингээд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч “болчихмоор” буюу төр барьчихмаар “сэжиг бүхий” бүх хүнийг замаасаа зайлуулах хорон үйлдэл хийсээр ирснийг хялбархан ажиглаж болно. Үүнийг “төр сүйрүүлэх” хүмүүн бусын зөн билгийн араншин гэж ч нэрлэж болно. Би түүнийг “төр сүйрүүлэх авъяастай” гэж бат итгэдэг ба миний ийм нэртэй өгүүлэл ч буй. Ингээд Н.Алтанхуягийн ээлж болов. Хөшигний цаана болон ил болсон олон тулалдааныг энд дурдаад яахав. Лав л Н.Алтанхуягийн эсрэг 3-4 удаа том хэмжээний дайралт хийсэн юмдаг. Энэ болгон нь Ц.Элбэгдоржийн болон хэн нэгний амжилт гэхээсээ төрийн дажин болон хувирч монгол төрийг сулруулан доройтуулж байлаа. 
 
Энд би Н.Алтанхуягийн зөв байсан гэж огт хэлээгүй, зүгээр л шинэ феодалуудын төр сүйрүүлэгч дайн дажны тухай ярьж байна. Ингэмэгц нь МАН-тай нийлж байгаад унагадаг шалгарсан хуучин аргаараа ажиллаж Н.Алтанхуягийг унагав. Энэ талаар би “Хямралын гурван шалтгаан”, “Цагаан шаазан цавтайхан байвал цайгаа уухаа болих ууд аа хөө”, “С.Баярын түүхий хоол” зэрэг олон өгүүлэлдээ тодорхой дурдсан…
 
Ямар ч гэсэн энэ Засгийн Газар бол Ц.Элбэгдоржийн Засгийн Газар юм. Энэ Засгийн Газар үндэсний гэхээсээ гадаадынханд үйлчлэх шинж чанартай гэдгийг түүний бүх үйлдэл баттай харуулж байна. Сүүлийн үед ноён Ц.Элбэгдоржийн ёс бус, хууль бус үйлдэл хэрээс хэтэрч байна. Хэрэв тэр “төрийн эрх барих дээд байгууллага” УИХ-тай байлдах чадвартай, тийм боломжтой гэж үзэж байвал дэндүү их эндүүрч байна. 
 
Мөөм нь хавдсан Энхбаяр
Саяхан болтол “Шударга ёс Эвсэл” Засгийн Газрын хувь заяаг яаж л бол яаж шийднэ гэдэгтээ итгэлтэй байсан бол одоо тэр нь үлэмж эргэлзээтэй болов. Аль 2012 онд авсан суудлаараа гайхуулах одоо бол лөөлөө болов. Одоо Эвсэлд МАХН-аас: О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ч.Улаан, Л.Цог, Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, МҮАН-аас: Н.Батцэрэг, Ц.Цолмон, М.Сономпил, Г.Уянга нар байгаа. Нийт 10 гишүүнтэй. Засгийн Газар унагах болон С.Баярцогтын үйл явдлаас болоод лав л Л.Цог МАХН-аас бараг гарчихаад байна. Ингээд 9 болж байгаа юм. Н.Энхбаяр Л.Цогийг 3 цаг шахам рэкетлэсэн боловч нөгөө хашир нь бууж өгөөгүй юм. Хэрэв би эндүүрээгүй бол УИХ-д дахь намын бүлэг 8 гишүүнтэй байж бүрддэг. Ийм нөхцөлд хүн сүрдүүлэх боломж их бага л даа…
 
Яг энэ үед Н.Энхбаяр ирэв. Мөөм нь хавдчихаж. Би түүнийг дотор нь орсон мэт мэднэ. Түүнийг хүчтэй байхад нь би яс тэмцсэн, ингэж ч чадсан гэж бодож байна. Мөн хүчгүй үед нь түүнийг өшиглөөгүй. Ийн үйлдэхэд ёс суртахууны ихээхэн зөрчилд орж, чамгүй их тэвчээр шаарддаг юм билээ. Харин одоо Н.Энхбаярыг “зүгээр байгаад өгөөсэй дөө” гэдгийг сануулья гэж бодож байна. Ер нь Н.Энхбаяр бушуухан явсан нь дээр л дээ… Намын өмнөх дарга нар Г.Очирбат, Б.Даш-Ёндон нар “зүгээр байгаад” болоод л байна. Өмнөх Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди нар “зүв зүгээр” байж л байна. Н.Энхбаяр яахаараа зүгээр байж чаддаггүй, дандаа нам төр үймүүлж бусниулж байх учиртай юм ?! 
 
Олон түмний ухамсар сэтгэхүй хийгээд үйлдэлд ихээхэн өөрчлөлт гарч байна. Эрх баригчдын шууд худалдан авдаг тэнэг хүмүүс цөөрч байна. Эрх баригчид энэ хандлагыг мэдэж олон түмнийг дотроос нь үймүүлэх гэж олон янзаар оролдож байна. Үүний нэг илрэл нь Н.Энхбаярыг “байн байн авчирч” буй явдал юм. Гэтэл “түүхэн рольдоо” итгэсэн Н.Энхбаяр үүнийг огт ойлгохгүй байна.
 
Н.Энхбаяр жирийн орчуулагчаас соёлын сайд, улмаар МАХН-ын дарга, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд хар залуугаараа “сансарт нисч” хувь хүний үзэж болох бүх өндөрлөгийг үзээд “улс төрийн насаа” дуусгачихсан. Харин “улс төрийн нас” бол биологийн нас шиг хатуу ойлголт юм. Улс төр судлалын дурын сурах бичигт лидерийн улс төрийн насыг 8-12 жил гэж тодорхойлсон байдаг.
 
Манай улс төрчид л гэж эрүү “өвдөг нь нийлчихээд” хорь гучин жил улс төрийг түйвээж байгаа хөгийн улсууд байна. Та бүхэн эдний нэрсийг цээжээрээ мэдэх учраас би дурдах нь илүү ажил болох биз. Шинэ засаг Босоо хөх Монголын” өлсгөлөнг “даран сөнөөж” анхны “ялалтаа” байгуулав гэж бодож байгаа.
Гэхдээ энэ бол “шувтарсан цагаан бумбандаа” орж буй хэрэг юм. Р.Чойнямын нэг ийм шүлэг байдаг даа…
 
Судлаач Х.Д.Ганхуяг
 
Эх сурвалж: ganaa.mn блог

 

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?