sonin.mn
Би үзэг цаас ойртуулж үг хэлэхдээ угаас муу. Тэгээд ч тэр үү халгаж халирдаг болчихсон нэгэн. Гэтэл нэгд, "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль"-д оруулсан өөрчлөлт, хоёрт, Ноён уултай холбогдсон асуудлаар "Олны санаа оломгүй далайд" өөрийн бодлоо дусаахаас нааш аяга цайгаа санаа амар уух шинж ер алга.
 
Эхний асуудлын тухайд. XXI зуун эхлэх мөчид манай төр "Алт хөтөлбөр" баталж монгол түмнээ алтаар өвчлүүлж орон даяар газар сайгүй байгаль, экологи сүйдэж, олон түмний хэл ам тасрахаа байсан учир мэргэжлийн байгууллага орон даяар усны шалгалт, тооллого хийж 3100 гол усны 887, 7000 булаг шандын 2086, 3500 нуур, цөөрмийн 1166 нь ширгэсэн ноцтой байдал илэрч чингээд "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" энэ хууль гарсан түүхтэй бөгөөд уг хуулийн ачаар гол ус, усны эх булаг, ойн санг сүйтгэх явдал нэлээд нааштай болж байсан билээ.
 
Тэгэхдээ энэ хууль гарсан цагаас алтны төлөө юу ч хийхээс буцахгүй тийм хэсэг бүлгийнхэн энэ хуулийг элдвээр өөчлөн зарга зайлхай тасралтгүй хийж элдэв дарамт үзүүлсээр ирсний дээр эцэст нь Улсын Их Хурал маань өөрөө санаачлан энэ чухал хуулийн голыг гогдож гол ус, усны эхээс 200 мөтр зайтай бол ашигт малтмалын хайгуул хийх, ашиглалт явуулахыг зөвшөөрсөн заалт бүхий өөрчлөлт оруулдаг байна,
 
200 метр гэдэг ямархуу зай болохыг, тэнд хүрз, жоотуу барьсан хэд гурван хүн биш, байгаль орчныг жинхэнэ талхлан сүйтгэдэг орчин үеийн аварга машин техник олон тоогоор ашигласан алтны шуналт энд тэндхийн элдэв хүмүүс олон сар жилээр ажиллаж ашигласан масло, тосноос авахуулаад хортой, хоргүй янз бүрийн бодис тэр орчныг бүхэлд нь бохирлоно гэдгийг Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд мэдэхийн ихээр мэдэх хүмүүс.
 
Тийм байтлаа ийм шийдвэрийг хуульчлан гаргана гэдэг хачин юм. Энэ хууль орон даяар хүчинтэй тул манай бүх гол ус, усны эх булаг аюулд өртөх болчихлоо. Бидний эх орон алтаар баян атлаа усаар хомсхон өвөрмөц нэгэн онцлогтой, ийм болохоор ус, алт хоёрыг ойлгох, үнэлэх талаар Монголчууд бас өвөрмөц байх учиртай гэсэн үг.
 
Та бүхний тогтоосон энэ 200 метр гол ус, усны эх булгийг хамгаалах биш харин ч уршиг тарих шийдэл юм. Үүнтэй холбогдуулж монголчууд гол ус, усны эх ундаргад яаж хандаж ирсэн нэг баримт дурьдвал уух усандаа тулгаж ийм зайнд буйр засаж, өвөлжөө бууцаа байгуулж ирсэн тийм явдал манай аль ч нутагт байдаггүй юм. Уламжлалт монгол ухаанаа дээдэлж энэхүү чухал хуулийн гол ач холбогдлыг алдагдуулсан энэ өөрчлөлтөө манай Их Хурал тунгаан бодох байх гэж найдаж байна.
 
Хоёр дахь асуудлын тухайд, 2000 гаруй жилийн тэртээх Төв Ази дахь төрт ёс, нүүдлийн сонгодог соёл, иргэншилт Хүннү хэмээх том гүрний түүх, соёлын өвийг хадгалсан олон зуун булш бунхан бүхий Ноён уул маань алаг дэлхийд ганцхан. Түүний эзэн нь монголчууд, Монгол Улс. Бахархах юмаа олж бахархах, онож хамгаалах явдал тэр ард түмний, түүний төрийн чансааны асуудал.
 
Ноён ууланд агуулагдаж байгаа түүх, соёлын өвийг эдүгээ хагас дутуухан бүртгэж, таамаг байдлаар яриа хөөрөө болгож байгаа болохоос түүнийг бүрэн гүйцэд бүртгэн ул суурьтай судалсан явдал хэр байгаа билээ. Ер нь Ноён уул, түүний орчин тойрныг бүхэлд нь дархалж байгаль, түүх, соёлын цогц музей, олон улсын эрдэм шинжилгээ, аялал жуулчлалын бүс нутаг болгох төсөл тэнд хэрэгжүүлбэл зөвхөн Хүннү, Монгол төдийгүй Төв Азийн ард түмний холбоо харилцаа, түүх, соёл иргэншлийн тухайд их юм хэлэх биш үү. 
 
Энэ талаар манай төр засаг, холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд боддог л байлгүй дээ. Гэтэл гай газар дороос гэдэгчлэн монгол түмэн нийтээр сар шинийн битүүлэг хийж, идээ цагаа болж байх яг тэр агшин, од түгсэн цагаар манай Улсын Их Хурал Ноён уулын энгэр, хормойд орших Гацууртын алтны ордыг стратегийн орд болгох шийдвэр гаргачихдаг юм байна.
 
Манай Улсын Их Хурлын шөнө дундын энэ хачин шийдвэр Ноён уулын энгэр хормойноос авахуулаад оройд нь хүртэл хаа нэг газрын хэн дуртай нь ноцох зам нээгээд өгчихлөө. Энэ асуудлын тухайд Бороогийн 53 тн алтыг монголчуудад хусам ч долоолголгүй залгичихсан “Бороо гоулд" компаний хойт дүр “Сентерра гоулд" компанитай төр, Улсын Их Хуралд томоохон нөлөөтэй зарим нэг хун, түүнтэй холбоо бүхий хэсэг бүлэг этгээдүүд хуйвалдчихлаа гэж олон түмэн яриад байгаа нь үнэний хувьтай болов уу.
 
Ноён уулын асуудал нэгэнт иймдээ хүрсэн явдал олон түмэн төр, засгийн зүг нуруугаа, Ноён уулаа аврахын төлөө амь насаараа дэнчин тавьж тэмцэж байгаа тэр эх орончдын зүг нүүрээ харуулахад хүргэх нь мэдээж. Энэ нөхцөлд Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн заалт хүчин төгөлдөр байгаа л юм бол Ноён уулын түүх соёлын сан хөмрөгийг эрдэмтэн, мэргэд нягтлан судалж, дуусах тэр цаг хүртэл энэ уулын хормойд агуулагдан буй алт байж байг гэж хэлэх, шийдэх эрх ард түмэнд байх ёстой.
 
Төр, засаг ард түмнийхээ энэ эрхийг хангаж, хамгаалах үүргээ биелүүлэх учиртай. Ноён уулын асуудал ингэж шийдэгдэх ганц зам байгаа бөгөөд монгол түмэн энэ талаар улсынхаа Ерөнхийлөгчийн зүг чих тавьж байна.
 
Т.Содной