Засгийн газрын 27 дугаар тогтоолд дараах үндэслэлээр нэмэлт өөрчлөлт оруулж, Хөнгөн үйлдвэрлэлийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпорацийг буцаан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харъяанд ажиллуулахаар шийдвэрлэв. Энэхүү корпорацийн үйл ажиллагааг өргөтгөхөд зориулж, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Молекул биологийн хэрэглээний лаборатори” байгуулахаар бэлтгэл хангагджээ. Монгол Улсын бүх их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад нээлттэй зарчмаар ажиллах, олон улсын стандартад бүрэн нийцсэн лаборатори байх юм.
 
Мөн Дорнод бүсийн Хөдөө аж ахуйн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнг Мал аж ахуйн хүрээлэнгийн бүтцэд ажиллуулахаар шийдвэрлэлээ. Тус хүрээлэн нь Монгол орны зүүн бүс нутгийн онцлог, эрэлт хэрэгцээнд тулгуурласан мал аж ахуй, газар тариалангиин судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй гүйцэтгэх зорилготой ажилладаг байна. Тус хүрээлэнгийн үйл ажиллагааг бүс нутгийн онцлогт тохирсон тэжээлийн технологи боловсруулах, малын тэжээл бэлтгэх, газар түүний баялаг, газар тариалан, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц, оюуны чадавхийг байгаль орчны даацад зохицуулан ашиглах чиглэлээр өргөжүүлэх шаардлагатай байгаа юм.
 
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин