sonin.mn
“ITB Berlin 2015”-д анх удаа Түнш орноор оролцож буй Монгол Улсын төлөөлөгчдийн үзэсгэлэнгийн  үйл ажиллагаа үргэлжилж байна. Өчигдөр  "Nomgdic by nature" уриан дор  Монголын форум боллоо. Тус форумд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Германы Монголч эрдэмтэн Удо Хаас, дэлхийн болон Германы хэвлэл мэдээлийнхэн, гадаадын болон Монголын төлөөлөгчид оролцлоо.
 
Аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар төр засгаас авч хэрэгжүүлж буй, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол ярив. Тэрбээр эртний баялаг түүхтэй, гайхамшигт сайхан байгальтай, найрсаг харилцаатай хүн зонтой, хамгийн чухал нь энх тайванч нээлттэй, орчин үеийн Монгол орондоо олон жуулчин ирүүлэхийн тулд төр, засгаас хамаарах бүхнийг хийхээр төлөвлөж, хийж эхэлснийг хэлсэн. Эдийн засгаа хөгжүүлэх, олон талт болгохын тулд аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгох нь зайлшгүй бөгөөд үүнд “ITB Berlin” ихээхэн дэмжлэг үзүүлж байгааг онцлон тэмдэглэлээ. Тиймээс уг үзэсгэлэнд түншлэлээр оролцохдоо түүсэн санаа, эхлүүлсэн хамтын ажиллагаа, олсон туршлагыг Монголын хөрсөн дээр бодит ажил болгох нь дараагийн том ажил гэсэн юм.
 
Харин монголч эрдэмтэн Уда Хаас гадны хүний нүдээр Монголын тухай ярьсан юм. Тэрбээр Монголын гайхамшигт байгаль, ой модны үнэр хүний бие махбодийг сэргээн тэнхрүүлэх ид шидтэй тухай ярьж, хязгааргүй уудам талаар аялахыг хүсвэл Монголд очих хэрэгтэй гэв. ХБНГУ хамгийн том нисэх буудлаа 2017 онд ашиглалтад оруулах гэж байгаа. Тэгвэл Монгол ч бас шинэ нисэх буудлаа мөн онд ашиглалтад оруулах гэж байна. Энэ бол аялал жуулчлалын том үүд хаалга нээгдэж буйн илрэл гэж ноён Уда Хаас ярилаа. Монголын хүн ам 1970-аад онд намайг анх очиж байхад 1.5 сая байсан бол одоо гурван саяд хүрсэн, хүнийхээ тоотой тэнцэхүйц адуутай, 50 сая малтай, өргөн уудам газар нутагтаа төрийн үйлчилгээг хүргэх гэж төр, засгаас асар их хүчин чармайлт гаргаж байгаа гэхчилэн гадны хүний нүдээр Монголыг үнэлж дүгнэж ярьсан нь форумд оролцсон гадаад, дотоодынхонд сонин содон яриа байв. Түүнчлэн Монгол Улс хоёр хөртшэйгээ улстөрийн хувьд найрсаг харилцаатай учраас жуулчдын аюулгүй байдалд санаа зовох зүйлгүй, тиймээс Монголын сайхан оронд аялахыг уриалсан юм хэмээн БОНХАЖЯ-наас мэдээллээ.
 
Эх сурвалж: