sonin.mn

 “Монос Косметикс” ХХК-ий Гүйцэтгэх захирал Х.Солонготой ярилцлаа.

“Монос Косметикс” компанийг дотоодын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч гэдгийг мэднэ. Өнөөдөр танай компани нийт хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

“Монос Косметикс” үүсгэн байгуулагдаад 25 дахь жилтэйгээ  золгож байна.  Анх  1990 онд “Булга”, “Марал” гэдэг бэлгэшээлтэй сайхан  нэртэй  хоёр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байснаас хойш өдийг хүртэл хэрэглэгчдийн таашаалд нийцсэн маш олон бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Яг одоогийн байдлаар манай компани нийт 50 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчиддээ хүргэж байна. Тодруулбал эдгээр 50 гаруй  бүтээгдэхүүн маань эрэгтэй, эмэгтэй арьс арчилгаа, хүүхдийн арьс арчилгаа, хөл, гар арчилгаа, үс арчилгааны чиглэлийнх байгаа.

Танай “Биомон” эмэгтэйчүүдийн арьс,  арчилгааны цуврал бүтээгдэхүүн гэхэд л Монголын бүсгүйчүүдийн хэдийн байнгын хэрэглээ болсон брэнд.Гэтэл Монголд дэлхийн олон орны гоо сайхны брэндүүд худалдаалагддаг. Тэдгээрээс илүүтэйгээр дотоодын, тэр дундаа танай бүтээгдэхүүнийг сонгодог хэрэглэгч олон байгаагийн шалтгаан нь юу юм бол?

1990 оноос анх ланолин суурьтай  “Туяа”, “Цагаан шөнө”, “Сувд” нэртэй тоснуудыг тухайн үедээ тос нэвчдэггүй цаасан  савалгаатайгаар үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Ланолин суурьтай тос нь  Монгол хүн, манай орны цаг уурын нөхцөлд маш сайн тохирдог.
Мөн гүүний саам, барагшуунтай бүтээгдэхүүнүүд  олон төрлийн минерал бодистой тул арьсанд тэжээл өгч цайруулах, толигор болгох хөгшрөлтөөс сэргийлэх цогц найрлагатай байдаг. Иймд “Биомон” зэрэг бүтээгдэхүүнүүд бүсгүйчүүдэд маань илүүтэй тохирдог болов уу?


“Монос” эмийн үйлдвэр “Нефромон” бөөр хамгаалах бэлдмэлийг ОХУ-ын зах зээлд худалдаалж эхэлсэн. Танай компаний хувьд экспортод бүтээгдэхүүнээ гаргах чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?


Ер нь бол жижиг хэмжээний экспортууд байнга хийгддэг л дээ. Манайхны төвлөрөн суудаг дийлэнхи орны Монгол барааны дэлгүүрт манай бүтээгдэхүүн худалдаалагддаг.  Мөн Монголд амьдарч байгаад манай бүтээгдэхүүнийг хэрэглэж дадсан гадныхан ч хувийн хэрэглээндээ зориулж , тогтмол захиалгаар худалдаж авдаг .
Мөн Непаль, Япон руу  экспорт хийж байсан бөгөөд тухайн орны цаг уурын онцлогт тохируулж, бүтээгдэхүүндээ өөрчлөлт хийх шаардлага гарсан тул түр зогсоогоод байгаа. 

Одоо Швейцарийн нэр бүхий компанитай хамтран “Биомон” арьс арчилгааны иж бүрдэл, “Халгай” шампунь зэргийг тус орны зах зээлд гаргахаар ажиллаж байна. Энэ намар гэхэд эхний үр дүн гарна гэсэн хүлээлттэй байгаа. Хамгийн гол нь оны сүүлээр гарах чацарганатай иж бүрдэлдээ ихээхэн найдвар тавьж байгаа. Экспортонд өрсөлдөх чадвар маш сайтай  бүтээгдэхүүн болох байх.

 


Мэдээж таны хийж буй ажил бизнес тул ашиг орлого, борлуулалтын асуудал чухал байх. Гэхдээ та хийж буй ажлынхаа чухам  юунаас таашаал авдаг вэ?


Эмэгтэй хүн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийг удирдах нь өдөр бүр л аз жаргалтай байлгадаг сайхан ажил. Шинэ бүтээгдэхүүн гарах бүртээ найз нөхөд, танилууддаа дуулгадаг, сонирхуулдаг. Ийм гоё, ийм сайн үр дүнтэй бүтээгдэхүүн гарлаа шүү гээд л... /инээв.сур/

Тэд нар маань ч их дуртай, өөрсдийн саналаа хэлнэ ээ.  Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн чинь их сайн юм, савыг нь ингэж өөрчилье гээд их бүтээлчээр саналаа  хуваалцдаг.   Өнөөдөр Монголынхоо бүх сайхан бүсгүйчүүдийг улам гоё болгох явдал  хамт олны маань зорилго , тэмүүлэл болжээ.  Энэ л өрнүүн тэмүүллээс  манай бүтээгдэхүүн төрдөг.

Таны аав Монос Группийн үүсгэн байгуулагч, Төрийн Шагналт Лувсангийн Хүрэлбаатарыг Монголчууд сайн мэднэ. Мөн ээж Б.Эрдэнэхишиг тань “Биомон” зэрэг олон брэндийг бүтээсэн шилдэг зохион бүтээгчдийн нэг юм билээ. Улсдаа шилдэгт тооцогддог зохион бүтээгч аав, ээжийн охин  өөрөө ямархуу зохион бүтээгч вэ?


2006 онд  “Монос Косметикс” компаний захирлаар анх томилогдоод, бүтээгдэхүүнүүдийнхээ сав, баглаа, боодлыг  шинэчлэх,  шинэ бүтээгдэхүүний судалгаа хийхээс  ажлаа эхэлж байлаа.
2007 онд ээжтэйгээ хамтран   “Биоген” хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнийг гаргаж байсан. Үүнээс хойш эрчүүдэд зориулсан “Биомакс” арьс арчилгааны иж бүрдэл, гар ариутгагч “Санитас”, “Биодерм”, “Сарнай” гээд бүтээгдэхүүнийг бүтээлцжээ. Эдгээрийн маань цөөнгүй нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн брэнд болсон гэж бид боддог.  


 
Бидний ярилцлага Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй зэрэгцэн гарч байна. Хэрхэн тэмдэглэдэг вэ?


Маш сайхан өдөр. Эмэгтэй хүн бүр өөрөөсөө шинэ амьдрал тээж  төрүүлдэг гайхамшигтай бурхад гэж боддог. Цэцэг шиг дэлгэрч байгаа орчиндоо гэрэл нэмдэг, хатуу бүхнийг зөөллөдөг гээд олон сайхан чанар бидэнд  байдаг шүү дээ. Бүх Монголынхоо сайхан  ээжүүддээ болон охид, бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе. Гэр бүлээ, хамт олноо, улс Монголоо чимж, оргилуун тэмүүлэлтэй, өөдрөг мөрөөдөлтэй яваарай гэж хүсье.



М.Гал