sonin.mn
Монголын нэрт хуульч, хүний эрхийн нэрт өмгөөлөгч, цогтой тэмцэгч, академич С.Нарангэрэл 2015 оны 3-р сарын 2-ны “Монголын үнэн” сонины №39, 22805 дугаарт онц их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр таван жил нэг сарын ял сонсож, ганц худгийн урьдчилан хорих төвд хоригдож байсан “Саус Гови Сэндс” компаний ерөнхий захирал АНУ-ын иргэн, Монгол улсын хүргэн Жастин Капла нарын гурван иргэнийг дөнгөж анхан шатны шүүхээр оруулаад байх үед нь өршөөснийг зөвхөн хууль зөрчөөд зогсохгүй, эх орныхоо тусгаар тогтнол бүрэн бүтэн байдалд хандсан ноцтой явдал боллоо хэмээн мэдэгдээд, энэ үйл явцад Монгол улсын Үндсэн хуулийн үүднээс дүн шинжилгээ хийх ёстой бөгөөд Үндсэн хуульд өршөөлийн тухай шийдвэрийг УИХ гаргана, харин Ерөнхийлөгч уучлал үзүүлнэ гэж заасан байдаг гэжээ. 
 
Үүнээс өршөөл үзүүлэх, уучлах гэдэг нэр томъёог хэрхэн зөв тайлбарлах вэ? гэдэг асуудал гарна. Ерөнхийлөгч Үндсэн хуульд нийцүүлэн энэрэнгүй нигүүлсэнгүй үзлийг удирдлага болгон улс орныхоо иргэнд төрийн ивээлийг үзүүлэх ёстой. Уучлалыг зөвхөн шүүхийн тогтоол, хуулийн хүчин төгөлдөр болоод ял шийтгүүлэгч тодорхой хэмжээгээр ялаа эдэлж байх явцад үзүүлдэг юм. 
 
Тэгвэл өнөөдөр ерөнхийлөгч шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож шүүхийн дотоод хэрэгт дур мэдэн хутгалдаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй, хэрэг давж заалдах шатанд байхад нь уучилсан. Энэ нь үндсэн хуулийг ноцтой зөрчсөн, эрх мэдлээ урвуулан хэтрүүлсэн ноцтой шинжийг агуулж байна гэж би судлаачийн хувьд үзэж байна. 
 
Ер нь аливаа улс орны тусгаар тогтнол бүрэн байдлыг хэмжих хууль зүйн шалгуур гэж байдаг. Энэ нь хоёр үндсэн зүйлээр тодорхойлогддог. 
 
Нэгдүгээрт, Монгол улс өөрийнхөө харъяалсан нутаг дэвсгэр дээр ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хууль тогтоох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлнэ. Хэрвээ бие дааж хэрэгжүүлж чадахгүй бол бусдын хараат байдалд орж тусгаар тогтнолоо алдаж байна гэсэн үг. 
 
Хоёрдугаарт, энэ харъяалсан нутаг дэвсгэртээ шүүн таслах ажиллагааг хэний ч буюу гадны нөлөөнд автахгүйгээр бие даан явуулна. Хэрвээ энэ хоёр шинжийн аль нэгийг алдваас тэр улс тусгаар тоггносон бүрэн эрхт улс биш ээ. Ингэхээр үндсэн хуулийг ноцтой зөрчиж байгаа хэрэг юм. Гадаадын гурван иргэнийг суллахаас гадна 35 тэрбум төгрөг оногдуулсан хуулийн хариуцлагаас бас чөлөөлөгдөж байгаа явдал юм. 
 
Манай улсад өнөөдөр зах зээлд шилжсэн учраас татвар шиг чухал юм байхгүй. Тэгвэл өнөөдөр монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын олон уул уурхайн компанууд татвараа төлөхгүй байх тэр тусмаа төлөгдөөгүй их хэмжээний татварыг монгол улсын ерөнхийлөгч эрх мэдлээ урвуулан ашиглаж чөлөөлөх жишиг тогтвол нөхцөл байдал улам хүндэрнэ. 
 
Ер нь монгол улсад болж байгаа эдийн засгийн хямралыг бий болгож байгаа үндсэн шалтгаан нь эрх баригчдын хэт дур зоргийн авирлал улсынхаа төсвийн сангийн хөрөнгийг бүрдүүлж чадахгүй байгаа, түүнээс үл бүтэх этгээдүүдийг чөлөөлдөг явдлаас болоод эдийн засаг хүндрээд зогсохгүй улс орон хэцүү нөхцөл байдалд орж байгааг зүгээр харж суух уу? 
 
Хэрвээ ерөнхийлөгч нь мөрдөгдөж байгаа хэрэг, ганц худагт хэрэг нь шалгагдаж байгаа хүнийг урьдчилаад гаргаад байх юм бол энэ улсад мөрдөн байцаах шүүн таслах ямар хэрэгтэй юм бэ? Шүүх цагдаа хууль хяналт ямар хэрэгтэй юм бэ? Ганц ерөнхийлөгч л бүгдийг шийдээд байж болохоор байна шүү дээ гэжээ. Мөн АНУ-ын гурван иргэнд уучлал үзүүлсэнтэй холбогдуулан Монголын ногоон нам Монгол улсын ерөнхийлөгчид хариуцлага тооцох тухай мэдэгдлийг гаргаж тус намын дарга О.Бум-ялагч 2015 оны 3-р сарын 03-ны “Монголын үнэн” сонины №40-д тусгайлан мэдэгдэл хийлээ. 
 
Учир нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр монголын туршлагатай улс төрчид дарга нар их зөв зүйтэй үйл явдал боллоо, олон улсад ингэж уучлах жишиг байдаг юм гэх мэтээр ярьж эхэллээ. Нөгөө талаар монгол улсад гадаадын компаниуд татвараа төлөх шаардлагагүй боллоо. 
 
Тухайлбал монгол улсын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн өчигдөр монголын үндэсний ТВ-ээр гадаадын хөрөнгө оруулагчыг шоронгоос чөлөөлсөн нь зөв алхам боллоо, манай шоронгийн нөхцөл ямар билээ, татварын байцаагч нар л сүржигнэж ажлаа мэдэхгүй байна гэж ярьж байгааг юу гэж ойлгох вэ? 
 
Нөхөр ерөнхийлөгч би өөрийгөө бодох уу, монголоо бодох уу гэж бодож байгаад энэ шийдвэрийг гаргалаа гэсэн нь би дарамтанд орчихлоо, намайг ийм зүйл хийтэл дарамтанд байснаас өөрцгүй гэсэн үг болж байна гэжээ.
 
УИХ-ын гишүүн С.Даваасүрэн -"Засгийн газрын мэдээ” сонины 2015 оны 3 сарын 05-ны №41-д мэдэгдэл хийхдээ, ерөнхийлөгчийн шийдвэр зарлигийг цуцлах эрх УИХ-д бий. Ер нь ерөнхийлөгчийн дураар авирлах хэмжээнээсээ хэтэрч байна. Ер нь ерөнхийлөгч УИХ-д ажлаа тайлагнаж хариуцлага тооцуулж байх ёстой гэж мэдэгдлээ.
 
Мөн УИХ-ын гишүүн Уянга ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх талаар бүх ард түмний санал асуулга явуулах тухай мэдэгдлийг хийлээ. Энэ асуудал олон түмний дунд хурц сэдэв болон яригдаж байна. Говийн ганц нүдэн Ундаан голыг аврахын оронд Оюу толгойд өгч устгуулсан. Тэгвэл өнөөдөр байгалийн үзэсгэлэнт түүх дурсгалт “Ноён” уулаа аврах уу, алдах уу. 
 
Эх орны Ерөнхийлөгч, ард түмний Ерөнхийлөгч, Ардчилсан Ерөнхийлөгч ард түмний дундаас сонгогдсон ард түмний хүү Ерөнхийлөгч гэж ард түмэндээ яригдаж байсан биш бил үү.
 
/Үргэлжлэл бий/
Эх сурвалж: "Хөх толбо"