sonin.mn
Цалингаараа байртай болно гэдэг залуу гэр бүлийн хувьд бүтэшгүй мөрөөдөл гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Учир нь бид хэзээнээсээ хурааж, хуримтлуулж сураагүйгээс гадна өдөр тутмын хэрэгцээнд сарын цалингаа чадан ядан хүргэж байгаа нь өнөөдрийн амьдралын бодит үнэн. Би ч тэдний адил байртай болох гэж байдгаараа л чардайж байна даа. 
 
Төрөөс иргэддээ боломжийн үнэтэй орон сууцыг санал болгох авч хувийн хэвшилд ажилладаг над мэт нь шаардлагад нь үл нийцнэ. Уг нь иргэдийн маш их хүлээлт дунд найман хувийн орон сууцны зээл төслийг хэрэгжүүлж байгаа боловч урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлөх хүн тийм ч олон байхгүй л байна. Төрийн орон сууц санхүүлжилтын корпорациас Буянт-Ухаа хорооллын эхний ээлжийн орон сууц ашиглалтад оруулж, нэг хэсэг хүмүүсийн амьдрах орчныг сайжруулсан ч учир дутагдалтай зүйл бас л байна. 
 
Тэр нь үе үеийн Засгийн газрын хэрэгжүүлсэн орон сууцны хөтөлбөрийн журамд төрийн албан хаагчид эхний эгнээнд гээд жирийн иргэн намайг "та хойшоо” гэх. Өмнө нь ч гэсэн төрийн нэрийг барьж олон залуусын дараалал дайрсан ийм хөтөлбөр хэрэгжсэн. Яг үнэндээ төр иргэдээ ялгаварлаж байгааг нуух юун.
 
Улаанбаатар хотод 180 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч байна. Жил бүр 15 мянга орчим орон сууц ашиглалтад орж байгаа нь нийт хэрэгцээний ердөө 10 хувийг хангаж байгаа аж. Өрх бүрийг орон сууцжуулахын тулд Засгийн газраас Монголбанктай хамтран ипотекийн зээлийн хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ дагуу иргэд 30 хувийн урьдчилгаагаа төлбөр төлөх нөхцөлтэйгөөр жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдаж байгаа юм. 
 
Гэвч энэ хөтөлбөрт хамрагдаж чадахгүй үлдэгсэд ч их байгаа. Учир нь орон сууцны урьдчилгаа төлбөр дээр гацаа үүсчихдэг. Арайхийж урьдчилгааныхаа багахан хэсгийг цуглуулж байх хооронд байрны үнэ тэнгэрт хадаж, нөгөөх урьдчилгаа төлбөрт өгөх ёстой мөнгөн дүн нь дагаад өсчихнө. Тэгэхээр 30 хувийн урьдчилгаагаа төлөх чадваргүй, цалингаас өөр орлогогүй иргэд хэрхэн, яаж орон сууцанд орох вэ гэдэг нь өнөөдрийг хүртэл бүрхэг асуудал хэвээр байгаа. Орон сууцтай болохыг хүссэн иргэдийн 80 орчим хувь нь урьдчилгааг шууд төлж орон сууцанд орж хамрагдах боломжгүй байдаг байна. 
 
Хөдөлмөрийн яамны харьяа “Хөдөлмөрийн судалгааны интституд”-ээс гаргасан судалгаагаар цалинтай ажил хийдэг насны хүмүүсийн 21 хувь нь 600 мянган төгрөгөөс дээш цалинтай, 23.9 хувь нь 400-500 мянга, 19.6 хувь нь 300-400 мянга, 16.9 хувь нь 500-600 мянга, 10.3 хувь нь 300-400 мянга, 8.3 хувь нь 200 мянган төгрөг хүртэл цалинтай байдаг байна. 
 
Энэ бүхнээс харахад сар бүр орлогоосоо урьдчилгаа төлбөрийг тогтмол бүрдүүлэх боломжтой иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр боловсруулах шаардлага гараад байгаа юм. Өөрөөр хэлбэл энэхүү хөтөлбөр нь цалингийн орлогоосоо 25-30 хувийг орон сууцны хуримтлалын санд төвлөрүүлэх замаар 3-5 жилийн хугацаанд орон сууцтай болгох нөхцлийг бүрдүүлэх юм. Тэгвэл жил шахмын өмнө хотын захиргаанаас урьдчилгаа 30 хувийг төлөх боломж багатай хүмүүст зориулсан нэгэн төслийг хэрэгжүүлэхээр болсноо зарлаж байв. 
 
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Улиастайн э.м, Нисэхийн спорт цогцолбор, Морингийн даваа, Биокомбинат, шинээр баригдах Автохудалдааны төвийн хажууд гэх мэт таван газарт орон сууц барихаар төлөвлөжээ. Эхний ээлжинд 20 мянган хүн дэмжээд 50 тэрбум төгрөг төвлөрүүлж чадвал барилгын ажил шууд эхлэх боломжтойг онцолсон. 
 
Хэрвээ энэ ажил бодит ажил болбол 200 мянган айлыг орон сууцтай болгох ийм л сайхан хөтөлбөр байлаа. Тэр үед цаасан дээр байсан энэ хөтөлбөр энэ жилээс биелэлээ олох байх хэмээн хүлээсэн олон хүн байгааг энэ дашрамд хотын удирдлагуудад дуулгая.
 
Нийслэлд орон сууцны хэрэгцээ тун их байгаа. Хамгийн наад зах нь агаарын бохирдол буурахгүй, үүнээс болоод өвөлдөө иргэдийн дунд амьсгалын замын өвчлөл ч ихсэж эмнэлтүүд нь ачааллаа даахгүй болсон тод жишээг өнгөрсөн өвлөөс харж болно. Тэгэхээр зах зээлийн зарчмаараа эрэлт нь байгаа цагт нийлүүлэлт талдаа төр засаг анхаарлаа хандуулж нэн даруй хөрөнгө хүч хаях хэрэгтэй байна. 
 
Яг үнэндээ утаатай тэмцэж хэдэн тэрбумыг зарцуулж байснаас хотын зах руу орон сууцны шинэ хорооллуудыг нэн яаралтай бариач ээ. Хувийн хэвшлийгээ ч гэсэн энэ тал дээр дэмжмээр байна. Хэдэн парламент дамжин яригдаж байгаа урт хугацаатай бага хүүтэй моргейжийн зээлээ одоо л хэрэгжүүл. Цаана чинь байр мөрөөдсөн залуус дор дороо л элвийх дэрвийхээрээ ажиллаж байна. 
 
Тэдний энэ гэгээн мөрөөдлийг бодит ажил болго л доо. Тэд тухайн үед “Нийслэл орон сууцны гуравдагч нийлүүлэгч болохоор ажиллаж эхэлж байна. Цалингийн орлоготой хуримтлалгүй иргэддээ орон сууц барьж өгөх зорилготой. Ингэхийн тулд мэдээж, нийслэлийн Орон сууцны корпораци байгуулна. Нийслэлд байгаа орон сууц барих сул газруудыг энэ корпорацийн эзэмшилд өгнө. 
 
Нийслэлийн орон сууцны дэмжих сан ч байгуулсан. Уг газар дээр барилга барих ажлыг эхлүүлэхийн тулд эхний ээлжинд 15 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төрөөс гаргахаар болж төсвөөр батлуулжээ. Харин барилгаа цааш нь үргэлжлүүлэн барихын тулд иргэдтэй хамтран ажиллана. Цалинтай, орлоготой ч урьдчилгаа төлбөргүй иргэд Нийслэлийн орон сууцыг дэмжих санд таван жилийн турш сар тутам мөнгө төлнө. 
 
Өөрөөр хэлбэл урьдчилгаанд өгөх мөнгөө сар тутам. өгч байшингаа бариулж дуусгана гэсэн үг. Хэрэв та сар бүр 180 мянган төгрөгийг Нийслэлийн орон сууцыг дэмжих санд өгвөл таван жилийн дараа 29 ам.метр нэг өрөө орон сууцны ордер өгнө. Хэрэв сар бүр 200 мянган төгрөг төлбөл таван жилийн дараа 49 ам.метр хоёр өрөө байрны ордер авна. 
 
Өөрөөр хэлбэл, та нэг, хоёр өрөө орон сууцанд орно гэсэн үг. Үлдсэн төлбөрийг орон сууцанд орсны дараа сар бүр үргэлжлуулж төлөөд 10 жилийн хугацаанд дуусгана. Тэгсний эцэст үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авна. Төлбөрөө төлж дууссан бол тухайн орон сууц таны өмч болно. Тэрнээс өмнө орон сууц нийслэлийн орон сууцны корпорацийн өмч байна. Нийслэл ингэж байртай болохыг хүссэн иргэдээс 30 хувийн урьдчилгаа нэхэхгүй. 
 
Урьдчилгаа мөнгөө таван жилийн хугацаанд цувуулж авъя гэж байгаа юм. Хүү авахгүй. Үүнийг зөвшөөрвөл иргэд Нийслэлийн орон сууцны корпорацитай худалдан авах гэрээ байгуулна. Үүнийг зохицуулах журмаа хэлэлцэж байгаа” хэмээж байв. Энэ хөтөлбөрийг санаачилсан тухайгаа хотын дарга олон нийтэд мэдээлэл өгөхөд маш олон залуусын ажиллаж, хөдөлмөрлөх итгэл сэргэж байсан. Одоо ч тэдний итгэл бөхөөгүй байх л даа. 
 
Гэхдээ жилийн өмнө цаасан дээр байсан ажил энэ хавраас хөрсөн дээр бууна хэмээн хүлээж сууна. Яагаад энэ талаар дахин дахин бичээд байна вэ гэхээр одоо тун удахгүй бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Тийм болохоор Үүл даргадаа жилийн өмнө амласан амлалтаа ажил хэрэг болгохыг хүсье. Бас хийх ажилд тань хэдэн санал нэмэрлэх гэсэн юм. Орон сууцанд орох иргэдээ төр, хувийнхаар нь бүү ялгаарай. 
 
Тэд бүгд л цэвэр, тохилог орон сууцанд амьдрахыг хүсч байгаа. Өмнө нь хэрэгжүүлж байсан квотоо боломжоор нь олгохыг хичээгээрэй. Яг үнэндээ баялаг бүтээж байгаа хувийн хэвшлийнхэн чинь амьдрах орчноо сайржуулж байранд амьдармаар л байна шүү дээ. Түүнээс гадна 25-35 насны залуусыг энэ хөтөлбөртөө түлхүү хамруул. Тэдэнд урьдчилгаагаа төлөх боломж хомсхон ч байрандаа орчихвол хэнээс ч дутахгүй төлбөрөө хийх зорилго тэмүүлэл байдаг юм шүү. 
 
Энд анхаарах зүйлс байна. Тухайлбал, хямд үнэтэй орон сууц гээд чанар дээр хяналтаа сулруулж болохгүй. Бас хадгаламж зээлийн хоршооны хохирогчид шиг хулхидах вий, баялаг бүтээж байгаа хувийн хэвшлийнхнийг хөтөлбөрийн гадна үлдээв. 
 
О.Жаргал
Эх сурвалж: "Нийслэл таймс"