Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал маргааш хуралдаж, энэ онд хувьчлах хөрөнгийн жагсаалтад хоёр хуулийн этгээд, 19 объектыг нэмж батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2015 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулж нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан нь энэ. 
 
Ингэхдээ өмч хувьчлалаас нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэн 43.2 тэрбум төгрөгөөр шинэчлэн тогтоох тухай дурджээ. Тэгвэл нэмэлтээр хувьчлахаар төлөвлөөд буй “Гэрлэх ёслолын ордон”, “Усан спорт сургалтын төв” ОНӨААТҮГ-ууд нь улсдаа ганц байдаг байгууллага гэдгээрээ онцлогтой.
 
Гэрлэх ёслолын ордон гэхэд л хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтайн дээр 10526 м.кв эзэмшил газартай, 1878 м.кв гурван давхар барилга. Жилд дунджаар 1200 гаруй хос тус ордонд ёслол үйлдэн, гал голомтоо бадраадаг. Хэдийгээр жил бүрийн эхний хагаст тус байгууллага орлого багатай байдаг ч сүүлийн хагас жилд захиалга ихтэй байдаг. Тийм ч учраас тус байгууллагын ажилчид “Нийслэлийн Өмчийн харилцааны газраас яагаад ийм санал гаргасныг ойлгохгүй байгаа. Бид сүүлийн хагас жил өдөр, шөнөгүй ажилладаг. Ашиггүй ажиллаж байсан удаа ер нь бол ховор. Хувьчлах саналыг таатай хүлээж авахгүй” гэсэн байрь сууриа илэрхийлж байна лээ. 
 
Гэхдээ тус байгууллагыг хувьчилбал хувийн хэвшил байгууллагыг өөд нь татах нь мэдээж. Харин үнэ тариф нь нэмэгдэх л байх. Хувийн хэвшилд шилжлээ гээд илүү олон хос үйлчлүүлэх нь юу бол. Тэгэхээр алдагдалтай ажилладаг байгууллагыг авч, алдагдал хүлээх хүн байхгүй мэт. Гэхдээ Гэрлэх ёслолын ордны сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланг харвал 2012 оны арванхоёрдугаар сард 67.7 сая төгрөгийн, 2013 оны мөн сард 248.8 сая төгрөгийн ашигтай ажилласан байгаа юм.  Тэгснээ гэнэт 2014 оны зургадугаар сард 46.1 сая төгрөгийн алдагдалтай ажилласан гэдэг тайланг гаргажээ. Ингэхдээ 2014 оны сүүлийн хагас жил яаж ажилласныг дурдсангүй. Тэгэхээр газрын наймаачид тус ордонг онилсон мэт. Учир нь Өмчийн харилцааны газраас үйл ажиллагааг нь хэвээр үргэлжлүүлэх нөхцөл тавина гэж байгаа хэдий ч нэгэнт хувийн хэвшилд шилжвэл халдаж чадахгүй. Нэг өглөө л эзэмшил газар дээр нь оффисын барилга юм уу зочид буудал баригдаж эхлэх вий.
 
Тэгвэл Усан спорт сургалтын төв мөн л хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг. Нийтдээ 18 өрөө тасалгаа бүхий 3233 м.кв талбайтай хоёр давхар барилга, 7390 м.кв эзэмшил газартай. Уг сургалтын төв нь нийслэлийн хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, усан спортоор хичээллэгчдийг сургах, олимп, дэлхийн аваргын тэмцээнд усан спортын төрлөөр оролцох тамирчдыг бэлтгэх, усчин-аврагч мэргэжил олгох, бассейн бүхий чийрэгжүүлэлтийн газруудад эрүүл ахуй, халдваргүйжүүлэлт, хөдөлмөр хамгаалалт, аюулгүй ажштлагааны талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх түшиц байгууллага юм. 
 
Үүнээс гадна хувьчлах эд хөрөнгүүдийн дийлэнх нь хотын төвд байрлаж байгаа гэдгээрээ хэдийнэ хардлага төрүүлээд эхэлжээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг буюу бидний нэрлэж заншсанаар Багшийн дээдийн урд байрлах “Ионсей найрамдал” эмнэлгийн барилга байна. Барилгыг 1960 оны үед барьсан гэх боловч 35 өрөө, 1120 м.кв талбайтай, хоёр давхар ба цутгамал бетон суурь, тоосгон хана, модон шувуун нуруу бүхий төмөр дээвэртэй, дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны төвлөрсөн системд холбогдсон онцлогтой. 
 
Харин эзэмшил газар нь 1920м.кв Бүртгэлийн үнэ 296.656.33 мянган төгрөг. Өмч хувьчилж авбал, эзэмшил газрын эрх нь тухайн байгууллагад шилжээд, эрх нь сунгагдаад явдаг талаархи мэдээллийг Өмчийн харилцааны газраас өгсөн. Хотын төвд ийм хэмжээний газар эзэмшинэ гэдэг өнөөдөр хэн хүний хүсээд олдог зүйл биш. Тэгэхээр нээлттэй дуудлага худалдаанд ялсан нөхөр од шүүрлээ л гэсэн үг. 
 
Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн III хороонд байрлах "Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжийн эзэмшил газар нь кадастрын зургаараа 26209 м.кв болох юм билээ. Циркийн баруун талд байрладаг энэ хөрөнгийг нийслэл хувьчлах шийдвэр гаргасныг сан хүмүүс олон байгаа юм. Мөн хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад орсон зарим хорооны өрхийн эмнэлэгүүд ч хотын төвд ойр, газрын хэмжээ нь боломжийн.
 
Хотын дарга ажлаа авснаас хойш газар олголт огт хийгээгүй. Үүнийгээ хот төлөвлөлт, төвийн нягтаршилтай холбон тайлбарлах. Гэтэл нөгөө яриад байгаа Нийслэлийн орон сууцны корпораци, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг хотын төвдөө байгуулах боломжтой газрыг хувьчлуулахаар хэлэлцүүлэх гэж байгаа нь сонин.
 
Нийслэлийн ИТХ-ын зарим төлөөлөгчид энэ удаагийн хувьчлах жагсаалтад оруулсан хуулийн этгээд, хөрөнгийг хувьчлахыг буруу гэсэн байр сууриа олон нийтийн сүлжээгээр хэдийнэ цацаад эхэлчихсэн. Төлөөлөгч Ж.Амарсанаа энэ асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэний дараагаар өөрийн фэйсбүүк хуудаснаа эсэргүүцлээ илэрхийлсэн байсан. Тэгвэл бусад төлөөлөгчид ч гэсэн хувьчлалын ард хэн нэгний томоохон эрх ашиг байж болох юм гэсэн яриа гаргаж, бие биенийгээ хардаад эхэлжээ. 
 
Зарим нь урд хормойгоо авч, ард хормойгоо нөхнө гэдэг шиг дутуу төсвөө бүрдүүлэхийн тулд өмчийг хувьчлах гэж байна гэх. Хэрэв тийм бол ийм байдлаар төрийн өмчийг үнэгүйдүүлэх нь утгагүй. Харин зарим нь томоохон компаниудад газар олгох гэсэн үйлдлээ өмч хувьчлал нэрийн дор явуулах гэж байна гэх нь бий. Энэ мэтээр янз бүрийн таамаг дэвшүүлж байгаа нь сонсогдсоор. Хотын дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газрынхан сонсч л байгаа байх. 
 
Гэхдээ бас нэг сонирхол татахуйц мэдээллийг дурдахад илүүдэхгүй биз. Өмчийн харилцааны газраас Усан спорт сургалтын төвийг хувьчлах болсон талаархи тайлбарыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд хүргүүлээгүй гэнэ  хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад оруулсан хуулийн этгээдүүдийг юуны учраас хувьчлах болсноо тайлбарлахдаа "Ашиггүй ажиллаж байгаа” гэдэг тайлбарыг л хийж байгаа аж. 
 
Харин хуулийн этгээдүүд энэ үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа юм билээ. Тэдний хэлж байгаа ч үнэний ортой. Ашиггүй ажилладаг хагас жилийн тайланг бэлтгэн ийм шийдвэр гаргах нь хэр зохилтойг бодож үзнэ биз. Өмчийн харилцааны газар ч тайлбараа хэлэх байлгүй. Жилийн жилд л эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болилоо гэсэн мэдээлэл цацагддаг. Тиймээс эмнэлгийн зориулалттай хоёр байрыг зориулалтынх нь дагуу ашиглаж болохгүй юм болов уу гэсэн хүлээлт ч бий. Ямартай ч эцсийн шийдийг маргааш сонсох нь ээ. 
 
Г.Цэцэг
Эх сурвалж: "Нийслэл таймс"