sonin.mn
Сүүлийн өдрүүдэд МАН-ын төв байр буюу “Тусгаар тогтнолын ордон” жинхэнэ утгаараа оволзож байна. Тэнд өдөр болгон хурал цуглаан, сонгуулийн бэлтгэл ажил өрнөж, залуучуудыг шинэ албанд томилж, бас халж солин, МАН “амьд байгаа” гэдгээ олон нийтэд харуулсаар байгаа юм. Ялангуяа 2012 оны наймдугаар сараас нийслэлийн МАН-ын хороог толгойлж байгаа “Газрын албаны” тодотголтой Ц.Сандуй дарга шадар гишүүдээ ойр ойрхон цуглуулж, өдөр болгон хуралдаад түмэн завгүй сууцгаана. Хажуугаар нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат ч байсхийгээд хурал зарладаг ч зарим нэгийг нь хойшлуулдаг болоод байгаа. Бодвол Ерөнхий нарийн даргын зав зай хүрэлцдэггүй байж болзошгүй. Ж.Мөнхбат дарга өчигдөр ээлжит мэдээллээ хийв. Мэдээллийнх нь дараа түүнээс цөөхөн асуултад хариу авч амжсан юм. 
 
-Өнөөдрийн мэдээллээр гол нь Говьсүмбэр аймгийн ИТХ-ынхны тухай ярихаар төлөвлөж байжээ дээ?
 
-Уг нь анхнаасаа тэр талаар л тайлбар хийх гэж байсан юм. Гэтэл сэтгүүлчдэд хэн нэг нь АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар гэгчийн мэдээллийн дагуу Тусгаар тогтнолын ордон барихад зориулагдсан санхүүжилтийн асуудлаар мэдээлэл хийнэ гээд зар тараачихсан бололтой юм. Тийм мэдээлэл авсан манай сэтгүүлчид ч тун идэвх гаргаж, олуулаа хүрэлцэн ирсэн байна л даа. Тэгээд л Тусгаар тогнолын ордны санхүүжилтийн талаар жаахан тайлбар нэмж хийж байна. 
 
-Говьсүмбэрт чухам юу болоод байгаа юм бэ дээ?
 
-Товчхондоо Говьсүмбэр аймгийн ИТХ өнөөдрийг хүртэл хууль зөрчсөөр байгаа. Болсон процессыг нарийвчлан тайлбарлавал 2012 оны орон нутгийн сонгуулиар Говьсүмбэр аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Б.Анхбаяр, ү.Батзаяа, Б.Ганбат, Д.Алдармаа нарын бүрэн эрхийг
 
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 228 дугаар тогтоолоор хүчингүйд тооцож, дээрх хэсэгт дахин сонгууль явуулахыг ИТХ-д даалгасан байдаг. Гэтэл Улсын дээд шүүхийн нөхөн сонгууль явуулахыг даалгасан шийдвэр бүтэн нэг жил гурван сар гаруйн хугацаанд хэрэгжихгүй байгаагийн дээр шүүхийн шийдвэрээр төлөөлөгчийн бүрэн эрх нь хүчингүйд тооцогдсон АН-ын төлөөлөл Б.Анхбаяр, ү.Батзаяа, Б.Ганбат, Д.Алдармаа нар өнөөдрийг хүртэл аймгийн ИТХ-д хуульж зөрчин оролцсоор л байна. үүнтэй холбоотойгоор Говьсүмбэр аймагт хуулийн дагуу тайван жагсаал зохион байгуулсан. Гэтэл аймгийн Засаг дарга Л.Одсэр, аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга Ч.Баярсайхан нар цуглаан зохион байгуулсан болон оролцсон иргэдийг мөрдөн мөшгөж, цагдаагийн байгууллагын нэрээр айлган сүрдүүлж, дарамталж байгаа нь ардчиллыг уландаа гишгэсэн явдал юм. 
 
-Дээд шүүхийн шийд­­вэр гарчихаад байхад биелүүлэхгүй байгаа юм байна. Одоо энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ?
 
-Монгол Улсад Дээд шүүхийн шийдвэр бол эцсийн шийдвэр шүү дээ. Гэтэл Дээд шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа учир МАН-ын зүгээс Засгийн газар, Ерөнхий сайд, Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт албан шаардлага хүргүүлж байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлж, Говьсүмбэр аймагт нөхөн сонгуулийг яаралтай зохион байгуулах хэрэгтэй байна. Түүнчлэн шүүхийн шийдвэрээр төлөөлөгчийн эрх нь хүчингүй болсон дээрх дөрвөн хүнийг ИТХ-д суулгаж, гурван жилийн турш хууль зөрчиж байгаа явдлыг болиулах ёстой. Энэ асуудлаар МАН-ын дарга М.Энхболд, тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь болон аймгийн иргэд, сонгогчдоос Ерөнхий сайдад удаа дараа хандсан боловч харамсалтай нь хууль, шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдсэнгүй, МАН-ын гишүүдийн төлөө саналаа өгсөн Говьсүмбэр аймгийн нийт сонгогчдын 65.7 хувь нь иргэдийн Төлөөлөгчдийн хуралд төлөөлөлгүйгээс эрх ашиг нь хохирсоор байна. 
 
-Тэгвэл АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатарын Тусгаар тогнолын ордныг барихад зарцуулсан 11 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн асуудалд ямар хариулт өгөх вэ? 
 
-Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар гэгч нь МАН-ын барьж, одоо ашиглаж байгаа “Тусгаар тогтнолын ордон”-г ард түмний мэдэлд шилжүүлэхийг шаардаж байна хэмээн мэдэгдсэн. Тодруулбал, тэдний шаардлагын гол үндэслэл нь “2008 оны долоодугаар сарын 1-ний үймээнээр МАН төв байраа шатаалгаж, 14.6 тэрбум төгрөгөөр “Тусгаар тогтнолын ордон”-г барихдаа төрөөс татвар төлөгчдийн 11 тэрбум төгрөгийг хууль бусаар авч бариулсан” явдал гэсэн. Тиймээс тэрхүү 11 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэхээр шүүхэд хандана гэсэн мэдээлэл байсан. 
 
Тэдний шаардлагад хариулт өгөхөд 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж сонгогдсон. Тэрбээр сонгог­­дсныхоо дараа долоодугаар сарын 1-ний үймээний хэрэгт оролцсон бүх хүмүүсийг өршөөх Өршөөлийн тухай хуулийг санаачилсан. Энэ хууль 2009 оны долдугаар сарын 9-ны өдөр батлагдсан. Энэ үед МАН дангаараа парламентыг бүрдүүлж байгаагүй. АН-ын гишүүд парламентад сууж л байсан. Тэд ч энэ хуулийг дэмжиж батлалцсан шүү дээ. Хуулийн дагуу 2009 есдүгээр сарын 23-нд Хохирогчид нөхөн олговор олгох тухай журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 294 дүгээр тогтоол гарсан.
 
 Ингээд 2010 оны хоёрдугаар сарын 8-нд нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүх хуралдаанаас 216 тоот шийдвэр гаргаж, хохирлын хэмжээг 11 тэрбум төгрөг байна гэж тогтоосон. Шүүх энэ хохирлын хэмжээг тогтоохын өмнө хөндлөнгийн гурван байгууллагаар аудит хийлгэсэн. Ингээд МАН-ын өмч хөрөнгө шатаж сүйдсэн байна гэж үзээд дээрх мөнгийг шүүхийн шийдвэрээр тогтоосон. Улмаар шүүхийн шийдвэрээр энэ мөнгө МАН-д шилжиж ирсэн юм. Бүр тодорхой хэлбэл Засгийн газрын тогтоол, шүүхийн шийдвэрийн дагуу тухайн үеийн Сангийн сайд, өнөөдрийн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт 11 тэрбум төгрөгийг МАН-д гаргаж өгсөн юм л даа.
 
-Ер нь улстөрийн намууд бүгдээрээ том том ордон маягийн байртай байх нь өнөөдрийн нөхцөлд аль хэр зохимжтой юм бэ дээ? 
 
-Энэ талаар тусгайлан заасан хуулийн заалт бий. Тухайлбал Улстөрийн намын тухай хуулийн 16.1-д Намын эд хөрөнгөд үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна, 16.2.6. өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах буюу түрээслүүлж ашиглуулснаас олсон орлогын талаар заасан байдаг. үүний дагуу манай нам байраа түрээслүүлдэг. Манай намын зүгээс Лениний музейг улсын өмчид буцаасан. Энэ удаагийн үйлдэл бол АН-ын гишүүд дэмжигчдийн хувьд шинээр ярьж байгаа, нэг их гайхаад байхаар зүйл огтхон ч биш. үүнийг бид цэвэр улс төрийн зохион байгуулалтай хийсэн мэдэгдэл гэж харж байгаа. Нэг зүйлийг хэлэхэд Т.Хасбаатар гэдэг хүний ярьснаар Монгол Улсын төрийн хууль, Засгийн газрын тогтоол үгүйсгэгддэг асуудал биш л дээ. 
 
Тэгж яривал АН-д ч бас улсын өмчөөс захирамжаар гаргуулсан дөрвөн байр бий. Тодруулбал, тухайн үеийн АН, үндэсний дэвшил нам, Монголын ардчилсан холбоо гээд дөрөв, таван нам нэгдээд АН болсон. Тэр үеийн Соёлын яамны байр, Зориг сангийн байр, Төв шуудангийн урд талд байрлах байр, Соёлын төв өргөө, Дуурийн театрын дунд байсан байр гээд энэ бүхнийг АН улсын өмчөөс авсан. Энэ өмчийн заримыг нь АН зарсан. Заримыг нь шинэчилнэ гээд нураасан байгаа. Байдал ийм тодорхой байхад АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо асуудлыг ингэж дэвэргэж байгаа нь харамсалтай байна. Тэгвэл бид ч гэсэн АН-ын дөрвөн байрыг мөн адил улсад авах асуудлыг хөндөн тавьж болно шүү дээ. 
 
-Хаврын чуулганы эхэнд Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхээр болоод байгаа. МАН ямар байр суурь баримталж байгаа вэ?
 
-Манай намын байр суурь үндсэндээ тодорхой болсон. МАН Сонгуулийн хуулийг 76 жижиг можаритар системээр явуулах ёстой гэсэн зарчмын байр суурин дээр санал нэгдсэн. үүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын мэдэгдэлд тодорхой дурьдсан байгаа. Харин хоёр намын хамтын ойлголцлын хүрээнд хаврын чуулганы эхэнд биш, ирэх долоодугаар сард Сонгуулийн тухай хуулийг батлана гэж зөвшилцсөн байгаа.
 
-Нэг тойрогт нэг нэр дэвшигч буюу можаритар тогтолцоо нь жижиг намуудын боломжийг хязгаарлана гэж зарим улстөрчид, тодорхой улстөрийн хүчнүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаад ямар тайлбар хийх вэ? 
 
-Манай намын гишүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 21 аймгийг хоёр удаа тойрч, иргэд сонгогчидтой уулзан тэдний санал бодлыг нарийвчлан судласан. Сая оны өмнөхөн гурван аймгийн бүх суманд ажилласан. Иргэд намын жагсаалтаар гарч ирдэг байдлыг хамгийн их шүүмжилж байна. Аливаа улстөрийн нам иргэд сонгогчдынхоо хүсэл сонирхол, дуу хоолойг илэрхийлэх ёстой шүү дээ. Тэр үүднээс МАН иргэд сонгогчдынхоо хүсэлтийн дагуу 76 тойрогт нэг нэр дэвшигч буюу, жижиг можаритар гэдэг системийг санал болгож байгаа юм. 
 
Урьд өмнөх сонгуулийн туршлагаас харж байхад нэг тойрогт нэг намын хоёр, гурван нэр дэвшигч өрсөлдөж санал хуваах, өөр бусад маргаан зөрчил гарч байсан нь зөвхөн МАН-д тохиолдож байсан асуудал биш юм. АН-д ч яг ийм асуудал тулгарч, багагүй маргаан, мэтгэлцээн гарч байсныг манай иргэд, сонгогчид санаж л байгаа. Нөгөө талаар сонгогчид намын жагсаалтын ард халхлагдсаар УИХ-д орж ирж байгаа асуудалд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгааг МАН анхааралдаа авч, дээрх шийдвэрийг гаргасан юм. Гэхдээ мэдээж Сонгуулийн тухай хуулийг УИХ-аар сайтар нягтлан ярилцаж, шийдвэрлэх нь ойлгомжтой.
 
Эх сурвалж: