sonin.mn
Хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниуд өнгөрсөн онд нийтдээ 14.544.6 тонн нөөцийн мах бэлтгэсэн ч өнөөг хэр нь худалдаанд гаргаагүй байгаа. Уг нь “Баатрууд тэнгэр” ХХК 3.212.7 тн, “Мах импекс” ХК 3.112.1 тн, “Мах маркет” ХХК 3.006.5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3.035 тн, Дархан хотод “Дархан мийт фүүд” ХХК 1081.4 тн, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1096.9 тонн мах тус тус нөөцөлчихөөд байгаа.
 
Гэвч эдийн засгийн хүндрэлээс үүдэн мах бэлтгэлийн компаниудын урамшууллын 4.5 тэрбум төгрөг шийдэгдээгүй учраас ийн нөөцийн махны сураг алдраад байгаа юм. Тиймээс салбар яамны мэргэжилтэнтэй уулзлаа. Тэдний хэлж буйгаар бол нөөцийн махыг хэзээ худалдаанд гаргах нь одоо ч тодорхойгүй байгаа бөгөөд төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал багагүй нөлөөлж байгаа аж. Тиймээс нөөцийн мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүд өнөгө рсөн жилийн урамшууллаа авчихвал энэ оны нөөцийн махыг худлдаанд гаргахад бэлэн байгаа гэнэ. Ингээд Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Цэцэгдариас дараах зүйлийг тодрууллаа. 
 
Ц.Цэцэгдарь: Сангийн яам мөнгийг нь шийдэээд өгчихвөл компаниуд бэлтгэсэн махныхаа борлуулалтыг эхлүүлнэ
 
-Нөөцийн махыг нэгдүгээр сарын 25-наас худалдаална гэж байсан ч өнөөг хүртэл сураггүй болчихлоо. Яагаад худалдаалахгүй байгаа юм бол?
 
-Уг нь төлөвлөгөө ёсоор бол бол нөөцийн мах өнгөрсөн нэгдүгээр сарын 25-наас худалдаанд гарах байсан. Гэвч Засгийн газрын хурлаар нөөцийн махны урамшууллын зардлыг 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хасчихсан. Уг нь 14 тэрбум төгрөг тусгасан байсан юм. Түүнчлэн 2014 оны төсвийн үлдэгдэл болох 4.5 тэрбум төгрөгийг нөөцийн мах бэлтгэсэн компаниудад өгөх ёстой. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд хандсан. Мөнгийг нь шийдэээд өгчихвөл компаниуд бэлтгэсэн махныхаа борлуулалтыг эхлүүлэх байх. 
 
-Борлуулалт хэзээнээс эхлэх нь тодорхойгүй гэсэн үг үү?
 
-Бид холбогдох газруудад нь асуудлаа тавьсан. Гэвч өнгөрсөн оны төсвийн үлдэгдэл болох 4.5 тэрбум төгрөгийг Сангийн яам шийдвэрлэж өгөхөөр хэлэлцэнэ гэсэн. Тэндээс ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй. Шийдвэр гарсны дараа Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам болон нөөцийн мах бэлтгэсэн компаниудын хооронд байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулна. Тэгсний эцэст нөөцийн мах худалдаанд гарна. 
 
-Гэрээнд ямар өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна вэ?
 
-Хараахан ярилцаагүй байна. Гэхдээ нөөцийн махыг хэдэн төгрөгөөр зарах зэргийг нь шийдэх байх. 
 
-үнэ нь ч тодорхой байгаа гэхээр нөөцийн махаа бэлтгэж амжаагүй юм биш биз гэх хар төрж байна?
 
-Мах бэлэн байгаа. Монгол­банкнаас Гол нэрийн бараа, бүтээг­дэхүүний үнийг тогтворжуулах гурван жилийн хугацаатай хөтөл­­бөр боловсруулсан. Энэ хүрээндээ 46.2 тэрбум төгрөгийн зээлийг нөөцийн мах бэлтгэдэг компаниудад олгосон. Энэ хөтөлбөр 2015 оны наймдугаар сард дуусах байсан. Тиймээс бид өнгөрсөн оны есдүгээр сард нөөцийн мах бэлтгэх компаниудын дунд тендер зарласан. Тендерт Улаанбаатарт дөрөв, Дархан-Уул аймаг болон Сэлэнгэд тус бүр нэг компани нөөцийн мах бэлтгэх эрх авсан. Эрх авсан даруйдаа компаниуд нөөцийн махаа бэлтгэсэн. Нөөцийн махны урамшууллын зардал гэж нэг кг-ийг нь 1000 төгрөгөөр тооцсон. Тэд ч 14 мянган тонн нөөцийн мах бэлтгээд байна. 
 
-Сангийн яам яагаад өнөөг хүртэл санхүүгийн асуудлыг шийдэж өгөхгүй байгаа юм бэ?
 
-Нөөцийн махны урамшууллын мөнгө энэ оны төсөвт суугаагүй. үнэнийг хэлэхэд, Сангийн яаманд өнгөрсөн оны төсвийн үлдэгдэл болох 4.5 тэрбум төгрөгийг гаргах эх үүсвэр байхгүй. 
 
-үүнд нөөцийн мах бэлтгэсэн компаниудын зүгээс ямар байр суурьтай байгаа бол?
 
-Тэдний зүгээс ядаж өнгөрсөн онд хийчихсэн ажлынхаа мөнгийг авъя гэсэн байр суурийг илэрхийлдэг. Манай яамны зүгээс тэр мөнгийг нь эхний ээлжид гаргаж өгөх ёстой гэж үзэж байгаа.  Харин Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогт дараах тайлбарыг өгч байв.
 
О.Хуягцогт: Нөөцийн махыг хэзээ худалдаанд гаргахыг Хүнс, хөдөө аж ахуйн яам мэднэ 
 
-Нөөцийн мах худалдаанд гарах эсэх нь танай яамнаас хамааралтай болчихож. Өнгөрсөн жилийн төсвийн үлдэгдэл болох 4.5 тэрбум төгрөгийг Сангийн яам шийдээд өгчихвөл болох гэнэ. Харин танай яамны зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Манай сайд болон Төрийн нарийн бичгийн даргад албан ёсоор танилцуулж байж эцсийн шийдвэр гарна. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас гуравдугаар сарын 5-нд санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг хүссэн бичиг ирсэн. Бид энэхүү шийдвэртэй танилцсан. Хувилбаруудыг нь судалж, улмаар яамныхаа удирдлагуудад танилцуулна. Ингэж байж нэг чиглэл, шийдвэр гарна. Ер нь өнгөрсөн оны төсөвт 14 тэрбум төгрөг туссан. Гэвч гүйцэтгэлээр 9.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Дутуу санхүүжилтийн асуудлыг яаж шийдэхээ ярилцаж байна. 2015 он гарчихсан болохоор төсвийн хүрээнд яаж шийдэж болох вэ гэдэг хувилбаруудыг судалж, удирдлагууддаа танилцуулахаар бэлтгэж байна.
 
-Мөнгийг нь төсөвт суулгаагүй болохоор хувилбар судлах талаар яриад байна уу?
 
-2015 оны төсвийн хүрээнд УИХ-аас баталсан хүрээнд л үйл ажиллагаагаа явуулж, аливаа зүйлийг санхүүжүүлэх ёстой. 2015 оны төсөвт нөөцийн махны урамшуулалд зориулж ямар нэгэн хөрөнгө тусгаагүй. УИХ-аас хэд хэдэн тогтоол гарсан. Жишээлбэл, 2015 оны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг илүү зах зээлийн харилцаанд үе шаттайгаар шилжүүлэх үүрэг өгсөн. үүний дагуу ажил хийгдэж байна. Төр, засгаас багагүй дэмжлэг үзүүлсэн. Хөнгөлөлттэй зээл олгох, агуулах барихад нь дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажил хийгдсэн. 
 
-Иргэд нөөцийн мах худалдаанд хэзээ гарахыг хүлээж байна. Гэтэл энэ асуудал хоёр яамны дунд гацчихсан байна. Санхүүжилтийг хэзээ шийдэх бол?
 
-Нөөцийн махыг хэзээ худалдаанд гаргахыг Хүнс, хөдөө аж ахуйн яам мэднэ. Тэд чиг үүргийнхээ хүрээнд ярилцаад шийдэх байх. Харин өмнөх онд дутуу олгогдсон 4.5 тэрбум төгрөгийг хэрхэн шийдэх нь Сангийн яамны асуудал. Иргэд үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. 
 
-Салбар яам нь танайхаас санхүүжилт олговол ямар ч асуудалгүй гээд байгаа шүү дээ. үнэндээ өнгөрсөн жилийн 4.5 тэрбум төгрөгийг олгох ч боломжгүй таг суучихсан юм биш үү?
 
-УИХ-аас өгсөн чиглэлээр бол өмнөх онд дутуу хэрэгжсэн санхүүжилтийг бүрэн өгөх ёстой. Нөөцийн махны урамшууллаас гадна бусад хөрөнгө оруулалтын ажлууд ч бий. 
 
-Тэгэхээр 4.5 тэрбум төгрөгийг бусад хөрөнгө оруулалтын ажлуудаас босгоно гэсэн үг үү?
 
-Тийм. 
 
Эх сурвалж: