sonin.mn
Өчигдрийн пүрэв гараг Монголын улстөрийн хүрээнд гэнэтийн үйл явлууд олонтой, нэг ёсондоо УИХ унтаж байгаа энэ цагт сэтгүүлчид уйдах завгүй пижигнээд өнгөрөв. Өчигдрийн хамгийн гол үйл явдал бол мэдээж Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн огцруулах тухай хүсэлтээ үндсэн хуулийн цэцэд өргөн барьсан явдал байв. Тэдний хувьд саяхан Ноён уулыг ухуулахгүй хэмээн эсэргүүцэн тэмцэж, улстөрийн өлсгөлөн зарлаж, 13 дахь хоног дээрээ хуурай өлсгөлөнд шилжээд байсан боловч цагдаа нар хүчээр тарааж, өлсөгчдийг нь албадан эмчилгээнд хамруулсан билээ. 
 
“Босоо хөх Монгол”-чууд “Бидний тэмцэл цаашид үргэлжилнэ” гэж амласан ёсоороо Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах хүсэлтээ гаргаж ямар ч гэсэн үндсэн хуулийн цэцэд өргөн барьлаа. Тэдний зүгээс Ерөнхийлөгчийг огцруулах гол шалтгаан нь өнгөрсөн Цагаан сарын битүүний өдөр УИХ-аас батласан Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журманд оруулсан нэмэлт өөрчлөлтөд бүрэн эрхийнхээ дагуу хориг тавиагүйтэй холбоотой гэж тэд үзэж байгаа ч түүний цаана Монгол Улсад төлөх ёстой 35 тэрбум төгрөгийн татвараас зугатсан хэрэгтээ шүүхээс 5.6 жилийн ял авсан Ж.Капла нарыг өршөөснийг үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаатай нь холбоотой гэж хардах хүмүүс ч байгаа юм. 
 
“Босоо хөх Монгол”-чууд Ц.Элбэгдоржийг ямар ч гэсэн үндсэн хуулийн цэцэд өгчихлөө. Гэхдээ асуудал нэг тийш тодорхой болтол багагүй хугацаа өнгөрөх нь тодорхой. Яагаад гэвэл үндсэн хуулийн цэцэд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч өнөөх П.Очирбат за тэгээд Ц.Элбэгдоржийн эсрэг шийдвэр гаргах нь байтугай хуруугаа ч хөдөлгөхийг хүсэхгүй хүмүүс сууж байгаа. Тэгэхээр “Босоо хөх Монгол”-чуудын өргөн барьсан асуудал яаж шийдэгдэхийг тааж ядах юмгүй санагдана. Пүрэв гарагийн хамгийн гол пижигнээн ийм байв. 
 
Дараа нь Эрчим хүчний сайд Д.Зоригт нүргээнтэй мэдээлэл хийв. Түүний мэдээлснээр 2014 оны байдлаар 68.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, өнөөдөр тун хүнд байдалтай өдөр хоногийг аргацааж байгаа Эрчим хүчний салбар энэ байдлаараа явбал тун ч таагүй ирээдүй хүлээж байгаа юм байна. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ байнга өсөн нэмэгдсээр 2014 оны байдлаар 6.7 тэрбум квт цаг эрчим хүч хэрэглэсний 5.3 тэрбумыг дотооддоо, үлдсэн 1.4 тэрбумыг БНХАУ, ОХУ-ын эрчим хүчний системээс худалдаж авчээ. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд цахилгаан хэрэглэгч өрх, аж ахуй нэгж 35 мянгаар, дулааны хэрэглэгч 40 мянгаар нэмэгдсэн юм байна. 
 
Нөхцөл байдал ийм байгаа учир цаашид дорвитой, шийдэмгий арга хэмжээ авахгүй бол өсөн нэмэгдэх хэрэглээгээ хангахад эх үүсвэрийн болон аваарын нөөцийн дутагдалд орох, гадаадаас авах эрчим хүч улам нэмэгдэх, цахилгаан дамжуулах үйлдвэрлэх, түгээх сүлжээ чадамжгүй болох, уул уурхай, барилга, хот байгуулалт, боловсруулах үйлдвэрийг боомилох, стратегийн чухал ач холбогдолтой салбар гаднаас бүрэн хараат болох зэрэг эрсдлийн өмнө тулж ирээд зогсчихоод байгаа аж. 
 
Дараагийн пижигнээн буюу банкуудын чанаргүй зээл
 
үндэсний статистикийн хорооны мэдээлснээр банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн сарын эцэст 667.2 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сарынхаас 9.8 тэрбум төгрөг буюу 1.5 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 69.3 тэрбум төгрөг буюу 11.6 хувиар өссөн дүн гэнэ. Тухайлбал, чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.1 пунктээр өссөн байна. Түүнчлэн үнэт цаасны арилжаагаар 111.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 12.9 сая ширхэг үнэт цаас арилжигдсан нь өмнөх оны мөн үеийнхээс гүйлгээ 103.3 тэрбум төгрөг буюу 13.3 дахин, арилжигдсан үнэт цаас 10.4 сая ширхэг буюу 5.0 дахин өссөн байна. Харин тайлант хугацаанд 46.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 7.2 сая ширхэг үнэт цаас арилжигдсан нь өмнөх оны мөн үеийнхээс гүйлгээ 39.0 тэрбум төгрөг буюу 6.2 дахин, арилжигдсан үнэт цаас 6.2 сая ширхэг буюу 7.7 дахин өссөн юм байна. Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 51.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн бөгөөд өнгөрсөн сард 19.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. 
 
Сүүлийн пижигнээн буюу С.Жавхлан, Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга нарын мэтгэлцээн
 
Төрийн гурван өндөрлөгийг МүОНТ-ээр шууд мэтгэлцээнд дуудсан С.Жавхланд үгүй гэсэн хариулт өгсний дараа шууд нэвтрүүлгийг нь цуцласан билээ.  Тэгтэл МүОНТ-ээр гарч чадаагүйдээ бухимдсан С.Жавхлан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга, Ц.Даваасүрэн нарыг дагуулан ТВ-9 телевиз дээр давхиж очоод баахан пижигнүүлэв. Тэд Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарыг ёстой нэг намнаж өгөөд жаахан тайвширцгаав. Товчхондоо тэдний хилэнтэй үгсээр пүрэв гарагийн пижигнээн өндөрлөсөн юм. Гэхдээ пүрэв гарагийн пижигнээн тун удахгүй тун хүчтэй пажигнаж магадгүй болоод явчихлаа. Учир нь Монголчууд хавар болгон пижигнүүлсээр байгаад сүүлдээ түүнийгээ үгүйлээд байдаг болчихжээ. 
 
Эх сурвалж: