sonin.mn
ВАШИНГТОН. /ITAR-TASS/. Афганистаны байдал болон “Аль-Каида” зэрэг террорист бүлэглэлүүдтэй тэмцэх асуудлыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани Ахмазай болон Ерөнхий сайд Абдулла Абдуллатай пүрэв гарагт утсаар хэлэлцсэн тухай Цагаан ордон мэдээлжээ. “Афганистанд үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах үйл явцыг Ерөнхийлөгч Обама сайшаагаад тус улсын удирдагчдын энэ сарын сүүлээр Вашингтонд хийх айлчлал нь бид бүхэн АНУ болон Афганистаны хооронд стратегийн түншлэлийг бэхжүүлэхийн төлөө байгаа гэдгийг илтгэн харуулна хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна. Афганистаны Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд Вашингтонд гуравдугаар сарын 24-нд айлчилж, Обаматай хэлэлцээ хийнэ гэж өмнө нь мэдээлж байсан юм.
 
Цагаан ордны мэдээлэлд дурдсанаар, хоёр орны удирдагчид Афганистанд байдлыг тогтворжуулах, “Аль-Каида” зэрэг хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлтэй тэмцэхэд тус улсын аюулаас хамгаалах хүчний гүйцэтгэх үүрэг зэрэг асуудлыг хөндөн ярилцсан байна. Обама мөн Афганистанд энх тайван байдал тогтоох болон хөрш Пакистан улстай харилцаагаа сайжруулах талаар санаачилга гаргасан Афганистаны удирдлагын үйл ажиллагааг өндрөөр үнэлжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: