sonin.mn
НҮБ. /ITAR-TASS/. Сирид цуст мөргөлдөөн эхэлснээс хойш дөрвөн жил өнгөрч байгаатай холбогдуулан интернэт хэрэглэгчдийг шинэ кампанит ажилд оролцохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн болон тус байгууллагын гол агентлагуудын удирдлагууд уриаллаа. "Юу хийх ёстой вэ?" (What Does It Take?)  гэж нэрлэсэн ажиллагааг “Facebook”, “Twitter” болон “Instagram” нийгмийн сүлжээгээр явуулах аж.
 
Үүнтэй адил “Одоо болно, больцгооё” гэдэг кампанит ажлыг 2013 онд явуулж байсан бөгөөд түүнд олон сая интернэт хэрэглэгч оролцжээ. Сирийн мөргөлдөөн үргэлжилсэн хэвээр байгаа учир энэ кампанит ажил амжилтад хүрээгүй гэдгийг НҮБ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ НҮБ-ын төлөөлөгчийн хэлснээр,  нийгмийн сүлжээнүүдэд  тус улсад болж буй үйл явдал анхаарлаа хандуулах нь мэдэгдэхүйц нэмэгджээ.
 
“НҮБ-ын агентлагуудын тэргүүн нар 2013 онд Сирийн хямралд “Больцгооё” гэж хэлсэн. Гэвч хямрал үргэлжилсээр байна. Гуравдугаар сарын 15-нд хямралын тав дахь жил эхэлнэ. Энэ хямралын төгсгөл харагдахгүй байгаа учир бид утга учиргүй зовлонг бүрмөсөн эцэс болгохын тулд юу хийх ёстой вэ гэдгийг улс төрийн эрх мэдэл бүхий хүмүүсээс асууж байна” гэж дээрх ажиллагааны албан ёсны цахим хуудсанд дурдсан байна.
 
Энэ кампанит ажилд нэгдэхийн тулд “Юу хийх хэрэгтэй вэ?” гэсэн бичиг бүхий зурагт хуудас барьж зургаа авахуулаад нийгмийн сүлжээнүүдэд #WhatDoesItTake гэсэн хэштегийн хамт байрлуулан, Сирийн ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа товч үгээр илэрхийлэхэд л хангалттай аж. Сирид мөргөлдөөн эхэлснээс хойш дөрвөн жил өнгөрч буйтай холбогдуулан Бан Ги Мүн пүрэв гарагт мэдэгдэл хийж, тус улс “бүрмөсөн сүйрэхийн” ирмэгт тулаад байгааг анхааруулжээ. Тэрбээр цуст мөргөлдөөнийг зогсоохын тулд шийдэмгий алхам хийхийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд уриалсан байна. Мөргөлдөөний улмаас 220 мянган хүн амиа алдаж, 11.5 сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэхээс аргагүйд хүрчээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: