sonin.mn
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог өнөөдөр /2015.03.12/ Бүгд Найрамдах Польш Улсын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог төлөөлөгчдийг  Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. БНПУ-ын бизнесийн төлөөлөгчдийг тэргүүлж яваа Ставомир Дутковски Улсын Их Хурлын дэд даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлэв.
 
Түүнчлэн, Монгол болон Польш улс уламжлалт найрсаг харилцаатайг онцлон дурдаад БНПУ-ын бизнесийн төлөөлөгчид Хөшигтийн хөндий-Улаанбаатар чиглэлийн хурдын замын төсөл дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дуулгалаа. Тус замыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр, өөрсдийн хөрөнгөөр европ стандартын дагуу барих боломж бий хэмээн танилцуулсан юм. Уулзалтад төгсгөлд Улсын Их Хурлын дэд дарга БНПУ-ын бизнесийн төлөөлөгчидтэй харилцан ярилцлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.