sonin.mn
РАБАТ. /ITAR-TASS/. Олон жилийн турш үргэлжилж байгаа улс төрийн хямралыг эцэс болгох зорилгоор Марокко улсад хийж буй Ливийн сөргөлдөгч талууд хоорондын ээлжит яриа хэлцээг хойшлуулсан байна. Энэ тухай Мароккогийн мэдээллийн “Le360” цахим хуудсанд уулзалтын зохион байгуулагчдын мэдээллийг иш татан дурджээ. Ливийн сөргөлдөгч талууд болох Тобрук хот дахь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түр Засгийн газар болон нийслэл Триполи хотыг хяналтдаа авсан лалын шашинтнууд хоорондын ээлжит хэлэлцээ Мароккод пүрэв гарагт болох ёстой байв.
 
Гэвч эвлэрүүлэх яриа хэлцээг долоо хоногоор хойшлуулах хүсэлтийг Тобрук хотод үйл ажиллагаа явуулж буй Төлөөлөгчдийн танхим /ТТ/ буюу Ливийн байнгын парламентын  төлөөлөгчид олон улсын зуучлагчдад хандан тавьсан байна.  ТТ-ын төлөөлөгчдийн хэлснээр, уулзалтын үеэр хэлэлцэх гол асуудлуудын талаарх саналаа нарийвчлан боловсруулахын тулд ийм хүсэлт гаргасан аж.
 
Байнгын парламентын төлөөлөгчид болон лалын шашныг баримтлагч Бүх нийтийн үндэсний конгрессын /хуучин түр парламент/ төлөөлөгчдийн хооронд болж буй хэлэлцээний эхний үе шат гуравдугаар сарын 5-7-ны хооронд Марокко улсын Схират хотод болсон юм. “Улс төрийн тодорхой хүсэл зорилго болоод тууштай урагшлах хүсэл эрмэлзэл” хоёр талд байгаа болохыг Ливид дэмжлэг үзүүлэх НҮБ-ын ажиллагааны тэргүүн Бернардино Леон дээрх уулзалтын дараа мэдэгджээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: