sonin.mn
ВАШИНГТОН. /АР/. Хэрэв ОХУ Минскийн гэрээг зөрчвөөс тус улсад нэмэлт хориг арга хэмжээ авна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Сьюзан Райс, Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер нарын уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд дурджээ. Уг мэдэгдлийг Цагаан ордны цахим хуудсанд нийтэлсэн байна.
 
“Байлдааны ажиллагааг зогсоож, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах болон олзлогдсон бүх хүмүүсийг суллах асуудлыг тусгасан Минскийн гэрээг талууд бүгдээрээ хэрэгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай гэдэг дээр Сьюзан Райс, Франк-Вальтер Штайнмайер нар санал нэгдлээ. Минскийн гэрээг дахин зөрчих эсвэл Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид шинээр газар нутаг эзлэн авсан тохиолдолд ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ улам чангарах болно гэдгийг тэд цохон тэмдэглэв” гэж мэдэгдэлд дурджээ.
 
Орост нэмэлт хориг арга хэмжээ авч магадгүй гэдгийг ОХУ, Төв Ази болон “Дорнын түншлэл”-ийн орнуудтай хамтран ажиллах асуудал хариуцсан Германы Засгийн газрын тусгай зохицуулагч Гернот Эрлер үгүйсгээгүй байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: