sonin.mn

БЭЭЖИН. /RIA Novosti/. БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ ээлжит чуулган өнөөдөр ажлаа дуусгалаа.

БХАТИХ-ын 12 дахь удаагийн гуравдугаар чуулган энэ сарын 5-нд эхэлсэн юм. Хятадын өнцөг булан бүрээс ирсэн 3000 орчим депутат 2014 оны улс орныхоо хөгжлийг дүгнэж, 2015 онд Хятадын нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх үндсэн зорилго, чиглэлийг тодорхойлж, хэд хэдэн хууль, саналыг хэлэлцэж, мөн гол байгууллагуудын тайланг сонссон байна.

Парламентын арван өдрийн хүрээнд бүх гол яамдын тэргүүн нар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, үйл ажиллагаагаа тайлагнан, 2015 онд улс орныг хөгжүүлэх гол чиглэлүүдийг тодорхойлжээ.

Чуулганы сүүлийн өдөр депутатууд Засгийн газрынхаа 2014 оны ажлын тайлангийн талаар тогтоол баталсан байна. Уг тайланг Хятадын Төрийн зөвлөлийн сайд Ли Кэцян чуулган нээгдсэн эхний өдөр танилцуулжээ. Дараа нь хууль тогтоогчид 2015 онд улс орны нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөг баталсан байна. Уг төлөвлөгөөнд эрх баригчид ДНБ-ий өсөлтийг энэ онд 7 хувийн түвшинд барихаар тогтоожээ. Төлөвлөгөөнд заасны дагуу Хятадын Засгийн газар хүнд суртлыг багасгах, санхүүгийн болон татварын бодлогыг шинэчлэх, мөн жижиг, дунд үйлдвэрлэл болон хувийн банкуудыг дэмжих ажлаа үргэлжлүүлнэ. Тус улсын Засгийн газар мөн үнэ тогтоох бодлогыг шинэчлэх, төрөөс үнийг нь тогтоодог бараа бүтээгдэхүүний нэр төрлийн тоог цөөрүүлэх ажлыг түргэтгэх, мөн гадаадын хөрөнгө оруулагчдад тогтоосон хязгаарлалтыг багасгахаар төлөвлөж байна.

Хятадын хууль тогтоогчид мөн өнгөрсөн оны улсын төсвийн гүйцэтгэл болон 2015 оны төсвийн төслийг баталжээ. Энэ жилийн төсөвт цэргийн зардлыг 10.1 хувиар нэмэгдүүлж, 144 тэрбум доллар хүргэх тухай тусгасан байна.

Чуулган хаагдахын өмнө депутатууд Ардын дээд шүүх болон Ардын дээд прокурорын газрын ажлын тайланг сайшаан баталсан байна.

Чуулган хаагдсаны дараа Хятадын Төрийн зөвлөлийн сайд Ли Кэцян хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг