sonin.mn
УИХ завсарлаж, Монголын улстөр зүүрмэглэсэн энэ үед эрхэм гишүүдийн олонх нь хөдөөгийн уул талаар 2016 оныхоо бэлтгэлийг базаасан шиг, сонгогчдын байдал төлөвийг битүүхэн тандацгааж яваа. Зарим хэсэг нь тив алгасан нисч, башийтал амарцгааж байна. Төрийн ордон эзгүйрэх шахсан өнгөрсөн баасан гарагийн үдээс хойш УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Баярсайхан, М.Сономпил, нарын цөөхөн гишүүн өрөөнөөсөө гарч орж, хэн нэгнийг сугадан тун ч аминчхан яриа өрнүүлж явааг нь харвал ирэх хаврын чуулганаар яаравчлан батлах Сонгуулийн, болон Улстөрийн намуудын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд дайх өөрсдийн санаа, оноог боловсруулж суугаагаас зайлахгүй. 
 
Монголчууд нийгмийн байгууламжаа өөрчилж зах зээлийн эдийн засагтай хуучнаар бол капиталист нийгэмд шилжсэнээр хамгийн эрэлт хэрэгцээтэй, аминдаа арчаатай мэргэжлээр улстөрчид буюу УИХ-ын гишүүд өрсөлдөгчгүй тодорсон түүхтэй.
 
Амьдрал ахуйгаа ахархан богино хугацаанд хачин сайхан төвхнүүлж дөнгөдөг УИХ-ын гишүүний шидэт суудлын төлөө арай л хүн нухаж, Хүрээ талахаас бусдыг хийсээр гарч ирдэг эрхэм улстөрчид маань Сонгуулийн тухай хуулиа сонгууль бүрийн өмнөхөн өөрчилж дөнгөдөг батлагдаагүй хуультай. Товчхондоо Монголын улстөрийн намууд эрх барьж байхдаа, эсвэл олонхи байхдаа өөрсөддөө ашигтай хууль баталж авахыг санаархаж, дур зоргоороо улайран дайрдагтай шууд холбоотой.  Өмнөх сонгуульд нэг тойрогт нэг намын хоёроос гурван нэр дэвшигч өрсөлдөж эцэс сүүлдээ зодоон нүдээндээ тулж, шившгээ хутгасан тул Сонгуулийн хуульд нэг тойрогт нэг намаас хоёр, гурван өрсөлдөгч өрсөлдөхгүй байх өөрчлөлт оруулахаар ерөнхийдөө санал нэгдэж байгаа дуулдана. 
 
Товчхондоо Өвөрхангайд АН-аас Г.Батхүү, Д.Зоригт, АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар нар нэр дэвшин өрсөлдөж, хоёр ах нь тэрслүү дүүгээ хулхидаж бөөн зарга үүссэн шившигтэй явдлыг давтахгүй байхаар тохиролцож, толхилцож байгаа юм байх. Ер нь ч нам дотроо өрсөлдөж, хагарал тэмцэлд хүрдэг нь өрсөлдөгчдөд нь ч сайхан далим үүсгэдэг гэдэгтэй санал нэгдэж байгаа аж. үүний хамгийн тодорхой жишээ нь Өвөрхангайн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын дуусдаггүй зарга, гомдолтой тэмцэл гэж хэлж болно. УИХ-ын гишүүний суудлаа нутгийн хоёр ахдаа дээрэмдүүлсэн хоёрын гомдол тасрахгүй үргэлжилсээр байсан тул Хөдөлмөрийн болон Зам тээврийн сайд болгож нэг удаа санаа амарцгаагаад байгаа.  Гэхдээ эрхэм УИХ-ын гишүүдийн одоо яриад байгаа нэг тойрог, нэг мандат хувилбарыг сонговол одоогийн 26 тойрог олширно. Товчхондоо нэг тойрог нэгээс гурван мандаттай гээд тооцоод үзэхээр Монгол Улс 48 тойрогтой болно. Нөгөөтэйгүүр тойрог олон, цөөн байх эсэх нь намын жагсаалтын пропорциональ хувилбараа нэмэх үү, хасах уу гэдэг ерөнхий зарчмаас бас хамаарна. 
 
Тойргийг хуваарилахдаа хүн амынх нь тоонд дүйцүүлж хуваах асуудал өнгөрсөн сонгуулийн хуулийг хэлэлцэх үед ярьж байсан ч төдий л амжилтай хэрэгжээгүй. Тэгвэл энэ удаа шинэ хуулиар тойргийг ямар зарчмаар хуваах вэ гэдэг мөн л анхаарал татах сэдэв билээ. Архангай, Завхан гэх мэт хоёр мандаттай тойргийг шууд дундуур нь хуваагаад хоёр тойрог болгох магадлал өндөр байгаа. Нөгөө талаар цөөн хүн амтай аймгийг шууд нэг тойрог болгох нь олон хүн амтай аймаг, нийслэлтэй харьцуулахад ихээхэн ялгаатай. Иймэрхүү шалтгааны улмаас Монгол Улсаа сонгуулийн тойрогт хэрхэн хуваах вэ гэдэг сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийн маргаантай нэг сэдэв болох нь гарцаагүй.
 
 УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын талбарлаж байгаагаар МАН-ын хувьд пропорциональ хувилбарыг бүр байхгүй болгож, жижиг мажоритар 76 тойргоор сонгууль явуулдаг байсан хуучин тогтолцоо руугаа эргэж орохоор эргэлт буцалтгүй шийдсэн бололтой юм. Тэдний энэхүү зөрүүдлэлийн ард өөрсдийнх нь саналаас МАХН хуваалцах боломгүй болно гэсэн муйхар тооцоо явж байгаа нь тодорхой. 
МАН-ынхны өмнөө бариад байгаа уриа, лоозон буюу “Улстөрийн намууд төлөвшөөгүй өнөөгийн нөхцөлд намын нэрээр санал авах нь оновчтой хувилбар биш” гэдэг нь товчхондоо улстөрд хүч түрэн гарч ирж байгаа амбицтай залуучуудынхаа түлхээсээр, Монголын улстөрд 20-30 жил шигдэж суугаа өвгөчүүлээ мөргөж, замаасаа зайлуулах гэсэн арга гэдгийг таамаглаж цөхөх юм байхгүй. 
 
Тэгвэл АН-ын хувьд намын жагсаалтаар УИХ-д орж ирэх “өвгөчүүд”-ийнхээ тоог болж өгвөл нэмэх бодолтой байгаа. Учир нь 2012 оны сонгуулиар ялимгүй олонх болсон нь сонгуулийн холимог тогтолцооны “буян, хишиг” гэж удирдлагууд нь шүтчихээд байгаатай шууд холбоотой. Тэгээд ч Алтангадас, Шонхор тэргүүтэй АН-ын “егзөр” фракциуд “Энэ удаа ч МАН-ын саналаас МАХН-ынхан хангалттай хуваана” гэж шүд зуун тооцоолж байгаа учир егзөр өвгөчүүд, часхийсэн хүүхнүүдээ намын жагсаалтын ард болж л өгвөл олноор нь нуун оруулж ирэхээр ханцуй дотроо наймаалцаж эхлээд байгаа.Нөгөө талаар урьд өмнөх гашуун туршлагаа бодсон ч намын саналын төлөө ажиллах нь намаараа нэг баг болж, нягтран ажиллахад дөхөмтэй гэж тооцоолж байгаагаас зайлахгүй. Хэдийгээр олон фракцад хуваагддаг ч сонгуулийн үед хүчээ нэгтгэж чаддаг чанараа ч мөн ашиглая гэж бодож байгаа нь дамжиггүй. АН-ын дарга З.Энхболд даргын тооцоолсноор жагсаалтаар сонгогдох гишүүний тоог нэмж чаддаггүй юм гэхэд өнгөрсөн сонгуулийн 48:28-ыг хэвээр хадгалахыг юунаас ч илүүтэй хүсч, зорьж байгаа. 
 
Тэгвэл байгаа байхгүй нь мэдэгддэггүй шахуу ч  УИХ-д хоёр суудал бөглөдөг Иргэний Зоригчуудын хувьд сонгуулийг 50:50 гэсэн харьцаагаар явуулъя гэж сулхан дуугарсаар суугаа. Тэдний хувьд 38:38 гэсэн хувилбараар сонгууль явуулбал дор хаяж гурваас дөрвөн суудал зулгаах тооцоо хийж суугаа нь энэ. Харин “Шударга ёс”-чуудын тухайд холимог тогтолцоо ээлээ өгсөн учир хэвээр үлдээхийг эрмэлзэж байгаа нь тэдний сүүлийн үед хийж байгаа мэдэгдлүүдээс харагдсан. Товчхондоо МАН-ынхан л “100 хувь мажоритар” гэж хашхичаад байгаа ч 2016 оны сонгуулиас өмнө өөрчлөгдөх хуулинд тогтолцоо нь бараг л 2012 оныхоороо үлдэх магадлалтай байгаа юм. 
 
Эх сурвалж: