sonin.mn
Цахилгааны үнийг энэ онд тултал нэмнэ гэдгээ албаны хүмүүс хэллээ.Тэгээд ч өнгөрсөн хугацаанд нэмнэ, нэмэхгүй гэж ихэд маргалдаж  байсан ч энэ удаад нэмэхээс өөр аргагүй байдалд ороод байгаа аж. Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ “үнэ тариф нэмснээр Монгол Улсын эрчим хүчний систем үр ашигтай, алдагдалгүй ажиллана. Тухайлбал, манай улс үйлдвэрлэж буй эрчим хүчээ алдагдалтай үнээр борлуулдаг бол хөрөнгө оруулагч олдохгүй. Мөн эрчим хүчний салбар алдагдал хүлээж буй нь технологийн шинэчлэлт хийх, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжгүй болгодог юм. 
 
Иймд санхүү хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхийн тулд үнэ нэмэх ажлыг үе шаттай хийж эхэллээ. Одоо барихаар ярьж буй цахилгаан станцууд дөрөв, таван жилийн дараа ашиглалтад ороход алдагдалгүй боломжийн үнэ тарифаар цахилгаан, дулаанаа борлуулдаг болно. Энэ онд эрчим хүчний системийн хэмжээнд 17 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийхээр төлөвлөсөн. Мөн Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж байгаа. 
 
Тэгэхдээ 2030 он хүртэл Монгол Улсын эрчим хүчний хэрэглээг тооцон үзэж байна. Энэ баримт бичгийг УИХ-д удахгүй өргөн барина” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, үнэд өөрчлөлт орох болсон шалтгаан нь гэвэл. Их засвар, хөрөнгө оруулалттай хол¬боотой. Зөвхөн Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ компанийн хувьд л гэхэд ашиглаж буй нийт тоног төхөөрөмжийн 90 гаруй хувь нь 1960-1980 онд үйлдвэрлэгдсэн аж. Өдгөө тэдгээрийн 20 гаруй хувь нь ашиглалтын хугацаанаасаа хэтэрчээ. 
 
Тодруулбал, нийслэлд өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээг шугам, сүлжээ, дамжуулах дэд станцуудын хүчин чадал дийлэхгүй гэсэн үг юм. Иймээс хэт ачаалалтай болж байгаа трансформатор болон бусад тоног¬лолуудын засвар үйлчилгээг хий¬хийн тулд хөрөнгө мөнгө зайлшгүй шаардлагатай. Гэвч төсвийн хөрөнгө хүрэлцдэггүй, өгсөн захиалга нь байнга хасагддаг гээд хүндрэл бэрхшээл бишгүй байдаг байна. Эрчим хүчний байгууллага зөвхөн өөрсдийн хүч бололцоогоор иж бүрэн засвар хийж, дамжуулах сүлжээний хэвийн, найдвартай ажил¬лагааг хангах боломжгүй учраас хэрэглээний үнийг нэмэхээс өөр аргагүй болж байгаа энэ ажээ. 
 
Түүнчлэн тэд үнэд өөрчлөлт оруулахдаа хэрэглэгчдийн ангиллыг сайтар харгалзаж үзнэ хэмээж байна. Тухайлбал, айл өрхийн хэрэглээний үнийг аль болох бага түвшинд, харин үйлдвэр аж ахуйн газрууд, ялангуяа өндөр хүчин чадал бүхий эрчим хүч хэрэглэж буй уул уурхайн компаниудын төлөх тарифыг илүү тооцох тухай ярьж байгаа юм байна. Эрчим хүчний зохицуулах газар энэ онд хийх ажлынхаа төлөвлөгөөнд үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагыг хэрэглээний түвшингээр нь ангилж, томоохон хэрэглэгчдэд цахилгааны чадлын тариф тогтоож, мөрдүүлэх тухай тусгасан юм билээ. 
 
Тиймээс үнэ нэмэх гэж буйг гэнэтийн шийдвэр бус, зайлшгүй буюу урьдчилсан төлөвлөгөөнийхөө дагуу хийж байгаа ажил гэж ойлгох нь зүйтэй гэдгийг тэд тайлбарлан хэлж байсан юм. 
 
Ер нь цахилгааны асуудалд төр дандаа алдагдал хүлээж байсан нь нууц биш. Бид гаднаас өндөр үнэтэй цахилгаан импортолж ард иргэддээ хямдруулж өгөөд, зөрүүг нь төрөөс төлдө байсан юм. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд эрчим хүчний алдагдал 70 тэрбум төгрөг гарч нэлээд асуудал үүсч байсан. Энэхүү өр цаашид улам нэмэгдсээр байгаад цахилгааны үнийг нэмэхээс өөр аргагүй байдалд оржээ гэж ойлгож болно.Шулуухан хэлэхэд манай улс өөрийгөө цахилгаан эрчим хүчээр хангахад маш хүнд болчихоод байгаа учраас бид томоохон цахилгаан станц барих шаардлагатай гэдгийг ч мэргэжилтнүүд хэлж байсан. 
 
Хэрвээ бид цахилгаан станцуудынхаа хэвийн үйл ажиллагааг хангахгүй бол Улаанбаатар хот хөлдөхөд хүрнэ. Иргэдийнхээ амьжиргааны түвшнийг тооцож үзвэл цахилгааны үнийг нэмэхэд ч төвөгтэй л дээ. үүнээс үндэслээд бүх газарт хэмнэлт чухал болоод байна. Ядаж л өдөр 00, орцныхоо гэрлийг асаадаггүй, зурагтаа улаан гэрэлтэй нь үлдээхгүй, компьютерээ өдөртөө салгах гэх мэт хэмнэлтүүдэд иргэд суралцмаар байгаа юм. Тэгэхгүй бол цахилгаанд хэтэрхий гамгүй хандаж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. 
 
Эх сурвалж: