sonin.mn
КАИР. /ITAR-TASS/. Египетийн эдийн засгийг сэргээх болон цаашид хөгжүүлэхэд 200-300 тэрбум доллар шаардлагатай гэж тус улсын Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси Шарм-эш-Шейх хотод болсон олон улсын эдийн засгийн бага хуралд үг хэлэхдээ мэдэгджээ. “Египетийн ард түмэнд итгэл найдвар төрүүлж, тэднийг ажилтай болгохын тулд бидэнд 200-300 тэрбум доллар шаардлагатай. Цаг хугацаа өнгөрсөөр байна, бид яаравчлах хэрэгтэй. Цаг хугацааны хүчин зүйл нь төсөл хэрэгжүүлэхэд маш чухал үүрэгтэй бөгөөд египетчүүд үүргээ биелүүлж чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй” гэж тэрбээр онцлон дурдсан байна.
 
Ас-Сисигийн хэлснээр “10 жилийн дараа гэхэд Египетийн хүн ам 26 саяар өсөх бөгөөд энэ нь яаравчлах хэрэгтэйг анхааруулж байна”. Одоо Египетийн хүн ам 85 саяар тоологдож байгаа бөгөөд тэдний 20 сая нь гадаадад оршин сууж байна. Хүн амын 35 саяыг нь залуус бүрдүүлж байна. “Эдгээр залуус одоо хийж бүтээхийг эрмэлзэж байна” гэж тэрбээр хэлжээ.
 
“Хөрөнгө оруулалтын төслүүдийн зардлыг эрс бууруулахын тулд” хүчин чармайлт гаргана гэдгээ ас-Сиси батлан хэлсэн байна. “Египетчүүд гурав дахь удаагаа өөрчлөлт шинэчлэлт хийхийг хүсэх тэр үеийг би хүлээх бодолгүй байна” гэж тэрбээр хэллээ.
 
Египетийн Хөрөнгө оруулалтын яамны мэдээлснээр, олон улсын чуулга уулзалтын үеэр Саудын Арави, Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/, Иордан, Хятад, Герман болон Итали улсын компаниудтай 175 тэрбум долларын өртөг бүхий хөрөнгө оруулалтын 30 гаруй гэрээ болон харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. АНЭУ-ын хувьд Египетэд шинэ нийслэл хот барьж өгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд 45 тэрбум долларын өртөгтэй уг төсөл нь дэлхийн хамгийн том төслүүдийн нэгд тооцогдож байгаа юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: