sonin.mn
НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах газраас зохион байгуулж буй “Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хурал энэ сарын 13-18-ны өдрүүдэд  Япон улсын Сэндай хотноо болж байна. Тус хуралд дэлхийн 20 гаруй орны төр засгийн удирдагчид, 100 гаруй сайд, 20 гаруй олон улсын байгууллага, НҮБ-ын 15 төрөлжсөн байгууллага, 200 гаруй ТББ-ын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид оролцож байгаа юм. Монгол Улсаас Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
 
Бага хурлыг нээж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн үг хэлсэн бөгөөд тэрбээр дэлхий дахинаа гамшиг болон гарч буй гамшгаас хамгаалах асуудал тулгамдсан зүйл болоод байгааг онцолсон аж. Бага хурлын даргаар Японы гамшгийн удирдлагын төрийн сайд хатагтай Эрико Яаматани сонгогдсон ба Японы Ерөнхий сайд Шинзэ Абэ бага хурлын нээлтэн дээр үг хэлж, Цог жавхлант эзэн хаан, хатан нар нээлтэнд морилж, бага хурлын төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлжээ. Бага хурлын үеэр Гамшгийн эрсдлийг удирдах нь, Тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг даван туулах нь, Гамшгийн эрсдэлийг бууруулах хүрээний баримт бичгийн хамтын ажиллагаа, Хот суурин газрын гамшгийн эрсдлийг бууруулах, гамшгийн дараах сэргээн босголт зэрэг сэдвээр сайд нарын дугуй ширээний ярилцлага болох гэнэ. Мөн эрсдлийг тооцсон хөрөнгө оруулалт, гамшгийн эрсдлийг бууруулахад эмэгтэйчүүдийн манлайлал, Засгийн газар, олон нийтийн харилцаа зэрэг сэдвийн хүрээнд дээд түвшний хэлэлцүүлэг өрнөнө.
 
Эх сурвалж: