sonin.mn
БНКазУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль энэ оны дөрөвдүгээр сарын 26-нд болохтой холбогдуулан тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Кобландин өнөөдөр мэдээлэл хийлээ. БНКазУ-ын Ерөнхийлөгчийн болон парламентын ээлжит сонгууль 2016 онд болох ёстой. Тиймээс дээрх хоёр сонгуулийг давхцуулахгүй байх, дэлхийн эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх болон “Нурлы жол”, “Казакстан-2050” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүднээс Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг өөрчилж, энэ онд зохион байгуулах болсон хэмээн Элчин сайд К.Кобландин мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.
 
Тэрбээр, “БНКазУ-ын Ерөнхийлөгчид 27 хүн өрсөлдөхөөр нэрээ өгсөн. Үүнээс 8 хүн нь Төрийн хэлний мэдлэгийн шалгуурыг хангаж чадаагүй учраас хассан. Казахстан улсын хуулийн дагуу 40 нас хүрсэн иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй. Энэ шалгуурыг хангаагүй 2 хүнийг мөн хассан байна. Одоогоор БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаев, Коммунист ардын намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Тургын Сыздыков, “Оюунлаг нийгмийн ертөнц” сангийн Ерөнхийлөгч Лимина Койшиева болон бие даан нэр дэвшигч Канат Турагелдиев, А.Кусайнов нар сонгуульд өрсөлдөх шалгуурыг хангасан. Бусад өрсөлдөгчдийн материалыг шалгаж дуусаагүй байна. Энэхүү сонгуулийн үр дүнгээс үл хамааран Монгол, БНКазУ-ын найрамдалт харилцаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
 
Түүнчлэн БНКазУ-ын 108 иргэн Монгол Улсад түр оршин сууж байгаа бөгөөд эдгээр иргэдийн сонгууль өгөх эрхийг хангах үүднээс Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Эрдэнэт хотод сонгуулийн штаб байгуулахаар төлөвлөж байгаа аж. Монгол Улсад суугаа БНКазУ-ын иргэд энэ оны дөрөвдүгээр сарын 26-нд сонгуулийн штабд бичиг баримттайгаа ирж сонгууль өгөх боломжтой аж.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: