sonin.mn

УИХ-ын  ээлжит сонгууль жил гаруйн дараа болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор улс төрийн нам, эвслийн дотоод зохион байгуулалтын асуудлууд ч өөрчлөгдөж эхлээд буй билээ.

АН-ын  дүүрэг, аймаг зэрэг орон нутгийн удирдлагуудыг солих их ажил өрнөж буй бөгөөд үүний дараа тус намын их хурал болж, одоогийн удирдлагаа жинхлэх эсэх асуудлыг хэлэлцэх аж. Мөн 2015 оны намар МАН-ын их хурал болж, М.Энхболд ба түүний багийг  намын удирдлагаар үргэлжлүүлэн ажиллуулах эсэх тухай асуудлыг шийдэх бололтой. Эх сурвалжуудын хэлж буйгаар У.Хүрэлсүх тус намын даргаар сонгогдох магадлал өндөр гэнэ. Үүнтэй зэрэгцэн МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл ч хэрхэн УИХ-ын сонгуульд оролцох тухай хөдөлгөөн өрнөж эхэлжээ. МАХН-ын Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар АН-д элсэхээр төлөвлөж буй бөгөөд МАХН Ц.Шаравдорж, Ц.Цолмон нарын нэгээр намаа удирдуулж, 2016 оны сонгуульд дангаараа оролцох бололтой.  Эвслийн нөгөө хамтрагч МҮАН-ын хувьд  “Шударга ёс” эвслээ хэвээр хадгалах буюу АН-тай хамтран ажиллах сонирхолтой байгаа аж.

Хамгийн гол нь УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох шинэ эвсэл бүрэлдэж буй тухай улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ. Уг эвсэлд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар ба тэдний шинээр байгуулах нам, Б.Жаргалсайхан даргатай БНН, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү, МУГЖ С.Жавхлан нар, иргэний хөдөлгөөд одоогоор багтах бололтой. Мөн тэд  АН-ын ҮЗХ-ы гишүүн О.Магнай, УИХ-ын гишүүн, МҮАН-ын УЗ-ийн гишүүн Г.Уянга нарт ч нэгдэх урилга хүргүүлсэн аж.


Я.Явуу