sonin.mn
Энэ удаагийн нийслэлийн иргэн буландаа нийслэлийн Цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатарыг урилаа. Өндөр биерхүү энэ эрийн эцэг, эхийн тал нь мөн л өндөр хүмүүс гэдэг. Түүний ээжийн эцэг нь нутаг орондоо өндөр Доржпалам гэгддэг хүн байж. Тиймээс ч ээжийнх нь ургийн овог “Өндөрийнхөн” гэнэ. Аавын талынхан ч чамгүй чацтай хүмүүс байдаг аж. Тэрээр “Би өөрийнхөө биеийн өндрийг нэг удаа их сайн ашигласан юм. 1992 онд шинэ Үндсэн хууль гараад Монгол төрийн төрийн цагаан сүлд бий болсон. 
 
Хүндэт харуул өсөн хөлт цагаан тугыг авч явахад хамгийн дээд талд нь гурван хүн барьж зогсдог сүлд шүү дээ. 1992 оны тавдугаар сард анх бий болгоод тухайн үеийн дэслэгч генерал Ш.Жадамбаа гэж хүнээс авч байсан гурван хүний нэг нь би. Төрийн цагаан сүлдийг анх барьсанаараа бахархдаг. Тэр гурван хүний нэг нь өдгөө Швед улсад сайн сайхан амьдарч байна. Нөгөө нь хүчний байгуулагын чиглэлээр Америкт ажиллаж байна. Бууриа сахиж байгаа нь би юм шиг байгаа юм. Төрийн сүлдийг анх өргөж явсан болохоор сайн явна гэж боддог доо" хэмээн хуучлав. 
 
Түүний аав Лхамсүрэнгийн Жавзмаа гуайг мэдэхгүй хүн ховор. Булган аймгийн Засаг дарга, Сүхбаатар, Налайх раойны дарга, нийслэлийн орлогч дарга, Монгол Улсын ерөнхий аудитор, ОХУ-ын Буриад хотод Ерөнхий консул хийж яваад тэтгэвэртээ гарсан буурал бий. Харин ээж Д.Пүрвээ нь насаараа Хөдөө аж ахуйн яаманд нягтлан хийгээд тэтгэвэртээ суужээ.
 
Гэр бүлд нь цэрэгт явсан хүн тун ховор байсан аж. Тэр тусмаа түүнийг аравдугаар анги төгсөх тэр үед аав нь Налайх раойны дарга байсан байна. Тийм ч болохоор том хүүгээ гадаадад сургуульд явуулах сонирхолтой байж. Гэтэл хүү нь одоогийн Батлан хамгаалахын их сургууль тухайн үеийн Цэргийн нэгдсэн дээд сургуульд элсчихсэн аж. 
 
Энэ талаар “1980-аад оны дундуур арван жилийн сургуулийн ес, аравдугаар ангид цэрэгжилтийн хичээл гэж ордог байсан. Мөн цэрэг, спортын “Дөл” тоглолт гэж болдог байлаа. Тэр тоглолтод оролцож сургуулиасаа шалгараад раойны хэмжээнд гурав, хотын хэмжээнд хоёрдугаар байрт орсон юм. Тэгээд л ер нь цэргийн хүн болчихъё гэж бодсон. Тухайн үед аав, ээж минь миний сонголтыг дэмжсэнд баярлаж явдаг даа” гэж байв. 
 
Өөрөө цэрэгжилтийн тэмцээнд оролцож байсан болохоор ч тэр үү тасраад олон жил болсон “Дөл” цэрэг, спортын тэмцээнийг нийслэлийн Цэргийн штабын даргын албыг аваад сэргээхээр шийджээ. Ингээд нийслэлийн Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулахаар болсон байна. Энэ жил тэмцээнийг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа юм байна. 
 
Нэгдүгээр үе шат нь гуравдугаар сарын 5-наас дөрөвдүгээр сарын 1-ны хооронд дүүргүүд аваргаа шалгаруулах аж. Харин дөрөвдүгээр сарын 1-20-ны хооронд хотын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах юм байна.
 
Ж.Болдбаатар хурандаа Булган аймгийн Булган суманд төржээ. Түүний бага нас аймгийн төв дээр өнгөрсөн байна. Өвөө, эмээ нь Булганы Дашинчилэн суманд байжээ. Ер нь тэдний гэр бүл цөм Булганыхан. Харин 1984 онд аав нь хотод ажилд томилогдоход гэрээрээ хотод иржээ. Ингээд нийслэлийн 24 дүгээр сургуульд сурч 1986 онд төгссөн байна. Тэр ондоо цэргийн нэгдсэн сургуульд элсэж 1990 онд төгсөөд Зүүнбаян, Төв аймгийн Сэргэлэнгийн дивиз зэрэг газруудад ажиллаж байгаад Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын тоо бүртгэгч офицероор ажилласан аж. 
 
Тэрээр “Хүний аав хүн гэдэг хүүхдийнхээ хөдөлмөрийг олон жилийн хойно дүгнэдэг юм билээ. Би Монгол Улсын зэвсэгт хүчинд цэргийн сургуульд орсоноосоо хойш 29 жил, офицер болоод 25 жил болж байна. Аав харин хоёр гурван жилийн өмнө л “Миний хүүгийн сонголт зөв байсан байна шүү” гэж хэлсэн дээ” гэсэн юм.
 
Түүнийг хотод ирэхэд нь ээж, аавынх нь нэрнээс шалтгаалсан жижиг будилаан их гардаг байж. Анкет дээр нь эцэг Пүрвээ, эх Жавзмаа гээд биччихсэн тохиолдол гарч л байсан байна. Мөн ангийнх нь хүүхэд “Чи яагаад ээжээрээ овоглодог юм” гэж асууж байсныг дурссан юм.
 
Олон жилийн хойно хэлсэн хариу
Тэрээр дөрвөн хүүхэдтэй айлын ууган хүү. Энэ талаараа “Би айлын хамгийн том хүү. Гэрт том хүүгийн үүрэг их. Намайг дүү нар дуурайна. Тиймээс сайн аав, ээжийн сайн хүү байх юмсан гэж боддог. Мөн олонтойгоо байхыг чухалчилдаг. Өнөөдөр нийслэлийн 152 хороо есөн дүүргийн сая гаруй хүнтэй ажиллахдаа хүнийг ялгаж үзэхгүй зөв л байх юмсан гэж хичээдэг” хэмээж байлаа. Цэргийн сургуульд сурч байсан талаараа “Бидний үед цэргийн сургуулийг дөрвөн жил казармаар төгсдөг байлаа. Зун амарч гэртээ харина. Тэр үед цэргийн сургууль төгссөн нь маш их хат өгсөн гэж боддог. Өглөө болгон арван км гүйнэ. Хүйтэн усаар цээжээ угаана энэ бүхэн чийрэгжилт сайтай болгож байсан хэрэг” гэсэн юм.
 
Харин нийгэм шилжилтийн хүнд үеийн талаар асуухад “1991, 1992 онд армид цомхотгол эхэлсэн. Манай үеийнхэн бараг гарсан даа. Надад ч нэг үе гарья гэсэн бодол байлаа. Учир нь гарсан хүмүүс наймаа хийгээд мөнгөтэй сайхан харагдана. Гэтэл бидэнд цалин байхгүй. Хоол, автобусны мөнгөгүй алхаж явсан үе олон бий. Тэгэхэд аав Булган аймгийн Засаг дарга байсан юм. 
 
Аавдаа хэлтэл “Хоёр эрэгтэй дүү чинь болсон болоогүй наймаа хийгээд явж байна. Гурван хүүгийн минь хоёр нь наймаа хийж байхад нэг нь төрд байсан нь дээр биз дээ” л гэсэн. 1993 оны хавьд байх. Түүнээс хойш ахиж тэр тухай асуудлыг сөхөж яриагүй” гэсэн юм. Мөн “Нэг удаа цэргээс халагдаад бизнес хийж байгаа хүнтэй тааралдахад цэргийн хүмүүс гэж ямар хүнийг хэлдэг юм бэ гэж асуусан тэгэхээр нь та юу гэж боддог юм гэхэд сүүлийн үед офицеруудыг ингэж ярьж байна гээд муухайгаар хэлсэн л дээ. Тэр нь эсгийнд боолгож, ширээр үдүүлсэн, баргар царайтай, бараан амьдралтай хүмүүсийг офицерууд гэнэ гэж хэлсэн. 
 
Түүнтэй 2008 оны үед нэг арга хэмжээн дээр дахиж тааралдсан юм. Тэгэхэд би одоо таны асуултад хариултаа өгөх үү гэсэн юм. Бодоод л явсан хэрэг л дээ. Тэгээд одоо бол бид хүнд таваг шөл, 100 грамм аваад өгөхтэйгөө болсон гэж байлаа. Аливаа юмыг өнөөдөр биш, маргааш ч биш нөгөөдөр дүгнэдэг байхгүй юу” гэж ярих.
 
Ер нь нийслэлийн Цэргийн штабынхан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр сүүлийн таван жил эрчимтэй ажиллажээ. Одоо ажиллагчдынх нь 75-80 хувийнх нь байрны асуудал бүрэн шийдэгдээд байгаа гэнэ. Энэ талаар “Гэртээ модгүй, галгүй, усгүй хүн яаж ажил хийх юм. Гэрлүүгээ л яарна шүү дээ. Зээлийн ч бай байранд ороход гэрлүүгээ яарахгүй ажилдаа шамдана. Ингэвэл ажил урагшлана” гэсэн юм.
 
Өнөөдөр СТӨ-нд гүрван үеийн уулзалт болно
Монгол цэргийн өдрийг угтаад нийслэлийн Цэргийн штабынхан ажил ихтэй байгаа аж. Иргэн цэргийн харилцаа болон тусгаар тогтнол, эх орноороо бахархах үзлийг залуус, хүүхдүүдэд сурталчлах ажлыг идэвхжүүлж байгаа юм байна. Саяхан нэг цуврал нэвтрүүлэг хийсэн нь гуравдугаар сарын 18-наас телевизээр гарах гэнэ. 
 
Мөн ЕБС-ийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зарласан байна. 2015 онд чөлөөлөх дайны 70 жилийн ой болж байгаа юм. Үүнтэй холбогдуулаад эсээ бичлэгийн уралдаан зарласан аж. Түүнчлэн цэрэг, спортын “Дөл” тэмцээн болж байгаа. Өнөөдөр СТӨ-нд гурван үеийн уулзалтыг зохион байгуулж иргэдэд ямар ажил хийснээ танилцуулж, асуултад нээлттэй хариулах юм байна. Өнгөрсөн жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт 500 хүн хамруулсан бол энэ жил 1000 болгох гэнэ.
 
“Чи даавуу угаахгүй шүү дээ. Хүү чинь явдаг болчихсон байна” гэж хэлдэг байж
Ерөнхийдөө 1994 оноос Сүхбаатар дүүргийн Тамгын газрын Цэргийн штабт ажиллаж эхэлсэнээсээ хойш л нийслэлийн цэрэг татлага, тоо бүртгэл дээр ажиллажээ. 1992 онд мал хувьчлал болсон. Тухайн үед маш олон хүүхэд сургуулиас гарч мал малласнаас бичиг үсэггүй цэрэг олширч байж. Хотын хувьд залуучууд цэргийн алба хаах дургүй болж байсан гэнэ. Цагдаа нар байшингийн дээвэр, подвальд орчихсон байхад нь бариад цэрэгт явуулдаг үе байжээ. 
 
Энэ тухай “Нийгмийн шилжилтийн үетэй холбоотойгоор, хууль эрхзүйн орчин сайн бүрдээгүй байсан нь тийм нөхцөлд хүргэсэн” гэсэн юм. Мөн цэрэгт татагдах ёстой хүмүүс нь олддоггүй, ганзагын наймаанд явчихдаг. Түүнээс шалтгаалаад төлөвлөгөө биелдэггүй байсан гэнэ. Ганц нэг хүн авчрахаар хүүхдээ тэвэрсэн эхнэр нь ирээд “Миний нөхрийг чөлөөлөөд өг" гээд гуйна. Тэнд төрийн төмөр нүүр л болно. Залууд нь “Чамайг хойтон халагдаад ирэхэд танай хүү явдаг болчихсон байна. Чи даавуу угаахгүй шүү дээ гэж хэлдэг байлаа” гэж хуучилсан юм. 
 
Тэрээр “Одоо цэргийн албыг биечлэн хаах, дүйцүүлэн хаах, мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаах, оюутан цэрэг хөтөлбөр зэргээр олон хэлбэрүүдээс сонгодог болсон. Тэр үед алба зөвхөн биечлэн алба хаалгадаг байлаа. Өнөөдөр цэрэгт явж байгаа залуусын тоо харьцангуй ихэсч байна. Улаанбаатар хотоос цэрэгт явж байгаа хүмүүсийн 20 хувь нь их, дээд сургууль төгссөн хүн явж байна” гэв.
 
Номонд дуртай хүн
Тэрээр Монгол төрийн их баяр наадмын Хурдан морины салбар комиссын орлогч даргаар есөн жил ажиллаад байгаа юм байна. Энэ тухайгаа “Би морь уядаг хүн биш. Монголын үндэсний их баяр наадмын салбар зөвлөлийн орлогч дарга тохиолдлоор болсон. 800 жилийн ой болоод морь будилаад тэгсэн хойтон жил хурдан морины орлогч даргаар намайг тавьсан юм. Миний үүрэг бол нэгдүгээрт хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хоёрт морь будилаангүй уралдуулж, дэг журмаар хангах юм” гэв. 
 
Тэрээр ан хийх, элдэв юм цуглуулах хоббигүй гэнэ. Харин ч мэргэжлийн бус хүн буу шийдэмтэй явахад айдас нь хүрэх шиг болдог гэсэн. Тэрээр ном унших дуртайгаа хэлж байлаа. Тэрээр “Нэг номыг 20, 30, 40 настайдаа хүмүүс өөр өөрөөр уншдаг. Өөр юм ойлгодог юм” гэж ярих. Ялангуяа намтрын ном сонирхлыг нь их татдаг гэнэ. Түүнчлэн менежментийн номнууд нэлээд сонирхдог аж. Энэ мэтчилэнгээр яриад байвал номын тухай хөөрөлдөөн дуусах шинжгүй.
 
Хүүгээ цэрэгт явуулсан ч цэргийн хүн болгоогүй байна
Том хүү нь 2008 онд арван жилийн сургуулиа дүүргэжээ. Тэр үед хүүгээсээ ямар мэргэжил сонирхож байгааг нь лавлахад “Би цэргийн хүн болчих уу" гэсэн гэдэг. Тэгэхэд Ж.Болдбаатар хурандаа “Нэг гэрт нэг л цэргийн хүн болно доо” гээд болгоогүй аж. Харин Санхүү эдийн засгийн дээд сургууль төгсөөд Голомт банкинд эдийн засагч хийж байх үед нь “Сурч боловсрох нь чиний үүрэг, цэрэгт явах нь эр хүний үүрэг” гээд цэрэгт явуулжээ. 
 
Цэргийн алба хаасныхаа дараа хүү нь Автрали улсад мастерт сурахаар явсан байна. Энэ тухай тэрээр “Би хоёр хүүтэй. Том хүү цэрэгт явж ирээд сургуульд явсан. Миний хүү цэрэгт явахгүй бол ардын хүүхдийг цэрэгт яв гэж хэлэх эрхгүй шүү дээ” гэсэн юм. Харин бага хүү нь зургадугаар ангид сурдаг байна.
 
Тэрээр гэр бүлийнхээ хүнтэй цэргийн сургуулийн сонсогч байхдаа танилцжээ. Түүний эхнэрийг Доржийн Ганчимэг гэдэг. Нөхрийнх нь тодорхойлсоноор “таван цулын эмч” аж. Нэг нь цэргийн сургуулийн сонсогч нөгөө нь сувилагчийн сургуулийн сурагч хоёр танилцаж байж. Нэг сумын хүүхдүүд юм байна. Сургуулиа төгсөөд орон нутагт хуваарилагдахад эхнэр нь нэгдүгээр эмнэлэгт том гэдэстэй сувилагчаар ажиллаад хоцорч байжээ. 
 
1990 оны наймдугаар сард том хүү нь төрсөн байна. Тэрээр “Монгол цэргийн өдрийг архи ууж биш бүтээлч, омогшиж тэмдэглээсэй гэж хүсдэг. Эцгийнхээ цэрэгт байсан үеийн зургийг нь хүүхдүүд нь томоор угаалгаад сайхан жаазлуулаад өгөхөд л баярлана шүү дээ” гэснээр уулзалт дууссан юм. 
 
Ж.Баярсайхан
Эх сурвалж: "Нийслэл таймс"