sonin.mn
ТОКИО. /RIA Novosti/. Умард Солонгос уран баяжуулсны үндсэн дээр есөн цөмийн цэнэгт хошуутай болж магадгүй бөгөөд таван жилийн хугацаанд энэ тоо  100-д хүрч болзошгүй гэж Вашингтоны Шинжлэх ухаан, олон улсын аюулгүй байдлын хүрээлэнгийн захирал Дэвид Олбрайт Ёнхап агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Эдгээр зэвсгийн 40 орчим хувь нь плутони агуулах бол 60 хувийг нь зэвсгийн түвшинд хүртэл баяжуулсан уранаар бүтээнэ” гэж Америкийн шинжээчийн хэлснийг Ёнхап агентлаг уламжилсан байна.
 
Үүний сацуу Умард Солонгост 100 цөмийн цэнэгт хошуу бүтээх боломж байгаа гэдэгт зарим шинжээчид эргэлзэж байна. Үүнтэй холбогдуулан Олбрайт хэлэхдээ "Пхеньян 20 жилийн турш цөмийн зэвсэг бүтээхээр оролдож байгаа, мөн тус улс уран баяжуулах хийн нууц центрифугтай байж магадгүй, түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэгээс нууцалж буй бусад объект байж магадгүйг" сануулжээ. Олбрайтын хэлснээр, Умард Солонгосын цөмийн нууц объектууд гурван газарт байгаа гэж АНУ-ын тагнуулчид таамаглаж байна. Гэхдээ энэ нь дүрвэгсдийн өгсөн мэдүүлэг дээр үндэслэсэн таамаглал юм. Энэ мэдээллийг шалгах хэрэгтэйг тэрбээр тэмдэглэн хэлжээ.
 
2006 оноос хойш гурван удаа цөмийн туршилт явуулсан Пхеньяны эрх баригчид одоо дахин туршилт явуулахгүй гэж үзэж болохгүй хэмээн Олбрайт ярьж байна. Умард Солонгос уран баяжуулах  болон цөмийн зэвсгийнхээ овор хэмжээг багасгах тал дээр зарим бэрхшээлтэй тулгарсан байж магадгүй гэж Олбрайт үзэж байгаа аж. Түүний дүгнэн хэлснээр, Барак Обамагийн Засгийн газар Ираны цөмийн асуудалд анхаарлаа хандуулаад маш завгүй байгаа учир Умард Солонгосын асуудлыг шийдэх нь маш хүндрэлтэй ажээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: