sonin.mn
Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан ӨМӨЗО-ны Эрээн хотын Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчоонд айлчилж тус газрын дарга Юү Хонг Ли-тэй уулзалт, хэлэлцээр хийж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.  Ингэсээр монгол иргэд Эрээн хотоос бараа бүтээгдэхүүн худалдан авах, ажил үйлчилгээ авах, гүйцэтгүүлэх явцад эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд тус хотын Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчооны 12315, 7533315 гэсэн утас руу залган Монгол хэлтэй байцаагчид хандахаас гадна биеэр очиж өргөдөл гомдлоо гаргасан тохиолдолд шуурхай шалгаж, тухай бүр хохирлыг барагдуулж байхаар тохирлоо. 
 
Мөн уг уулзалтаар Монгол улсын зах зээл дээр борлуулагдаж байгаа, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байж болзошгүй бараа бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмжийн талаарх мэдээллийг үнэн бодитоор өгөх, “Монголд үйлдвэрлэв” гэсэн хуурамч шошготой бараа бүтээгдэхүүнийг таслан зогсоох, хяналт тавих арга хэмжээнүүдийг хоёр байгууллага харилцан мэдээлэл солилцож шийдвэрлэж байхаар боллоо.  Түүнчлэн Монгол улсыг урд хөрштэй холбосон 12 хилийн боомт орчмын нутагт хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон Өрсөлдөөний хуулийг хэрэгжүүлэх ажлыг харилцан уялдуулах, хуурамч бараа бүтээгдэхүүний хяналтыг сайжруулж, таслан зогсоох асуудлыг шийдвэрлэхээр тохиролцжээ.