sonin.mn
Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрөөр ШӨХТГ-ын байцаагчид Эрээн хот болон Замын-Үүд суманд ажиллах хугацаанд Монгол улсын одон, тэмдгийг Эрээний зээл дээр зарж байна гомдол гаргасаны дагуу Эрээн хотын Үйлдвэр худалдааны товчооны байцаагч нартай хамтран газар дээр нь очиж ажилласан юм. Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханаас дараах тодруулгыг авсан юм. 
 
-Монгол улсын төрийн одон, тэмдгийг Эрээний зээл дээр зарж байгаа үйлдэлтэй газар дээр нь танилцаж байна. Ямар арга хэмжээ авахаар ажиллаж байна вэ?
 
Биднийг Олон улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг угтан Замын-Үүд суман дээр ажиллаж байх үед Эрээн хотын зээл дээр төрийн одон медалийг зарж байна гэсэн мэдээллийг иргэд өгсөн юм. Тус мэдээллийн дагуу Эрээн хотын Үйлдвэр Худалдааны Товчооны байцаагч нартай хамтран шинэ, хуучин зээл дээгүүр явахад Монгол улсын боловсролын тэргүүний ажилтан, биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, тэргүүний барилгачин, тэр ч бүү хэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтны үнэмлэх, тэмдгийг зарж байгаа лангуун дээр очиж хаах арга хэмжээ авлаа. Үүний дараа Эрээн хотын Үйлдвэр худалдааны товчоо нь шалгаж, нягталж үзээд манайд хариу мэдэгдэх юм. 
 
 
-Ер нь Монгол улсын одон, тэмдгийг зах дээр зарж борлуулж байгаа нь хууль бус үйлдэл гэдэг нь тодорхой байна. Үүнийг ингээд заруулсаар байх уу?
 
-Монгол улсын засгийн газрын гишүүний шийдвэрээр олгогдог шагнал, тэмдгүүдийг зарж байгаа үйлдлийг газар дээр нь таслан зогсоолоо. Ямар ч байсан Үйлдвэр худалдааны товчоо нь шалгаж, нягталж үзээд манайд мэдэгдэнэ гэсэн. Тиймээс Эрээний талаас шалгасаны дараа ямар хариу арга хэмжээ авснаа та бүхэнд эргээд мэдээлэх болно. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтны үнэмлэх, тэмдэг борлуулагдаж байгаа нь үнэхээр ноцтой асуудал. Уг байгууллагын одон тэмдгийг хэн нэгэн этгээд худалдаж аваад зүй бус зүйлд ашиглах асуудал гарч магадгүй. Иймд энэ асуудлыг бүр мөсөн таслан зогсоох ёстой гэсэн байр суурьтай байна. 
 
-Монгол иргэд Хятадын талд хохиролоо шийдвэрлүүлэх талаар ханддаг байна уу?
 
Тийм тохиолдуул их байдаг юм байна. Бид Эрээн хотын Үйлдвэр худалдааны товчоонд ирсэн иргэдийн өргөдөл гомдлыг судалж үзээд заримыг нь газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээ авлаа. Тухайлбал Эрдэнэт хотын оршин суугч хоёр сар гаруйн өмнө 9 орчим сая төгрөгөөр тавилга ачуулсны зарим хэсэг нь ачигдаагүй байсныг Үйлдвэр худалдааны товчоонд нь хандаж уг иргэний үлдсэн тавилгыг шуурхай ачуулж хохиролгүй болгох арга хэмжээ авлаа. 
 
-Хуурамч шошготой бараа бүтээгдэхүүнийг илрүүлэхэд дэмжлэг болж ажиллаач гэж Эрээн хотын Үйлдвэр худалдааны товчоонд хүсэлт тавьж байсан?
 
Эрээний зээл дээгүүр тэмээний ноосон хувцас, ноосон эдлэлүүдийг “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготойгоор зарж байна гэсэн гомдлыг манай үйлдвэрлэгчид тавьсан. Энэ дагуу бид Хөх хот болон Эрээн хотын Үйлдвэр худалдааны товчоонд хүсэлт тавьж хуурамч шошго, тэмдэгтэй бараа бүтээгдэхүүнийг зах зээлээс татуулах, хилээр нэвтрүүлэхгүй байх тал дээр хамтран ажиллахаар болсон байгаа.
 
Таньд баярлалаа